Норовын Гантулга: Үе үе Сүүеэгээ, Долгорын Нямаа ахыгаа бодож, Арлааны Эрдэнэ-Очир ахыгаа, Хөөдөөгийн Эрдэнэбаатар ахыгаа санаж би уйлдаг
Ярилцлага
/
2020-06-30

“Болор цом”-ын эзэн, МЗЭ-ийн шагналт яруу найрагч Булган хангайн хүү Норовын Гантулгатай уулзаж хөөрөлдлөө. Тэрээр саяхан “Өндөр их Алтайн оргилоос” хэмээх хөрөг, нийтлэл, аян замын тэмдэглэлүүд багтсан туурвилаа уншигчдын хүртээл болгоод буй юм.

 

-“Өндөр их Алтайн оргилоос” номоо гаргачихаад сэтгэл өндөр сууна уу?

-Ном бүтээхийн шаналант аз жаргалыг та мэднэ дээ. Өндөр их Алтайгаар титэмлэж их утга зохиолын бурхдаа хөрөглөсөн эл бүтээлээ гаргачихаад сэтгэл хөхиүн баясалтай байна. Хүнд бах ханана гэж байдаг бол тэр нь болсон мэт санагдана. Гэхдээ энэ бол яруу найрагч, уран бүтээлч хүний хувьд сэтгэл ханаад зогсчихож байгаа юм биш. Одоо ингээд боллоо гэж өөрийгөө жаргалтай нь аргагүй чөлөөлчихөж байгаа зүйл бүр ч биш. Харин ямар нэг зүйл рүү зорьж, эцэж цуцахаа мэдэлгүй тэмүүлж, унаж яваа морио зүтгүүлж буйн хувьд нэг даваан дээр гарлаа. Тэгээд түр зуур амсхийх шиг тийм л мэдрэмж төрж байна. Энэ номын амин сүнс бол их утга зохиолын бурхдаа хөрөглөж, авьяас билэг, алдар сууг нь бага ч атугай дуурсгасанд оршиж байгаа болов уу. Монголын тэнгэртэй найрагчдын, утгын их мэргэдийн алтан сүнс өчүүхэн намайг харж байгаа хэмээн омойтож сууна. Номоо гаргачихаад дүү нь баярлахын зэрэгцээ нэг их гуниг гутралд автсаан. Зүрхнийхээ тольтод хадгалж хайрладаг Сүүеэдээ номын дээжээ барья гэтэл Сүүеэ минь алга. Долгорын Нямаа ахдаа долгилсон халуун сэтгэлээр очьё гэтэл алга. “Хөшөөтийн голын хүү чинь ийм нэг ном гаргачихлаа, энэ дунд өөрийг тань бас бичихээ мартсангүй” гэж эрмэг бадрангуй Зундуйн Дорждоо гүйгээд очье гэтэл алга байна. Ийм л гунигтай байна. Гэхдээ хүний хорвоогийн жам хойно яалтай. Инээд, нулимс хоёрын дунд агсагдаж яваа хүүгээ тэд харж байгаа гэдэгт итгэнэ.   

-Сайхан даа, дүү минь. Номондоо хэн хэний тухай бичиглэв гэдгээ дуулгахгүй юу. Ганц нэг гарчиг гүйлгэж харахад “Сэрүүн Галттай нутгаа сэтгэл сэнсэртэл санадаг Сэнгийн Эрдэнэ”, “Монголын их утга зохиолын ялгуусан хувь заяаны эзэн Шаравын Сүрэнжав” гэх мэт алтан үеийн аваргасын тухай сайхан хөргүүд байна?

-Тийм ээ, их утга зохиолын бурхдын хөрөг маань Эрдэнэ баавайгаар эхэлсэн. Хүн хүнд өөр өөрийн Нацагдорж байдаг шиг өөр өөрийн Эрдэнэ гэж бий. Надад ч гэсэн өөрийн Эрдэнэ гэж бий. Миний Эрдэнэ сэтгэлд минь хэрхэн амилсан бэ гэвэл гуравдугаар эмнэлгийн уушигны тасагт астма бронхит өвчтэй хэвтэж асан намрын эхэн сарын тэр өдрүүдийг хэлнээ. Намайг эмнэлэгт хэвтсэнийг сонсоод Долгорын Цэнджав, Намбарын Пүрэв гээд сэтгэл ойр явдаг олон ах нар, анд нөхөд минь эргэж ирсэн. Цэнджав ахад ном захьтал Сэнгийн Эрдэнийн “Тэнгэрийн хөвүүний эцэслэл: Хар хун шувуу”, элэгний Шаагаа буюу Маналжавын Шагдарсүрэнгийн “Сэтгэл гэгээрээсэй” тэргүүт ботиудыг авчирч өгдөг юм. Бага насны амьдралаа зурагласан “Хар хун шувуу” баримтат эсээ тууж өчүүхэн миний сэтгэлд Сэнгийн Эрдэнэ хэмээх аугаа ертөнцийг нулимстай суулгаж өгсөн дөө. Өвчиндөө шаналж, хоолой боочих гэж амихандаа сандран хоёр хамар таг битүү, хоёр нүд улаанаар эргэсэн тийм цаг дор Эрдэнэ баавай гэрэлт дүрээрээ надад амилж, Сэрүүн Галттайнхаа сэтгэл нялхруулсан зөөлөн салхийг амсуулж, Онон мөрний тунгалаг долгисоор цээж норгосон. Хоёр өдрийн туршид нус нулимстайгаа холилдон уншиж, ялангуяа аавыг нь жаалхан хүүгийнх нь нүдэн дээр үүрд аваад явж буй хэсгийг өр өмрөн хэлтэлж гадагшаагаа ч, дотогшоогоо ч  мэлмэрүүлж орхив. Ингэж Эрдэнэ баавай минь миний зүрхэнд гулсан гулсан орж ирсэн юм. Түүнээс Монголын уран зохиолын нялх жулдрай надад Эрдэнэ баавайнхаа гэрэлт дүрийг харах тийм хувь хаанаас байх вэ дээ. Харин “Хатуу жил Фузияамад авирсан нь” нийтлэлийг одоогийн миний ажиллаж буй “Өдрийн сонин” тухайн үеийн “Ардын эрх” сонинд цувралаар хэвлэгдэхэд нь дугаар алгасалгүй уншиж байлаа. Ерэн найман оны намар, наймдугаар ангийн сурагч намайг хөдөө гэртээ очиход ээж сонины дугаар бүрийг хадгалчихсан байна. Түүнийг нь шуудайнд хийж ганзагалаад сумын төв рүү давхина. Эргэн санах нь ээ, Эрдэнэ баавайгаа “ганзагалаад” л давхиж явсан байдаг. Сүүеэ(Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжавыг хэлж байна. Л.Б)-гийнхээ тухай, Долгорын Нямаа ахынхаа тухай ярина гэвэл барагдахгүй. 2018 оны есдүгээр сарын дундуур 80 насных нь ойд зориулж “Монголын их утга зохиолын ялгуусан хувь заяаны эзэн Шаравын Сүрэнжав” гэсэн хөрөг бичлээ. Тэр үед мань хүн биеэ тэнхрүүлэх санаатай Японд очтол далайн хар шуургатай золгож “Ингээд хүний газар ясаа тавьдаг юм байна” гэж бодон сэтгэл гундуу үед нь миний хөрөг гарч л дээ. Охин Өнөрсайхан нь сонин явуулсан юм билээ. Японоос ирэнгүүтээ намайг гэртээ дуудууллаа. Том охин Хишигсүрэн нь ирчихсэн, бага охин Өнөрөө нь хоол унд гээд хэдүүлээ Цэндээ эгчийгээ ярьж уйлалдаад, Сүүеэгийнхээ “Би тэнгэрийн хүү” шүлгийг нь уншиж омогшоод, бүтэн өдрийн хугаст гэрт нь дуу шуу болж өнжсөн. Яг мордохын даваан дээр Сүүеэ “Ганзагалаанд чинь нэмэрлэж байна шүү” хэмээн шил юм атгуулж, намайг үнсээд хоцорсон юм. Тэр бол сүүлчийн уулзалт, сүүлчийн үнсэлт байсаан. Үе үе Сүүеэгээ, Нямаа ахыгаа бодож, Эрдэнэ-Очир ахыгаа, Хөөдөөгийн Эрдэнэбаатар ахыгаа санаж би уйлдаг. Уйлаад чиг яахав, бүтээл туурвилаа улам сайн хийж, хүмүүний сэтгэлийг дулаацуулахыг бодох юм. Эх хэлнийхээ яруу тансаг хийгээд охь дээжсийн сайхныг бусдад бүлээн сүү мэт уулгаж, тагнайд нь үгийн сувдан сондрыг шигтгэж үлдээхийг эрмэлзэх  юм. Нямаа ахын тухай гурван цуврал “Дэлхийн гарамгай найрагч Долгорын Нямаа” гэх алтан титэм дор уг номонд орлоо. Эхнийх нь Нямаа ах бид хоёр Дэл Хөл хөнжлийнх нь уулс, Баянхайрханд очсон тэмдэглэл, харин сүүлчийнх нь Нямаа ахыгаа эзгүйд Өлзийт сумын сургууль түүний нэрэмжит болохуйд явж ирээд бичсэн “Шөнийн талд адуу янцгаана найргийн шүншигтэй Долгорын Нямаагийн сургууль” гэх нулимст тэмдэглэл маань юм. “Сутай хайрхан уул буюу Бямбажавын Хүрэлбаатар”, “Шанхны үзүүрийн чичиргээ буюу Зундуйн Дорж”, “Дэрэнгийн хар азарга буюу Цэндийн Чимиддорж”, “Хайрын дулаан хорвоо буюу Эрэнжидийн Хархүү” гээд хөргүүд орсон. Мэдээж Дөнгөтийн Цоодол, Пунцагийн Бадарчаа оруулж таарна. Үнэндээ би хайртай хүмүүсээ Аким ахын хэлснээр “Голт зүрхнийхээ тольтод шингээн” бичлээ.

-Номын тань өмнөтгөлд соёлын гавьяат зүтгэлтэн Готовын Аким ах “онгод билгийн нисдэг хөлгөөр авьяас билэгтнүүдийг зорин дүүлсэн” гэх утгатай их сайхан зориулал бичсэн харагдав уу даа?

-Номын өмнөтгөлийг хэн нэгнээр бичүүлж таарна. Хэн байдаг билээ гэж бодож байгаад Аким аваргыг налж унасан хэрэг. “Цаазын тавцан”, “Зуун жилийн ганцаардал” зууны сонгодог хоёр романыг эх хэлнээ зэрэг орчуулан оюуны бяртай аавын хүү гэдгээ харуулан Монголын уран зохиолын сан хөмрөгт үнэтэй гавьяа байгуулсан нэрт гүүш, бичгийн их хүмүүн өчүүхэн миний бүтээлийг өндөрт үнэлсэнийг хараад зүрх чичирхийлж л байлаа. Аким ахад энэ хавар номын эх болох баахан навсархай цаас аваачаад өгөв. Маргааш өглөө нь хар эртээ утас хангинаж байна, хартал Аким аварга залгаж байх юм. Палхийгээд явчихлаа, би ийм юманд үг бичихгүй, цагийн гарз гэж хэлэх нь үү гэж айн түгшин утас автал “Хөөе нөхөр минь чи, миний хэдэн нөхдийг зүрхнийхээ тольтод шингээн бичжээ. Ойрд нөхдийнхөө тухай бичсэн ийм халуун дурдатгал уншаагүй юм байна. Зарим үед ч нүдний нулимс гарлаа, зүрхний нулимс гарсан байхаа ч магадгүй. Би өнөө өглөө таван цагт босоод ганцхан амиар биччихлээ. Чи над руу имайл хаягаа явуулна уу” гээд араагаа гартал тас тас инээж, сэтгэл нэн таатай байгаа нь намайг үлэмж ихээр баярлуулж, сэтгэлд гэгээ бялхуулсан. Үнэндээ Аким аварга их баярласан нь “Онгодын гуурс хүлгээр дүүлэхүй буюу зүрхэн тольтын цэцгэн бичээс” гэх өмнөтгөлийн үг бүрээс нь мэдрэгддэг. “Түрүү үеийнхнээ тэвхгэр цээжиндээ тээж, туурвил зүйнх нь тэнүүн ертөнц рүү нэвтэрч, тунгалаг яруу үгсээр тэднийгээ мялаан, төрсөн гайхалт нутгийг нь хээн шигтгээгээр мэтгэн дурсана гэдэг дэндүү хүн чанартайнх, бас дэндүү ухаан задарсных даа” гэх үг нь надад мөн ч олон зүйлийг бодогдуулсан. “Өндөр их Алтай”-гаа Аким ахад атгуулах хувь надад бас байжээ гэж боддог. 2012 оны хавар миний бие хангайн сайхан нуруу Бөхөн шарын тэргүүн дээр гарч хуучин цагт долоон хошууны нутаг илхэн харагддаг энэ их уулсын тэргүүн дээр хангайн хөхөмдөг уулс хөлийн дор усан торго шиг гүйлгэнэж ахуйд “Уулсын сэтгэлгээний тэлэлт” гэх зүйл зүрхний урагдалт адил сэтгэлд мэдрэгдсэн. Тэрхүү мэдрэмж хадгалаатай яваад намрын сартай золгосон. Нэг орой Аким ахын Ховдын Мөнххайрханы тухай бичсэн “Цаст цагаан уул цадиг түүх хүүрнэнэ” гэх сонины хоёр нүүр орчим нийтлэлийг  олж уншихуй дор өнөө “Уулсын сэтгэлгээний тэлэлт” чинь бүр улмаа урагдаж, Улаан хадыг минь голоор нь цуулаад хаячих шиг болж, тэр шөнөө би шүлэг бичсэн сэн. Уг шүлэг минь надад эгшиглэнт Янжинлхам бурхны гэгээн өлмийд сөгдөж, гэртээ “Болор цом” залах хувь ерөөлийг авчирсан. Энэ тухайгаа би Аким абугайд сүүлд дуулгахад манай хүн бас л баяртай нь аргагүй тас тас инээж Идэрийн голын хөвөөнөө “Туульс хайлдаг уулс” номондоо “Уулсаа дуурсгаж явъя, хоёулаа” хэмээн өөртөө ойртуулсан халуун дулаан үг бичиж өгсөн сөн. Ингэж намайг “Болор цом”-той болгосон уулсын дууч Аким “Өндөр Алтай”-г минь шүншиглэсэн нь эртний ерөөл байлгүй.

-Өөртэй чинь нэгэнтээ “Уран бүтээлчид улсын торгон хилээр” аялалд багтаж Баруун Алтайн чинад бас ч үгүй олон хоног дөрөө харшуулж байсан сан. Аяны дөрөө мулталсан алтан шар замын тэмдэглэлүүдээсээ номондоо багтаав уу?

-Зохиолчдын халуун голомт төрсөн бууцанд нь очиж, сэвлэгнийх нь үнэр шингэсэн салхийг нь амсаж, шүлэг найргийг нь дуудан онгод юуг нь сэрээж бичсэн яруу найрагчийн туурвилууд багтсан. Энэ ном сэтгүүл зүйн бүтээл биш. Яруу найрагчийн зүрхний бичлэг юм. Аян замын туурвилаа ч би яруу найрагчийн халуун сэтгэлээр бичсэн гэж хэлэх байна. Яруу найрагч Чойжилын Дамдиндорж нэгэнтээ “Чиний аян замын туурвилууд дандаа эрдэнийн чулуугаар өрчихсөн суварга шиг” гэж хэлж байсан удаатай. Гэхдээ би омгорхож бардамнаж байгаа юм биш. Зүгээр л эл номоо сэтгүүл зүйн бүтээл биш гэж хэлэх гээд байгаа ухаантай. Агуу их Лодойдамба гуайнхаа 100 жилийн ойгоор Урианхай ах, Чилаа ах, Бавуу ах бидэн нэг машинд суудал зэрэгцэж намрын хонгор өдөр домогт Хантайширын нурууны оргил тэргүүн дээрээс Алтайн их уулсыг халиаж билээ. Тэрхүү өдрүүдийг сэтгэлдээ эргэн бодоход нэг л сайхан. Хантайширын нуруун дээр Алтайн салхинд алгадуулж зогсоход дэргэд минь Санжийн Пүрэв баавай өнөө л нургилсан хоолойгоор Хар азаргын нуруу, Дарвийн нуруугаа харж “Хамаг сэтгэл тийшээ нисчих юм” гээд бүлээн дулаан хэлж байсан сан. “Азын цэнхэр уул” Пүрэв баавайтайгаа Сутай хайрхны мөнгөн гилбэрт хаш цагаан оргилыг харан баяссан цаг мөч сайхан байхаас яахав. Тэгж л би Лодойдамба гуайнхаа төрсөн бууц Сүхийн хоолойд их утга зохиолын бурхадтай хөл тавьсан. Дараахан нь цас будагнасан намрын тэр орой Монгол найргийн дархан цэц Дэндэвийн Пүрэвдоржийн онгод билгийнх нь оргил шүтээн Эрээн уулыг Шартын давааны хөтөл дээрээс харахад ямархан байсан гэж санана. Шарлингийн голыг дуу шуутайхан гаталж явахад Пүрэвдорж гуайн минь сувдран асгарах шүлгийн мөрүүд зүрх рүү одод шиг гулсан, нулимстай урсаж байсан. Тэгвэл өнгөрөгч жилийн намар Монгол найргийн эрдэнийн титэм “Сэгс цагаан Богд” найраглалын 50 жилийн ойд уригдаж, их говийн сүр сүлдэт хайрхан Залаажинстийн өндөрлөгөөс намрын говийг сэтгэл сэнсрэн харж зогссон билээ. Монголын тэнгэртэй сайхан уул Сэгс цагаан Богдын хаяанд Долгорын Нямаа ахыгаа, Пүрэвдорж гуайгаа бодож сэтгэл нулимстан, домогт найраглалын гантиг цагаан хөшөөний алтан туузыг хайчлахад цээжинд нэг л ер бусын баяр бахдал төрж байв. Тэмээчин бүсгүй Надмидын Сүхбатад “Долгорын Нямаагийн чинь хүү байна” гэж хэлээд хацраа үнсүүлсэн намрын халуун үдшийг мартамгүй. Сэгс цагаан Богд руу Пүрэвдорж гуайнхаа хоёр охинтой, Дамбын Төрбат ахтайгаа дөрөө харшуулсан. Жулдрайхан намайг Хишиг-Өндөрийн сургуулийн аравдугаар ангийн сурагч ахуйд Дашзэвэг захирал маань “Зохиолчдын бараа харуулна” гээд Дашинчилэн рүү авч очлоо. Дашинчилэнгийн сургууль Сономын Удвал гуайн нэрэмжит болсон баяр. Тэнд би Цоодол, Урианхайг харан биширч өөрийгөө яагаад ч яруу найрагч болж чадахгүй юм шиг шалдаа бууж, ёстой нөгөө хий нь гарсан гүзээ шиг шалчийсан юм. Дашинчилэнгийн соёлын төвд зохиолч уншигчдын уулзалт болж Төрбат ах хөтөлж байв. Дашзэвэг захирал “10а ангийн сурагч Гантулгаар шүлэг уншуулж өгнө үү” гэх хүсэлтийг хөтлөгчид өгч орхив. Тэгж л Удвал гуайн нэрэмжит баярын утгын их мэргэд чуулсан алтан тайзнаа өчүүхэн намайг зарлаж гаргасан хүн минь Төрбат ах юмсан. Энэ л учралыг хоёул Сэгс цагаан Богдын хаяа бэлд ярьж явлаа. Ирээд гурван цуврал бичсэн нь уг номонд орсон. Та асуулаа л даа, эх орныхоо баруун хилээр явсан тухай. Хилийн цэргийн хурандаа Моломын Баатарсүрэнгээр ахлуулаад бид хичнээн сайхан явлаа. Тэр тухай “Аж Богдын буурал тэргүүнийг ахин нэг харах юмсан” гээд бас бичлээ. Ээж хайрхны театр хаданд Эрдэнэ-Очир ах бид хоёр шүлгээ уншаад л. Та тэр тухай мөн ч гоё тэмдэглэл бичиж билээ. Ээж хайрхнаас хэдүүлээ оддын туяатай хөдлөөд Говь-Алтайн Алтай сум, Аж Богд хүрсэн дээ. Элгэн усны заставт алба хаасан Шаравын Батжаргал ах маань заставын хамт олондоо араажавын зай, дугуй булант цай, 10 мянгатын дэвсгэртийг ном бүтээлийн дээжтэйгээ барихад цээж огшиж байсан. Алдарт Бор цонжийн говь, Хонин усны говийг туулж Байтаг Богд хүрснээ бодоход мөн ч тэнгэртэй шүү. Баруун Алтайн уулс ер бус. Ямар сайндаа Урианхай ах замд “Би бүсгүй хүнд дурлахаа болилоо. Би ууланд л хайртай боллоо” гэж зүрхнээсээ дуу алдаж байхав дээ.

-Галсан багш та хоёр миний мэдэхийн Идэрийн голоор явж байсан. Тэр жил Эргэлийн зоо, Сулинхээрээр бас явсан санагдана?

-Тангадын Галсан гуайтайгаа олон чиг аян замд ганзага нийлж явна. 2018 онд гэхэд таван удаа аян зам нийлсэн байдаг. Алтай таван Богдын Алтан бэл Өлгий хотод дэлхийн яруу найргийн өдрөөр онгоцоор бууж, намар нь Барнангийн Доржпаламын нутаг Говь-Угтаалын эрдмийн чуулганд заларч, өвөл нь баатар ван Наваан-Юндэн гуайн ойд Сэлэнгийн Сүхбаатарт цас манарган бууж билээ. Тэр бүхнээ би бичсэн. Утга зохиолын сургуулийн хоёрдугаар ангийн оюутан хүү “Болор цом”-ын эзэдтэй Хөтөл хотод “Уран үгсийн чуулган”-ы тайзнаа шүлгээ унших хувь тохиосон юм. Хөтөлөөс буцах замд Галсан гуай, Цоодол багш хоёртой нэг машинд таарлаа. Хараа голын хөвөөнөө түрхэн саатахад Галсан гуай өврөөсөө алтан аягаа гарган “аршаан” дүүргэн бариад “Хүү минь чи Монголын их утга зохиолын босгыг алхах гэж хаалгыг нь онголзуулан зогсож байна. Хойморт нь чиний багш өндөр Цоодол, өөлд өвгөн Галсан хоёр хүссэн хүсээгүй сууж таарна. Чи Цоодолыг түшсэн чинь зөв. Хүн яруу найрагч болдоггүй юм шүү. Эхлээд хүн болох хэрэгтэй байдаг юм. Хүн болсны дараа зүрх сэтгэл чинь чамайг найрагч болгоно” гэж хэлж билээ. Эдүгээгээс арван найман жилийн өмнө хэлсэн энэ үгийг би дандаа боддог. Хүн болж яваагийн минь утга учир намайг утга зохиолын бурхадтай аяны ганзага нийлэх хувь заяанд хөтөлдөг юм болов уу. Сонирхуулахад, би гэдэг хүн буурал Европын мөнгөн титэм Парисаас аваад багагүй олон оронд хөл тавьжээ. Гэвчиг “Өндөр их Алтай”-д “Зөөлөн цагаан цас бударсан Эрхүүгийн гудамж”, “Ази Европыг холбосон Истанбулын тэнгэр дор” гэх хоёрхон тэмдэглэл оруулсан. Тэр жилийн дүн өвлөөр Бавуугийн Лхагвасүрэн, Нацагийн Жанцанноров, Жүгдэрдэмийн Гүррагчаа гэсэн гурван их аваргатай тэнгэр хөрөөдсөн Алтайн нурууг давж Иссык-күл нуураар өртөөлөөд Истанбулд хөл тавьж билээ. Ингээд ярьвал олон чиг тэмдэглэлийнхээ зах зухаас хэлэх байна даа.

 

Ярилцсан МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн БАТЦЭНГЭЛ

    

Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.187.24)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.