Б.Дэлгэрсайхан: С.Баярцогт ҮХЧИХЭЭГҮЙ БОЛ энэ талаар тайлбар хийнэ биз...
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-06-30

 УИХ-ын гишүүнээр хоёр дахиа сонгогдсон Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийлээ. Тэрбээр “Олон нийтийн сүлжээгээр хэдэн өдөр тавилттай жүжиг явлаа. Энэ жүжгийг иргэд ч гадарлаж байгаа байх. 2016 онд С.Баярцогтыг гишүүн байхад Туяацэцэг, “Цэнхэр үст” Цэрэн, Швейцарын иргэнтэй хамтран, ийм нөхдүүд зохион байгуулалттайгаар “намнасан”. Яг тэр жүжгийг над дээр хийж байна. Үүний ард өмнөх парламентад надтай сууж байсан залуу улс төрч бий. С.Баярцогтыг асуудал дээр ч тэр санхүүжүүлсэн. Өнөөдөр бас над дээр ингэж байна. Мөн хууль, хяналтын байгууллагын удирдлагад байсан хүмүүсийн оролцоо бий. Би бүгдийг нь мэднэ. Би Монголын АТГ, Английн тагнуул, Швейцарын прокурор, Хонконгийн АТГ зэрэг олон байгууллагад шалгуулсан. Би дэлхийгээр шалгуулсан. Ийм олон байгууллага шалгаад, буруугүйг маань тогтоосон болохоор би нүүр бардам байна. Яагаад гэвэл намайг бүх талаар шалгасан. Одоо өөр юу хүсээд байгааг би ойлгохгүй байна. Үүний ард ямар нэгэн ашиг сонирхол бий. Өмнө нь ч гэсэн тэд С.Баярцогтоос их хэмжээний мөнгө нэхсэн. С.Баярцогт үхчихээгүй байгаа болохоор энэ талаар өөрөө ярих байх.

Өчигдөр орой сүүлд хийсэн лайвыг нь үзлээ. Монгол Улсад хийж бүтээсэн нь гутаан доромжлуулдаг юм байна. Эх оронч болж жүжиглэн, юу ч хамаагүй ярьдаг нь эх оронч болж харагддаг юм байна. Намайг гүтгэсэн Цэрэндолгор, Швейцарын сэтгүүлч эмэгтэйг шүүхэд өгсөн. Баярцогт болон бусад хүн “Рио тинто”-гоос авсан авлигыг намайг зуучилсан гэж яриад байх шиг байна лээ. Намайг С.Баярцогтод хахууль өгсөн гэх яриа ч гарсан. Би 2004 онд уул уурхайн бизнест орсон. Тэр үед С.Баярцогт хэн ч биш байсан, гудамжинд явж байсан. Та нар мэдэж байгаа. Ямар хэрэгтэй гэж би тэр хүнтэй холбогдох юм бэ. Би Баярцогтод 8.2 сая ам.доллар зээлүүлсэн нь үнэн. Баярцогт хагас жилийн дараа буцааж өгсөн нь үнэн. Үүнийг мэдсээр байж зориуд мушгин гуйвуулж байгаад гайхаж байна.

Тийм учраас Швейцарын сэтгүүлчийг Швейцарын шүүхэд, намайг бүтэн 3-4 өдөр тавилттай жүжгээр лайв хийсэн “Цэнхэр үст” Цэрэндолгор гэдэг бүсгүйг хуулийн байгууллагад шалгуулахаар өгснөө мэдэгдье. Намайг гадны байгууллагууд шалгасан бичиг энэ байна. 2019 оны арванхоёрдугаар сарын 23-нд Швейцарын прокурорын газраас бичиг илгээн, миний дансы битүүмжлэлийг цуцалснаа мэдэгдсэн. Герман хэл дээр, факсаар ирсэн баримт. Швейцарын прокурорын өмнөөс Цэрэндолгор хариу өгөөд байгаад гайхаж байна. Тэр Цэрэндолгор “Дэлгэрсайханд баримт байхгүй” гэж байна лээ. Надад баримт бий. Энэ баримтад бүгд тодорхой бий гэлээ. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.220.245.233)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.