С.Одонтуяа: Та нарт боломж байсан ч ажил хийгээгүй. М.Оюунчимэг: Та битгий улстөрж
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-02

УИХ-ын анхдугаар чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын дэд дарга нарыг баталлаа. АН УИХ-ын дэд даргад УИХ-ын гишүүн С.Одонтуяаг санал болгон болгосон бол МАН-ын Удирдах зөвлөлөөс УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг УИХ-ын дэд даргад дэвшүүлсэн юм. Тэднийг УИХ-ын Дэд даргаар батламжлах эсэхийг хэлэлцэж, гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийлж байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: УИХ-ын дэд даргаар сонгогдож байгаа Т.Аюурсайхан, С.Одонтуяа нарт амжилт хүсье. УИХ-ын Дэд даргад хоёр дахь удаагаа эмэгтэй гишүүн орж ирж байгаад баяртай байна. С.Одонтуяа гишүүнээс асуух асуулт байна. Өнгөрсөн жил бидэнд хүүхдийн аюулгүй байдал, хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцэх асуудал нилээн амаргүй байсан. Төсөв нь хасагдсаар 800 сая төгрөг хүрэхгүй, бүр буурсан. УИХ дахь 13 эмэгтэй гишүүд нийлж байгаад хүүхэд хамгаалах чиглэлийн төсвийг 7.9 тэрбум төгрөгт хүргэж чадсан. Одоо үүнийг хөрсөн дээр нь буулгаж хүүхэд хамгаалал чиглэлд ажиллах, энд тэнд камержуулалт хийх зэрэг асуудал их байгаа. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэл тал дээр байр суурийг нь сонсоё.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монголын улс төрд эрх мэдэл дутаагүй, мөнгө дутаагүй, ганц сэтгэл л дутаж байгаа. 2012-2016 оны парламентад хууль батлуулахад тун хэцүү байсан. Их олон нам, бүлэгтэй байсан хэдий ч эмэгтэй гишүүд нам харгалзахгүй хамтран ажиллаж 30 гаруй хуулийг батлуулсан. Хүүхэд хамгаалал, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлуулсан байдаг. Тухайн үед Гэр бүлийн тухай хуулийг батлуулж амжаагүй. 2016-2020 оны парламентын эмэгтэй гишүүд олуулаа, нэг намынх байсан ч хангалттай ажиллаж чадаагүй. Дорвитой ажил хийгээгүйд туйлын харамсаж байгаа. Та нарт маш их боломж байсан. Харин одоо нам харгалзахгүй хамтран ажиллаж, олон чухал асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Гэр бүлийн тухай хуулийн батлуулах хэрэгтэй байна. Монгол Улсад өнөөдөр жилд 3000-4000 гэр бүл салж байна. Хүүхэд харах үйлчилгээг сэргээх, ээжүүдээ ажилтай орлоготой болгох хэрэгтэй байна.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: С.Одонтуяа гишүүнийг ингэж улс төржиж байгаад харамсаж байна. Хууль батлуулахдаа төсөв тавиагүй байсан. Сэтгэл биш мөнгө дутсан байна лээ. Таныг ингэж хариулж байгаад харамсаж байна. Танаас арай өөр хариулт хүлээж байсан юм. 

УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Би 13-р тойрог Сэлэнгэ аймгаас сонгогдсон. Манай тойргоос сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүн өчигдөр тангаргаа өргөж чадсангүй. Шүүх хууль зөрчиж хорьсон гэдгийг маш олон хуульчид хэлж байна. Маргааш шүүх хурал болно. УИХ-ын дэд даргаар сонгогдвол энэ асуудалд ямар арга хэмжээ авч, УИХ-ын гишүүдийг төлөөлж, ямар байр суурь илэрхийлэх вэ?

УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Жаргалтулгын Эрдэнэбатын асуудлаар би байр суурь илэрхийлэх нь зохимжгүй. Т.Аюурсайхан дарга хариулах нь зүйтэй байх. Гэхдээ энэ удаагийн сонгуулиар хууль зөрчиж олон хүнийг хорьсон. Сонгуулийн санал хураалтад нөлөөлсөн гэж нам, эвсэл, бие даагчид ярьж байгаа учраас энэ асуудлыг эцэслэх ёстой. Манай намаас ажлын хэсэг гарч ажиллаж байгаа. Хэрэв сонгуулийн тогтолцоонд алдаа байвал орон нутгийн сонгуулиас өмнө хуулиа өөрчлөх ёстой.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.178.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.