Ж.Эрдэнэбат: ХОРИГДОЖ байгаа тул гишүүний ТАНГАРАГ өргөж чадаагүй
Үйл явдал
/
2020-07-03
УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурал өнөөдөр болж байна.

Шүүх хуралд шүүгдэгч Ж.Эрдэнэбат оролцож буй гэх мэдээлэл байна.  Харин шүүх хурал болж байгаа байрны гадаа жагсаж буй Сэлэнгэ аймгийн иргэд “УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг чөлөөл” хэмээн шаардлага тавьж байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 10 тэрбум төгрөг байршуулаагүй гэсэн шүүхийн шийдвэрийг үндэслэн зургадугаар сарын 12-нд цагдан хорьсон.  Үндсэндээ 20 шахам хоног Урьдчилан саатуулах байранд хоригдоод байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг шүүнэ

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.07.02/ 11.00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн. Түүнийг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг Тост, Тосон бумбын нуруун дахь XV-020922 дугаар бүхий тусгай зөвшөөрөлд хамаарах газрыг өөрийн болгосон гэж үзэн буруутгаж буй. Харин УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат "Төрийн холбогдох байгууллагуудын судалгааг үндэслэн Засгийн газар шийдвэрээ гаргасан. Уг лиценз нь миний хамаарал бүхий компанид ч шилжээгүй, тэгээд ч лицензийг нь авсан компани хайгуул хийхэд нөөц нь тогтоогдоогүй тул улсад буцаан өгсөн байдаг" гэх тайлбарыг хийж ирсэн билээ.

Шүүх энэ асуудлыг өмнө нь буюу өнгөрсөн зургадугаар сарын 22-нд хэлэлцэхэд шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарын өмгөөлөгч нар “хэргийн материалтай танилцах боломж олгож, шүүх хуралдааныг боломжит хугацаагаар хойшлуулж өгнө үү” гэх хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авч, долдугаар сарын 2-н болгон хойшлуулсан билээ.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг 2020 оны сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхад нь саатуулан хорьсон үйлдлийг Сэлэнгэ аймгийн иргэд буруутгаж буй. Түүнчлэн хуульчид “УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байгаа нэр дэвшигчийг саатуулан хорьсон нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулийг зөрчсөн үйлдэл болсон” гэж тайлбарлаж байгаа. Сэлэнгэ аймгийн иргэд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх байрны гадаа цуглан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг суллахыг шаардан, жагсаж байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан ч Урьдчилан саатуулах байранд хоригдож байгаа тул УИХ-ын гишүүний тангараг өргөж чадаагүй байгаа юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.137.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.