Далайн тээврийн өргөн боломжийг Монгол хүртэх үү?
Үйл явдал
/
2020-07-03
Шанхай хотоос Тяньжин хот руу 40 тоннын чингэлэг далайгаар тээвэрлэхэд дунджаар 500 ам.долларын өртөгтэйгээр 5-7 хоногийн хугацаанд боомтод хүргэдэг бол авто тээврээр 2000 ам.доллараар 2-3 хоногт тээвэрлэдэг

Монгол Улс далайд гарцгүй 49 улсын нэг. Тэдний 32 нь хөгжиж байгаа болон ядуу буурай орнууд байгаагаас харахад газар нутгийн байршил тухайн улсын хөгжилд ямар чухал ач холбогдолтой болохыг ойлгож болно. Учир нь дэлхийн бараа, бүтээгдэхүүний 80 хувь нь зөвхөн далайгаар тээвэрлэгддэг. Далайн тээвэр нь хамгийн хямд зардалтайгаас гадна овор ихтэй ачаа барааг тээвэрлэхэд нэн тохиромжтой. Хэдий чинээ далайгаас хол байна төдий чинээ гарах зардал, цаг хугацаа, түүнтэй уялдан гарах бусад захиргааны зардал өснө. Манай улсын хувьд тээвэр, логистикийн зардал хөрш орнуудаасаа даруй 30 хувиар илүү болохыг АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай хамтран хийсэн 2016 оны “Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг хязгаарлаж буй хүчин зүйлсийн судалгаа”-нд дурдсан байдаг. Тэгвэл бидэнд далай хэмээх энэхүү хязгааргүй нөөцийг ашиглах ямар боломж байна вэ?

Хамгийн жижиг буюу 500-750 ТЕU хүчин чадалтай чингэлэг тээврийн хөлөг онгоц тээвэр хийгээгүй далайд зогсож байх үеийн зардал гэхэд өдөрт 4000-5000 ам.доллар байх бөгөөд үүнээс хөлөг онгоцны бизнес ямар өндөр өртөг, зардалтай, түүнийгээ дагаад хэр хэмжээний ашигтай болохыг харж болно.

Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд бүртгэгдэн далайд аялж буй 300 гаруй онгоцны дотор манай өмчлөл, эзэмшилтэй нэг ч хөлөг онгоц байхгүй ч Олон улсын далайн байгууллагад бүртгэлтэй 177 гишүүн орноос далайгаар тээвэрлэсэн ачаа, барааны даацаараа 75 дугаарт жагсаж байна. Энэ нь далайн тээвэртэй улсуудын түвшинд хүрсэн үзүүлэлт юм. Мөн тэр хэмжээгээрээ буюу тээвэрлэсэн ачааны хэмжээгээрээ дэлхийн эдийн засгийн өсөлт, хөгжилд тодорхой хувь нэмрээ оруулж байгаагийн илэрхийлэл болж байна. Хэдийгээр манай улс далайд гарцгүй ч хамгийн хямд тээврийн зардлаар бараа, бүтээгдэхүүнээ дамжуулан тээвэрлэх боломжтой.

Монгол Улсын хувьд далайгаар тээвэрлэх хамгийн боломжтой ачаа бол уул уурхайн бүтээгдэхүүн юм. Учир нь далайгаар зөвхөн овор ихтэй, их хэмжээний ачаа барааг тээвэрлэдэг.

2018 оноос Монгол Улс ОХУ-аар дамжин өнгөрүүлэх нүүрсний тээвэрт 66.4 хувь, чингэлэг тээвэрт 52 хувийн хөнгөлөлт эдлэхээр болсон. Нөгөөтэйгүүр Монгол Улс БНСУ-ын далайн тээврийн компанитай хамтарч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахаар хамтарсан компани байгуулсан. Хэрэв Монгол Улс нүүрсээ гуравдагч зах зээлд худалдаалах гэрээ хэлцэл хийгээд, далайн боомтод хүргэх тохиолдолд энэхүү хамтарсан компани нь манай бараа, бүтээгдэхүүнийг далайгаар тээвэрлэх асуудлыг хариуцан ажиллах бэлтгэл үндсэндээ хангагдсан гэж үзэж болно. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын ивээл дор Таван толгой, Монгол Улсын Далайн захиргаа, ОХУ-ын “Фэско” групп хамтран нүүрсний терминал байгуулах төсөл хэрэгжүүлэхээр яригдаж байгаа. Энэ мэтчилэн далайгаар дамжуулан нүүрсээ дэлхийн зах зээлд гаргаж, ашиг олох өргөн боломж бидэнд байгаа юм. Гэсэн ч гадны бус дотоодын тээвэрлэлтийн өртөг хэтэрхий өндөр учир дээрх боломжийг ашиглахын тулд Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр зам баригдаж дуусах, мөн нүүрс угаах үйлдвэр барьж байгуулах хэрэгтэй байна. /Угааж баяжуулаагүй нүүрс дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжгүй/ Одоогоор түүхий нүүрсийг зөвхөн авто  машинаар тээвэрлэж байгаа бөгөөд тн нүүрс 25-30 ам.долларын үнэтэй болдог.

Энэтхэг Улс гангийн үйлдвэртээ ашиглах нүүрсээ манайхаас авахаар сонирхож эхэлж байгаа тухай “The Economic Times” мэдээлсэн. Тодруулбал, Энэтхэгийн Газрын тос, байгалийн хий, гангийн үйлдвэрлэлийн сайд Дармендра Прадхан “Өндөр чанартай коксжих нүүрсийг Монгол Улсаас боломжийн үнээр худалдан авах талаар Засгийн газартай нь хэлэлцэж эхэлсэн” тухай яриандаа өгүүлжээ. Энэ тухай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас тодруулахад “Тус улстай нүүрс нийлүүлэх талаар өнгөрсөн намраас ярьж эхэлсэн. Одоогоор ерөнхий үндэслэлээ ярилцаж байна” хэмээв. Түүнчлэн манай мөнхийн хөрш Хятадын гангийн хэрэглээ эрчимтэй өсч байгаа тул гадагш гангаа гаргахгүй байх бодлого барьж байгаа. Улмаар Энэтхэг, Хятадын зах зээлд ч, тэдний гангаа нийлүүлдэг Солонгос улсад ч нүүрсний хэрэгцээ огцом өсөхөөр байна. Мөн Владивостокт болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэтай уулзах үеэрээ Тавантолгойн нүүрсийг экспортлох асуудлаар ярилцсанд Японы тал нааштайгаар хүлээж авсан.  

Ийнхүү нааштай прогноз харагдаж байгаа нөхцөлд төмөр замтай болж, цаашлаад гуравдагч улс руу нүүрсээ далайгаар хямд зардлаар тээвэрлээд эхэлбэл, нүүрснээсээ тогтвортой ашиг олоод амар жимэр амьдрах нь тийм ч толгой өвтгөсөн асуудал биш. Энд Австрали үерт автсан 2011 онд Хятадын коксжих нүүрсний импортод Таван толгойн нүүрсний эзлэх хэмжээ 40 хувь давж байсныг санах хэрэгтэй. Ямартай ч Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд “Таван толгойн цэвэр ашгаар 414.6 км төмөр замын ажлаа дуусгана” хэмээн өнгөрсөн оны есдүгээр сард “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Дахин хэлэхэд манай улс далайд гарцгүй хэдий ч далайн тээвэрлэлтийг өөрсдөдөө ашигтайгаар эргүүлэх боломжийг үргэлж эрэлхийлэх хэрэгтэй бөгөөд ийм боломж өссөөр байгааг ашиглах ёстой.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хөлөг онгоцны бүртгэлд 30 гаруй орны 370 хөлөг онгоц бүртгэлтэй байна. НҮБ-ын Далайн эрх зүйн конвенцын дагуу далайн тээвэрт оролцох эрхийн хүрээнд эхний ээлжинд хөлөг онгоцны бүртгэлийн үйл ажиллагаа явуулж, улсаа сурталчилан таниулах, түүгээрээ дамжуулан далайн тээвэр эрхлэх боломжийг нээх зорилготой. Гэхдээ бидний хэтийн зорилго нь өөрийн эзэмшлийн хөлөг онгоцтой болж, үндэсний далайчидтай, эх орны бүтээгдэхүүнийг гуравдагч зах зээлд далайгаар тээвэрлэн хүргэхэд чиглэж байгаа юм.

ШИНЭ АЖЛЫН БАЙР

Монгол Улсаас энэ онд 80 туслах далайчныг далайд гаргана.. Дэлхийн хөдөлмөрийн зах зээл дээрх туслах далайчны сарын цалин 1700 орчим ам.доллар байдаг байна.

 

Монгол Улсад цоо шинэ  мэргэжлийн ажлын байр нэмэгдэж байгаа нь далайчны ажлын байр юм. Далайн захиргаа нь “Монголын далайчдын холбоо” ТББ-аар дамжуулан туслах далайчин бэлтгэх асуудалд анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллаж ирсэн. Монголын далайчдын холбооноос БНСУ-д туслах далайчныг бэлтгэж, ажиллуулахаар тус улсын болон БНХАУ-ын далайн тээврийн компанитай харилцан тохиролцож хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Энэхүү хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд туслах далайчныг үе шаттайгаар бэлтгэхээр болсон хэдий ч Ковид-19 цар тахалтай холбоотойгоор түр хугацаар хойшлоод байгаа аж. Энэхүү бэлтгэгдсэн туслах далайчид нь сард 1700 ам.доллараар цалинжих боломжтой юм.  

Харин Монгол Улсын Далайн захиргаа нь далайн тээврийн салбарын үндэсний мэргэжилтэй боловсон хүчнийг Дэлхийн далайн их сургууль, Олон улсын далайн хуулийн институт, ОХУ-ын Адмирал Г.И.Невельскийн нэрэмжит Тэнгисийн их сургууль, БНХАУ-ын Далянь Далайн их сургууль, БНСУ-ын Пукёоны их сургууль, БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн институт, БНСУ-ын Мокпо далайн тээврийн их сургууль зэрэг сургуулиудад цөөн тоогоор бэлтгэж ирсэн байна. Тухайлбал, ОХУ-ын Адмирал Г.И.Невельскийн нэрэмжит Тэнгисийн их сургуульд хөлөг онгоцны удирдлага жолоодлого, инженерийн чиглэлээр 3 хүн бэлтгэгдсэн бол Монгол Улсын Далайн захиргаа болон БНСУ-ын Далайн тээвэр, загас агнуурын технологийн институттэй байгуулсан хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын Санамж бичгийн хүрээнд БНСУ-д 10 орчим монгол далайчныг бэлтгэн сургажээ. Төгсөгчид нь өдгөө Зам, тээврийн хөгжлийн яам, Далайн захиргаа, “Монголын хөлөг онгоцны бүртгэл” хамтарсан компани зэрэг салбарын байгууллагуудад мэргэжлийн дагуу ажиллаж байна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.137.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.