Медаль, сайшаалын бичгээр ЗАХИРАЛ болдоггүй юм байна
Нийтлэл
/
2020-07-03

“Энгэр дүүрэн хог. Эрх биш нэг нь хэрэг болох л байлгүй гэж өөрийгөө тайвшрууллаа. Үнэндээ нэг нь ч хэрэг болохгүй гэдгийг сайн мэдэж байгаа. Анхны медалиа цэцэрлэгт байхдаа уран уншигч хэмээн зарлуулж өвлийн өвөөгөөс авч байсан хэмээн ээж минь магтаж сүйд болдогсон. Тэр үед хөгшин ээж минь их л баярлаж байсан гэдэг. Түүнээс хойш би арван жил, оюутан ахуйдаа авч үзээгүй шагнал, авч үзээгүй сайшаалын үнэмлэх байхгүй. Бүгд л шагшин магтаж, хайрлан хүндэлж, магтан урамшуулдаг байв. Тэр бүү хэл надтай л найзлах гэж охидууд хоорондоо их мууддаг. Гол нь тэр хүүхдүүдийн нэр хүнд, цаашлаад сургуулийн зэрэг зиндаа нь би болж байлаа.

Арван жил хүндэт самбараас миний зураг буусангүй. Арван жил ангийн даргын албанаас ховхорсонгүй. Арван жил надад муу дүн тавих багш олдсонгүй. Гэтэл би бүх хичээлдээ жигд сайн хүүхэд байгаагүй шүү дээ. Зарим багш нар зүгээр л сургуулийн шилдэг сурагч болохоор хиймэл дүн тавьдаг байлаа. Бага гэнэн насанд энэ бүхэн сайхан л байлаа. Энэ бүхэн гэдэг нь багаасаа нэр хүнд гэдэг зүйлийг мэдрэх, хүүхдүүдээс шилж найзлах, ээж аавын сайн охин байх бүгд л надад таалагддаг байсан. Удалгүй ухаан сууж энэ бүхэн надад дарамт болж эхэлсэн. Энэ бүхэн гэдэг нь ээж аавын хичээхээс өөр сонголт өгөөгүй надад ахадсан итгэл, багш нарын чи л чадна гэсэн шахалт, найзуудын надаар нэр хүндээ өсгөх гэсэн хандлага бүгд л надад дарамт болж эхэлсэн.

Удалгүй би хэн болох ёстойгоо өөрөө ч мэдэхээ байсан. Багш намайг тийм хүн бол гэвэл би тийм л болно. Ээж, аав минь чи ингэх ёстой гэвэл тэрийг нь заавал хийдэг. Нэг л мэдэхэд би хүн болгоны өмнөөс амьдардаг нэгэн болж хувирлаа. Сэтгэл зүй минь ч тэр. Гэрээр минь хөглөрөх олон медаль, олон жуух бичгийг цуглуулж байхдаа би бүх зүйлийг чадах ёстой, би хэн бүхний дээр байх ёстой, энэ заавал миний өрсөлдөгч болох ёстой гэсэн өрөөсгөл бодлыг өөртөө бат суулгаж орхиж. Миний сэтгэж буй тархи, гаргаж буй хандлага. Гэтэл өрсөлдөөн дунд амьдрал хэтэрхий богино гэдгийг хэзээ хойно бүр хэнд ч хэрэггүй болсон хойно ойлгосон. Магадгүй ойлгоогүй байж ч мэднэ.

Өнөөдөр би жирийн л нэг төрийн албан хаагч. Жирийн л нэг шүү. Бусдаас илүү идэж цатгалдаагүй, бага идэж тураагүй. Ангийн найз, үеийн залуустайгаа таарахаар гайхдаг юм. Чи яагаад ингэж амьдарч байгаа юм бэ, нөгөө онц сурлагатан, чи захирал болоогүй юм уу. Гэх мэт асуултаар булдаг. Миний хариулт медаль, сайшаалын бичгээр захирал болдоггүй юм байна. Би удирдагч болбол ажилтанаа өрсөлдөгч нүдээр хараад, амжилтанд төдийлөн хүрч чадахгүй л болов уу гээд тоглоом,  шоглоомоор хэлж орхидог. Хэдий тоглоом гэж байгаа ч энэ үнэн. Гэтэл намайг хэн ийм болгов. Ээж аав минь уу, багш нар уу, тойрон хүрээлэгчид үү. Эцэст нь миний өмнө хариуцлага хүлээх эзэн олдохгүй л дэмий л цуглуулсан хэдэн медаландаа уураа гаргаж байна. Гэтэл үеийн үед, цагийн цагт энэ хандлага байсаар л ирсэн шүү дээ. Одоо ч гэсэн”.

Тиймээ энэ хандлага байсаар ирсэн. Та хүүхдээ хэн нэгэнтэй өрсөлдүүлсэнээр, та хүүхдээ хэн нэгнээс илүү байхыг шаардсанаар, хүүхэддээ бүх зүйлийг тулгасанаар, хэт их магтаалд төөрүүлсэнээр хэн болж буйг нь анзаараад нэг үзээрэй. Энэ бол хамгийн элбэг байдаг хэрнээ хэн ч тоодоггүй асуудал.

Г.Жавхлантгарьд

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.2.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.