Монгол Улсыг ШХАБ-д элсвэл ОХУ бүрэн ДЭМЖИНЭ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-07-04

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Игорь Моргулов пүрэв гаригт /2020.07.02/ “Tass” агентлагт өгсөн ярилцлагадаа “ШХАБ-д албан ёсны гишүүнээр элсэх нь хэр зохистой вэ гэдэг асуудлыг Монголд идэвхтэй авч хэлэлцэж байгаа. Энэхүү шийдвэрийг дэмжигчид болон эсэргүүцэгчид ч байна. Манай улсын зүгээс анд нөхдийн харилцаатай улсынхаа сонголтод нөлөөлөх эрх байхгүй. Энэ бол тэдний эрхийн асуудал. Хэрэв Монгол Улс ШХАБ-д элсэх шийдвэр гаргах юм бол ОХУ уг шийдвэрийг дэмжиж ажиллана гэдгийг хэлмээр байна. ШХАБ-ын бусад гишүүн орнууд ч Монгол Улсыг бидний нэг хэсэг болохыг харахад таатай байна байх гэж бодож байна ” хэмээн ярьжээ.

ШХАБ нь 1996 онд Орос, Хятад, Казахстан, Кыргызстан, Тажикистан зэрэг улсууд Шанхайд уулзаж, хилийн район, цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх хүрээнд санамж бичигт гарын үсэг зурцгааснаар суурь нь тавигдсан Евразийн улс төр, эдийн засаг, аюулгүй байдлын байгууллага юм. Энэ явдлын дараа дээрх улсуудыг нэгтгэн “Шанхайн тав” гэж нэрлэх болсон ба үүний дараа буюу 2001 онд Узбекстан улс нэгдэж, байнгын ажиллагаатай олон улсын байгууллага болж, 2017 онд Энэтхэг, Пакистан улс нэгдэж, найман гишүүн улстай албан ёсны байгууллага болсон.

Харин Монгол Улсын хувьд хамтын итгэлцэл, найрамдал, сайн хөршийн холбоо, энх тайван аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдлын төлөөх хамтын ажиллагаа, терроризм, салан тусгаарлал, хэт давралын эсрэг хамтран тэмцэх, улс төр худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой гэж тодорхойлсон уг байгууллагын ажиглагч орны статустай явдаг. ШХАБ 2004 оноос ажиглагчийн статус буй болгосонд хамгийн түрүүн Монгол Улс нэгдсэн билээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.239.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.