Э.Оюунболд наадмын бэлтгэлдээ гарчээ
Үйл явдал
/
2020-07-05

Хэнтий аймгийн харьяат 2019 оны улсын аварга Э.Оюунболд наадмын бэлтгэлдээ гарчээ.  Тодруулбал,  "Хүч" спорт хорооны бөх улсын аварга Э.Оюунболд Хэнтий аймгийнхаа 10 гаруй залуу бөхчүүдтэй Сүүж уулнаа бэлтгэлд гарчээ. Өнгөрөгч зургадугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдыг шүүхээс допинг хэрэглэсэн нь тогтоогдсон гэж үзэн, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгож, Монгол Улсын аварга хэмээх цолыг хураах нь хуульд нийцнэ гэж үзсэн.

Түүний хувьд  14 хоногийн дотор гомдол гаргах эрхээ эдэлж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдлоо албан ёсоор ирүүлээд байгаа юм. Тиймээс шүүхий процесоос шалтгаалж Э.Оюунболд энэ жилийн наадамд зодоглох уу гэдэг асуудал үүсч байгаа юм. Ямартай ч тэрбээр өөрөө наадамд барилдахаар бэлтгэлээ хийгээд эхэлсэн байна.

Харин Бөхийн холбооны зүгээс түүнийг энэ жилийн наадамд барилдах боломжгүй хэмээн үзэж байгаа юм. Тэр талаар Монголын Үндэсний Бөхийн холбооны тэргүүний үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав "Үндэсний Их Баяр Наадмын бөхийн барилдааны тухай хууль гээд засгийн газар 2018 онд баталсан. Энэхүү хуулинд бөхийн барилдаантай холбоотой хэд хэдэн  заалтуудыг оруулсан байдаг. Мэдээж бөхчүүдийг цол, эрэмбийн дагуу бүртгэх, барилдуулах мөн допингийн ямар нэгэн асуудалд холбогдсон бөхийг бүртгэхгүй гэсэн заалт бий. Энэ бол хуульчлагдаад явж байгаа тул энэ жилийн хувьд Аварга Э.Оюунболд барилдах боломжгүй" гэсэн тайлбарыг өгч байсан юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.58.51.228)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.