Анхны зургаан настангууд КОРОНА вирусын үед...
Нийтлэл
/
2020-07-07

Анхны зургаан настангууд корона вирусын үед

Харандааны чанар маш муу байсан

Анхны зургаан настан энэ жил ЭЕШ өгч амьдралынхаа ирээдүйг шийдэх том сорилтонд орж байна. Харин тэд ЭЕШ орох гэж нилээдгүй олон зүйлийг даван туулж олон чамгүй сайн хичээсэн. Харин тэдний хичээл зүтгэлийг хэн хэрхэн дүгнэв.

Шалгуулагч

 -Бидэнд Blueprint-н дагуу ЭЕШ ирнэ гэж цаанаас нь мэдээлэл өгсөн. Гэтэл алгебр, огторгуйн геометр, тригонометр магадлал зэргээс дээд тал нь 1-2 бодлогууд орж ирсэн. Тэгээд блюпринтний дагуу бэлдсэнээс болж мартсан байсан амархан сэдэв дээрээ ч алдсан. Мөн харандааны чанар маш муу байсан. Би л хувьдаа харандаанаас болж хариугаа будах хугацаанаасаа хангалттай 40 минут алдсан. Нэг ангид 2-5 үзүүрлэгч байсан бөгөөд харандааны үзүүр ч амархан хугарч байсан. Тэгээд зарим харандаа нь бүдэг зарим нь үйрдэг. Бүрэн будахаар илүү гарах гээд үгүй бол дутах гээд хэцүү байсан. Иймд гараар тооллого явуулвал өөр үр дүн гарна гэж бодож байгаа. Эхний зөрчил ч яахав одоо шийдэгдэхээсээ өнгөрсөн. Харин хоёр дахь зөрчилд гараар тоолбол арай өөр үр дүнтэй байна байх. Энэ жилийнх ч яахав ингээд л өнгөрдөг юм байж. Харин ирэх жилээсээ гараар тооцдог болоод гайгүй харандаа өгчихдөг болчихоосой. Яахав би өөрөө аль ч их сургуульд орчихоор дүн авсан л даа. Гэхдээ л шударга бус байсантай бол санал нийлж байгаа.

-Бид шалгалтын анги руу ороход хянагч багш нар биечлэн шалгалт хийсэн. Тэгсэн мөртлөө хүүхдүүд гар утас авч орсон гэсэн мэдээлэл гарсныг гайхаж байна. Ийм шударга бус байж болно гэж үү. Цахимаар санал бодлоо илэрхийлсээр л байгаа. Хүүхдүүд бослого гаргая ч гэж ярьж байна. гэхдээ бид нарыг хүүхэд гээд тоохгүй байх л даа. Шалгалтын нэгдүгээр хэсэгт бодолт шаардагдах маш их бодлого орж ирсэн. Бараг хоёрдугаар хэсгийн даалгавартай дүйцэхүйц. Гэхдээ бодож чадахгүй гэхээсээ илүүтэй хугацаа шаардсан даалгаврууд их орж ирсэн гэж хэлж болно. Энэ жил цар тахлаас болоод хичээлээ бид бүрэн ч эзэмшиж чадаагүй. Гэтэл блюпринтийг харахад, сэдэв гайгүй орж ирэх юм шиг санагдаж байсан ч яг шалгалт дээр хүндэрч орж ирсэн байсанд гайхсан.

Эцэг эхийн байр суурь:

“Харандаа, баллуур, сэдэв зохиолт гээд л зөрчил их байна. Математикийн сэдэв гэхэд гүнзгий, төвшинд ирсэн гэсэн. Сэдэв хүнд байсан учраас улс орон даяараа дүн хангалтгүй авчээ. Нэгтгэлээс тэгж харагдлаа. Хүүхэд маань ч ийм л зүйл хэлж байна. Мөн шалгалтын хариултыг уншиж байгаа машинд бас учир байна. Бүдэг ба давхарлаж зурсаныг уншдаггүй гээд байна. Олигтой тод сайн гардаг харандаа өгсөн бол хохирохгүй. Өнөөдөр хүү маань физикийн хичээлийн шалгалтаа өгсөн. Хоёр харандаа солиод үзүүрлээд, хугараад муу гарсан гэнэ. Бүгдийг хийсэн. Чаддаг юм нь ирсэн. Өндөр оноо авах байсныг доош нь татлаа. Би гомдолтой. 800 авчихана гэж хүү бид 2 бардам байсан. Харандаа л гай боллоо эсвэл тэр машиндаа байгааг хэлж мэдэхгүй юм. Олон мянган хүүхдийн амьдрал шүү дээ. Тэр шалгалтын дэвтрийг нь өгөөгүйд бас бухимдалтай байна. Гарч ирээд хүүхэд чинь ядаж алдаагаа засна даа.

Энэ жил 30 900 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Цахим сүлжээнд элсэлтийн шалгалтын хариуд эргэлзсэн шалгуулагч болон эцэг эхчүүд байр сууриа илэрхийлж байгаатай холбоотойгоор Боловсролын Үнэлгээний төвийн ЭЕШ хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа.

-Цахим сүлжээнд элсэлтийн шалгалтын сэдэв агуулга, зохион байгуулалттай холбоотой асуудлуудыг ихээр тавьж, шалгуулагсад болон эцэг, эхчүүд бухимдлаа илэрхийлж байна. Энэ талаар танайхаас ямар байр суурьтай байна вэ?

-Элсэлтийн Ерөнхий шалгалтын бүтэц зохион байгуулалтад  сэтгэл хангалуун байгаа хүүхдүүд их байна. Гэтэл нөгөө талд өөрийн өндөр оноо авч чадаагүй нөхцөлийнхөө бурууг бусдаас хайж байгаа хүүхдүүд ч байна. Шууд дамжуулалтаар хүүхдүүд шалгалтын материалыг нь хэрхэн засаж байгааг харах боломж шинээр гарсан. Гэтэл давуу талыг нь олж хараагүй мөртлөө хэтэрхий туйлшрах хандлага гарсаар л байна. Өмнөх жилүүдэд зөвхөн шалгуулагч дүн оноогоо хянах боломжтой байсан бол энэ жилийн хувьд шалгуулагч, эцэг, эх, багш болон сэтгүүлзүйн салбар ч хянах боломжтой болсон байна шүү дээ.

-Математикийн хичээлийн шалгалтын сэдэв, агуулга маш хүнд, БҮТ гаргасан блюпринтээ барьсангүй гэсэн мэдээлэл байна?

-Математикийн хичээлийн агуулга зохих төвшинд ирсэн гэдгийг математикийн багш нарын группээр мэдээлсэн. Математикийн шалгалтын даалгаврууд нь чадвартай, чадлаа дайчилсан хүүхэд шууд л бодчих хэмжээний. Харин чадвар сул байгаа хүүхдүүдэд нэлээд ур чадвар шаардсан, хүнд санагдсан байж болох талтай. Өөрөөр хэлбэл, хүүхдүүдийг эрэмбэлүүлэх, уралдуулахад тохирсон даалгавар гэсэн үг. Эдгээр даалгавар дотор хүүхдүүдийн судлаагүй агуулга байхгүй. Бүгд судалсан агуулгаар тестүүд боловсруулагдсан байгаа. Яг үнэндээ өнгөрсөн хоёрдугаар сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд шалгалтад бэлдэх хангалттай хугацаа байсан. Бүхий л гарын авлага материалыг боловсролын үнэлгээний төвөөс мэйл болон хэвлэмэл байдлаар тараагдсан.

-Шалгалтын дэвтрийг хурааж авсан гэсэн. Өмнө жилүүдэд хүүхдүүд шалгалтын дэвтрээ авч, бодолт тестүүдээ тулгах боломжтой байдаг байсан. Яагаад шалгуулагчдын шалгалтын дэвтрийг хурааж авсан юм бэ?

-Өнгөрсөн 2018 оноос ЭЕШ нь өөрөө улсын нууцын зэрэгт хамаарахаар орсон учраас бодолт хийсэн дэвтрийг хурааж авсан. Түүнээс өмнө жилүүдэд хүүхдэд бодолт хийсэн дэвтрийг нь өгдөг байсан. Хоёрдугаарт дэвтрийг өгсөн тохиолдолд гардаг нэг сөрөг үр дагавар нь хүүхдүүд дэвтрийнхээ зургийг авч цахим сүлжээнд байршуулдаг. Ингэснээр буцаад нийгэмд шалгалтын материал задарсан гэх ташаа мэдээллийг төрүүлдэг. Энэ нь олон нийтийн дунд уур бухимдлыг ихээр үүсгэдэг. Ер нь гадаадын аль ч улс оронд шалгалтын материалыг хурааж авдаг жишиг бий.  

-Шалгуулагч хүүхдүүд БҮТ-ээс өгсөн харандаа маш муу, хугарч унасан. Түүнээс болж шалгалт өгөх хугацаагаа алдлаа гэсэн байна?

-Шалгалтын бүх байруудад хүүхдийн тоогоор харандааг хүргүүлсэн.  Энэ жилийн хувьд 100 мянга орчим харандааг хэрэгтэй болно. Өнгөрсөн жил шалгалтад хэрэглүүлсэн харандааг ч ашигласан. Гэхдээ шалгуулагчдаас хамаарсан зүйл ч бий. Манай шалгуулагчид анги танхимд орж шалгалт өгөхдөө хүүхдийн тоогоор өгч явуулсан харандааг хугалж авч явах, хаях, бусдыгаа бодохгүй байгаа нь харагддаг.

-Шалгалтын материалыг унших машинд алдаа гараагүй гэдгийг тогтоох боломжтой юу, машинтай холбоотой өргөдөл гомдол ихээр ирвэл гараар засах нөхцөл бүрдэх үү?

-Шалгалтын хариуг уншиж байгаа машин өөрөө АНУ-д үйлдвэрлэгдсэн. Минутад 2800 хуудас материалыг унших чадалтай. Зөвхөн харандаагаар тэмдэглэсэн тэмдэглэгээг уншдаг. Харандаагаар тэмдэглэгээ хийлгүүлж байгаа нь нэг талаараа шалгуулагч буруу тэмдэглэгээг засаж, оноогоо ахиулах ач холбогдолтой боломж. Машин нь олон улсын стандартын газраас нь зөвшөөрөгдсөн, эрх бүхий гэсэн үг. Машин хүүхдүүдийн тэмдэглэгээг уншихгүй байна гэсэн ойлголт байхгүй. Хүүхэд ямар тэмдэглэгээ хийнэ түүнийг нь л уншина гэсэн үг.

Энд хэн нэгнийг буруутгах аргагүй. Буруу хайсан ч тохох эзэн үл олдоно. Эцэст нь хүнд цар тахалын үед төгссөн сурагчидын өөрсдийнх нь хувьзаяа тийм болоод дуусна. Гэтэл хөл хорио тогтоохдоо л төгсөх ангийн хүүхдүүдээ бодох ёстой байсан. Хүүхдүүд цахимаар хичээллэж чадах уу үгүй юу гэдгийг. Хөдөө малын захаас ирж шалгалтанд орж байгаа хүүхдүүд ч нийлээдгүй их бий. Гэтэл энэ бас л тэдний буруу болно. Гэтэл дүн тоолох машин, хугарч эмтэрэх харандаа хүүхдүүдийн ирээдүйг шийдэж байгаа юм биш биз...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.118.146.14)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.