Хэн нь АН-ыг УДИРДАХ ВЭ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-07-08

Тус намын X их хурлыг 2020 оны наймдугаар сарын 23-нд зарлан хуралдуулах болсныг намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаад буй С.Эрдэнэ мэдэгдлээ. Уг их хурлаар АН-ын шинээр сонгогдсон даргыг батламжлах ажээ. Мөн АН-ын Үндсэн дүрмийн хорооноос С.Эрдэнийн чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Тийм учраас шинэ даргыг сонгох ажиллагаа эхэлсэн байна. Энэ сонгуульд АН-ын дүрмийн шаардлага хангасан бүх хүн нэр дэвших эрхтэй аж. АН-ын дарга асан С.Эрдэнийн хувьд "Өнөөдрийн хувьд намд хамааралгүй гадна, дотны хүмүүсийн дүрмийн бус үйлдэл гарч байгааг хэлэх хэрэгтэй. АН-ын дотоод үйл ажиллагаанд эрээ цээргүй оролцож, намын удирдлагыг дүрмийн бус аргаар авахаар санаархаж байгаа аливаа этгээдэд хатуу сануулж хэлэхэд тийм боломж байхгүй” гэв.  АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга н.Мөнхжаргал “АН-ын дарга Үндсэн дүрмийн хороонд хүсэлт гаргаж, түүнийг нь Үндсэн дүрмийн хороо хүлээн авснаар АН-ын даргын орон гарсан гэж үзэн, сонгууль товлон зарлаж байна.  2020 оны долоодугаар сарын 6-9-ний хооронд шинээр намын даргад өрсөлдөх хүмүүсийг бүртгэнэ. Долоодугаар сарын 16-наас наймдугаар сарын 14-ний хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдана.  Наймдугаар сарын 16-нд намын даргын сонгуулийн санал хураалт болно. Энэ сонгуульд АН-д бүртгэлтэй 200 мянган гишүүн саналаа өгөх эрхтэй. Мөн намын даргын сонгуульд өрсөлдөгчөөс ямар нэгэн дэнчин, бүртгэлийн хураамж авахгүй” гэлээ.  Тус сонгуульд Н.Алтанхуяг, Л.Гантөмөр, Д.Эрдэнэбат, Ж.Батзандан, С.Эрдэнэ нар өрсөлдсөнөөс С.Эрдэнэ ялалт байгуулж байв. Тэрбээр өнгөрсөн хугацаанд АН-ын даргаар ажиллахдаа АН-ыг фракцгүй нам болгохыг зорьж нэлээд шинэчлэл өрнүүлсэн. Харамсалтай нь АН 2020 оны УИХ-ын сонгуульд дахин ялагдсанаар намын дүрмийнхээ дагуу Төрийн сонгуулийн үр дүнгээр АН-ын дарга С.Эрдэнэд хариуцлага тооцов.

Тус намын даргын сунгаанд өмнө нь өрсөлдөж байсан Лу.Гантөмөр, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин, Соёлын сайд асан Ц.Оюунгэрэл, МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин нар албан ёсоор өрсөлдөхөө илэрхийлээд байна. 

Лу.Гантөмөрийн хувьд 2016 оны АН-ын даргын сунгаанд оролцож байсан ч олонхийн дэмжлэг авч чадаагүй. 2020 оны УИХ-ын сонгуульд санаа байсан ч С.Эрдэнэ ба түүний нөхөд улстөрийн дэмжлэг үзүүлээгүйн улмаас энэ сонгуулийг өнжсөн. 2012 онд УИХ-ын гишүүн улмаар давхар дээл өмсөж Боловсролын яамыг удирдсан. "Цөм хөтөлбөр", "Зөв Монгол хүүхэд", "1000 инженер" зэрэг томоохон төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн. 

Х.Тэмүүжин мөн л 2012 оны сонгуульд Сүхбаатар дүүргээс нэр дэвшин ялалт байгуулсан. Н.Алтанхуягийн Засгийн газарт Хууль зүйн яамыг толгойлж, улмаар шүүхийн шинэчлэлийг зоригтой эхлүүлсэн ч албан тушаалтайгаа зууралдсан хурандаа нарын бүлэглэлийг ялж чадалгүй улмаар Д.Дорлигжавт суудлаа өгсөн. Нэлээд чанга хуульч. С.Эрдэнийн тэргүүлсэн АН-ын удирдлагын багт ажиллаж, улмаар 2020 оны сонгуульд төрөлх Төв аймагтаа хүч үзсэн ч Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод өвдөг шороодсон. АН-ын Үндсэн дүрмийн дагуу бол Х.Тэмүүжин нь АН-ын дэд дарга байсан учраас өмнөх даргатайгаа хамт хариуцлага хүлээн огцрох учраас даргын сунгаанд хүч үзэх боломжгүй. Гэвч хууль дүрмийн хувьд ямар нэг гаргалгаа байгаа учраас нэр нь хүчтэй яригдаж байгаа болов уу...

Ц.Оюунгэрэл. Түүнийг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн зөвлөх байсан гэдэг утгаар нь олон нийт хүлээж авдаг. 2012 онд УИХ, ЗГ-ын гишүүн байсан. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Соёл, спорт, аялал жуулчлалын яамыг толгойлж, хууль бусаар хил давж улмаар АНУ-д дуудлага худалдаанд орох гэж байсан Үлэг гүрвэлийн араг яс Т Батаарыг эх орондоо авч ирэх чиглэлд онцгойлон ажилласан. Сүүлд сул гишүүн байхдаа хүний эрх, эрх чөлөөний тухай хүчтэй дуугарч, олон нийтээс сайн үнэлгээ авч амжсан.  

О.Амартүвшин. Булган аймгийн гаралтай. Бизнемен. Монголын Үндэсний Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгөөр ажиллаж байгаа. Коронавирусийн хямралын үед хувийн хэвшлийн байгууллагуудыг нэг дор зангидан удирдаж байгаа. Тэрбээр АН-ын гишүүн. Улстөрийн зөвлөлийн гишүүн. 2020 оны сонгуульд дахин ялагдал хүлээсэн АН-ын шинэчлэлд гар бие оролцож, даргын сунгаанд оролцохоо албан ёсоор илэрхийлсэн. Өмнө нь намын дэмжлэгээр ямар нэг албан тушаалд очиж байгаагүй. Хэн нэгэн, бүлэг фракцийн дэмжлэг нөлөөнд автахгүй, харьцангуй шинэ залуу улстөрч. Түүнийг НИТХ-дахь АН-ын бүлгийн дарга М.Тулгат тэргүүтэй залуучууд дэмжихээ илэрхийлсэн.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.67.144)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.