Ахуйн ослын золиос хүүхдүүд
Нийтлэл
/
2020-07-09

 Монгол Улсад түлэгдэл нь 5 хүртэлх насны хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэг болж байгаа бөгөөд нийт 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн өвчлөлийн 18.4%-ийг эзлэж байна. Түүнчлэн түлэгдэж гэмтсэн хүүхдүүдийн 90 гаруй хувь нь  гэртээ түлэгдсэн байдаг аж. Эцэг эхийн хараа хяналтгүй байдал, утсанд хэт их анхаарах гэх мэт энгийн шалтгаанаас болж хүүхэд ахуйн осолд өртдөг.  

СХД-ийн дугаар хорооны оршин суугч Ц: Түүний охин нэг ой 11 сартай аж. “Нэг орой ажлаасаа ирээд охиноо харах зуураа хоол хийж байсан юм. Хэдэн яс тогоондоо хийгээд буцалгаад гурил зуурах санаатай гараа угаах хооронд охин маань тогоотой халуун шөлөнд баруун хөлөө түлчихсэн. Хөлд орох гэж яваа ид хөдөлгөөнтэй байгаа үедээ ингээд халуун тогоо руу орчихлоо”.

 

СХД-ийн 8 дугаар хорооны иргэн Г: ”Миний охин 9 сартай. Өчигдөр эмнэлэгт хэвтлээ. Хамаатныдаа очоод том өрөөнд нь хүүхдээ орхиод бие засчихаад гараад иртэл газар тавьчихсан буцалгагчтай усыг татаад түлэгдчихсэн байсан. Түлэгдэлтийн зэрэг нь хөнгөн ч өвдөлтөө дийлэхгүй уйлаад байна” гэв.

 

 Сэхээнд буй ач хүүгээ сахиж буй орон нутгаас ирсэн иргэн Д: "Дэргэд нь есдүгээр ангийн хоёр эгч нь, 28-тай нэг залуу харсаар байтал дүүгээ татаад авчихаж чадахгүй хоол хийж байсан халуун тогоонд түлчихсэн байна. Энэ залуучуудад үнэхээр анхаарал болгоомж гээч зүйл алга. Алгын чинээ амьтныг татаад авчихаж чадсангүй. Хагалгаанаас гарч ирсэн хүү минь наркоз нь гараагүй, ухаангүй байна. Гүн түлэгдэлттэй учир арьснаас нь авч нөхөх боломжгүй байсан. Азаар орлуулах арьс дөнгөж ирээд байхад нь таарч хүү маань амь аврагдлаа".

 

Нэг ойтой охиноо сахиж буй Төв аймгаас ирсэн Х. “Өвөө эмээ дээрээ байсан охин маань аягатай буцалгасан ус татаж асгасан байдаг юм. Эмээ нь хувцсыг нь угаах санаатай ус халаасан юм билээ. Азаар түлэгдэлт нь хөнгөн учир бид хоёр эмнэлэгт дөрөв хоноод гарч байна” гэлээ. /З.Батхуяг "Халуун тогооны хүүхдүүд"/

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн статистик, мэдээ­лэл, тандалт судал­гааны албаны, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Баянзул:

- Хүүхдийн хувьд хамгийн давамгайлах ахуйн осол бол түлэгдэлт. Энэ оны эхний зургаан сарын байдлаар 0-18 хүртэлх насны түлэгдэлтийн 1710 тохиолдол бүртгэгдсэн байна. Бага насны хүүхдийн түлэгдэлтийн ихэнх нь цахилгаан тогоонд ус, цай, хоол хийх, буцалгах явцад гарсан байна. Гэр бүл, эцэг эхийн хараа хяналт муу, анхаарал, болгоомж суларсан үед хүүхэд хохирох, гэмтэх тохиолдол ихэвчлэн гардаг. Эцэг эхийн хүүхдэд тавих хараа хяналтыг сайжруулах боловсрол олгох нь хамгаас чухал. Мөн эцэг эхчүүд гэрийнхээ техник хэрэгсэл, тог цахилгаан, аюулгүй байдлыг сайжруулах, цонхондоо хаалт хийх, тээврийн хэрэгслээр зорчихдоо хүүхдээ зориулалтын суудалд суулгах гэх мэт энгийн аргаар урьдчилан сэргийлэх хэрэгтэй байна. Аялал зугаалга эхэлсэн үед хүүхдээ ганцааранг нь орхихгүй, тоглуулахгүй байх дээр илүү анхаараарай. Хүүхэд ч гэлтгүй томчууд аялал зугаалгад явж байгаад хорхог боодог хийх явцад бидон дэлбэрэх, газ дэлбэрэх зэрэг ахуйн осол их гардаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.53.117)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.