Уяач Л.Энхтайваны 20 адууг хулгайлж буудан хороосон байжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-10

Хүй долоо худаг орчимд нутагладаг малчин Л.Энхтайван адуугаа алджээ. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Танайх адуугаа алдсан гэсэн. Хэдэн тооны адуу, хэдийгээр алдсан бэ?

-Дөрөв хоногийн өмнө 20-иод тооны адуугаа алдлаа. Адуу урт хөлийн амьтан учраас идээшихээр явжээ гэж горьдож байтал буудаж алсныг нь өнөөдөр (өчигдөр) мэдлээ.

-Яаж мэдсэн бэ?

-Хуучин 22-ын товчоон дахь 1000 машины захаас урагш эзгүй хашаануудын хажууд төмөр зам байдаг юм. Тэр төмөр замын хажуугийн хонхорын сараалжин хашаан дотроос морьдынхоо толгойг олсон. Тэр хавьд амьдардаг хүмүүс гэдэс дотрыг нь цувуулсан адууны сэг олж, цагдаад мэдэгдсэн байна лээ. Биднийг хэргийн газарт очиход хашаа цоожтой байсан тул бид цоожыг нь эвдэж орсон.  Хүрэхээс ч хайран, зураг шиг л сайхан адуунууд байлаа. Үлдсэн морьдын толгой байгаагүй. Тэгэхээр хаа нэг тийш туусан байх. Шөнийн цагаар, үүр цайхаас өмнө найман адуу нядлаад ачна гэдэг нэг, хоёр хүний барах ажил биш.

-Энэ талаар цагдаагийн байгууллагад хэзээ мэдэгдсэн бэ. Ямар хариу өгсөн бэ?

-Морьдоо алдсан тухай дуудлага уржигдар өгсөн. Тэр хавийн иргэд дуудлага өгснийг цагдаагийнхан надад хэлээд “ирж шалга” гэсэн. Манай морьдын толгой мөн нь батлагдсан. Хулгайчид мэргэжлийн бололтой тамхины иш ч үлдээгээгүй байна лээ. Зарим морийг духанд нь тулгаж буудсан бол нэг хэсгийнх нь толгойг цөм цохьсон байсан. Гэдэс дотрыг нь энд тэндгүй цувуулж, махыг нь хашаан дээр тавьж, сэврээсэн байна. Наадам дөхсөн энэ үед цагдаа нар малын хулгай, дээрмийн зөрчилд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй байна.

Б.Бадамзул

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.134.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.