Та бүхэндээ үндэсний их баяр цэнгэл, улсын наадмын халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье
Үйл явдал
/
2020-07-11

ТУЛГАР ТӨРИЙН 2229, ИХ МОНГОЛ УЛС БАЙГУУЛАГДСАНЫ 814, АРДЫН ХУВЬСГАЛЫН 99 ЖИЛИЙН ОЙ, ҮНДЭСНИЙ
ИХ БАЯР НААДМЫН МЭНДЧИЛГЭЭ


Сэлэнгэ нутгийн ахан дүүс ээ,
Хүндэт олон наадамчид аа,
Та бүхэндээ үндэсний их баяр цэнгэл, улсын наадмын халуун дотно мэндчилгээг өргөн дэвшүүлье.


Сэлэнгэ сайхан нутгийнхаа, дэлгэр сэтгэлтэй түмний итгэл сэтгэлийг өвөрлөж, Та бүхнийхээ дуу хоолойг төрд хүргэх төрийн түшээгээр сонгогдсон чин сэтгэлийн бахархлаа баярын энэ өдөр бас дахин хуваалцаж байгааг минь хүлээж авна уу.

Монгол хүн бүрийн сэтгэл догдлуулсан эрийн гурван наадмын зүлэг ногоон дэвжээн дээр бөхчүүд хүчтэй, сурчид цэцэн, морьд хурдан, шагайчид мэргэн байж түмэн олноо цэнгүүлж байдаг билээ.

Наадам маань жил жилийн наадмаас улам сайхан болж, улс оронд минь хүч, цэц, хурд, онч мэргэн ухаан улам бүр цогцлон бүрдэж, Сэлэнгэ нутгийн зон олны минь буян заяа дэлгэрэх болтугай.

Ард түмний дунд “наадмын маргааш намар” гэсэн мэргэн үг бийг санаж, “тэгш журамт, баян хүчирхэг” Сэлэнгэ нутгаа мандуулан бадруулахын төлөө хүчээ нэгтгэж, өөдлөн дэвжих сайн цаг ирж байна.

Алтран шаагих буудайн түрүү, алаглан ургах тариа ногоо, тал дүүрэн мал, тансаг сайхан идээ будаатай, ажилсаг хөдөлмөрч Сэлэнгэ нутгийн иргэд Та бүхэн минь сайхан наадаарай.
Өнөө жилийн наадмын өнгө, ирэх цагийн аясыг илтгэнэ, сүүн цацалтай, сүлдэн тахилгатай Монгол түмэн минь сайхан наадаарай.



УИХ-ЫН ГИШҮҮН ДАМДИНСҮРЭНГИЙН ӨНӨРБОЛОР

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.235.8)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.