П.Бүрэнтөгс: Улсын наадамд түрүүлж 28 жилийн дараа аавынхаа АВАРГА цолыг авсандаа баяртай байна
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-14

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2229, Их Монгол Улсын 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Увс аймгийн Давст сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Увс нуур” дэвжээний бөх Пүрэвийн Бүрэнтөгсөд “Улсын аварга” цол олголоо. “Улсын аварга цол олгох тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир уншиж сонордуулав. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга улсын аварга цолны батламжийг нь гардуулан өгч, энгэрийн тэмдгийг нь зүүж, баяр хүргэлээ.

Монгол Улсын 25 дахь аварга П.Бүрэнтөгс “Бөхөд элэгтэй Монголын ард түмэндээ энэ сайхан өдрийн мэнд хүргэе. 2012 онд түрүүлснээс хойш 9 жилийн дараа хоёр дахь удаагаа түрүүлж байна. Энэ хугацаанд намайг түрүүлчхээсэй гэж чин сэтгэлээсээ хүсэж, мөрөөдөж, миний төлөө залбирч байсан бүх хүмүүстээ чин сэтгэлээсээ баярлалаа. Та бүхний хүсэл биеллээ. Ганц миний баяр биш ээ. Намаг дэмжиж байдаг Монголын Ард түмний баяр аа.

Намайг дэмжиж байдаг Гацуурт компани, ТЭЦ4, Зэвсэгт хүчний 350-р анги, Тун мэнд хувьцаат компани, Увс нуур бөхийн гал гээд маш олон байгууллага байдаг. Намайг дэмжиж байдаг энэ бүх байгууллагуудад бүгдэд нь баярлалаа гэж хэлье.

Манай аав 1992 онд Монгол Улсын анхны аварга болж байсан. 28 жилийн дараа би аавынхаа цолыг авч байна. Маш их баяртай байна” гэв.

 

Улсын аварга П.Бүрэнтөгс 1988 онд Увс аймгийн Давст сумын харьяат аварга  малчин Пүрэвийн гэр бүлд төржээ. 2004 онд Давст сумаас аймгийн төвийн арван жилийн II дунд сургуульд суралцан, зургадугаар ангид орсноос хойш Увс аймгийн Улаангом сумын “Эрдэм оргил” цогцолбор сургуулийн биеийн тамирын багш Ш.Бат-Очирын удирдлагад үндэсний бөхөөр тууштай хичээллэж эхэлжээ. Мөн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд үзүүрлэсэн Увс аймгийн Ховд сумын харьяат, “Увс нуур” дэвжээний бөх, Монгол Улсын аварга Намсрайжавын Батсуурьт дурсгалын зүйлс гардуулав.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.14.134.17)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.