Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам гэж би боддог
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-07-16

Манай улсын ард иргэд ээ! Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын дарга, эрхэм гишүүд ээ!

Та бид туурга тусгаар улсынхаа төрийн эрх барих дээд байгууллага Улсын Их Хурлыг амжилттай сонгон байгуулж чадлаа. Улсынхаа Ерөнхий сайдыг багаар нь дэмжиж, хийж бүтээж буй бүтээн байгуулалтын ажил, шударга ёсны төлөө тэмцлийг нь тууштай үргэлжлүүлэх нь зүйтэй хэмээн үзэж, дэмжин сонгосон ард түмэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Надад дахин итгэл үзүүлж, Монгол Улсын Ерөнхий сайдын нэр хүндтэй, хариуцлагатай албанд томилсон Монгол Улсын Их Хурал, нэр дэвшүүлсэн  Монгол Ардын Намын журмын нөхдөдөө дахин талархал илэрхийлье. 

Одоо Та бидэнд ард түмнийхээ итгэл найдварыг хичээл зүтгэлээр хариулах үлдлээ. Сонгуулийн ялалт маань сонгуулийн хариуцлагаар солигдож байна. Энэ удаагийн сонгууль улс төрийн намуудын өрсөлдөөн гэхээсээ илүүтэй улс төр бизнесийн бүлэглэл ялах уу?, шударга ёсыг хүсэмжилсэн ард түмэн ялах уу? гэсэн нэн амаргүй тэмцлийн дунд өрнөлөө.  Манай ард түмэн төр барих дээд эрхээ эдэлж, задарсныг засагладаг, ядарсныг хайрладаг төртэй байх сонголтыг хийлээ. Сонгогч олон маань өнгө мөнгө, хоосон амлалт, улс төрийн хийрхэлд авталгүй, хийсэн бодит ажил, бүтээсэн үр дүн, хөгжлийн бодлого, тууштай зарчим, ёс зүй, шударга ёсыг үнэлдэг болсон гэдгээ дахин нотлон харууллаа.

Монголын ард түмэн тогтвортой улс төр, тогтвортой төр засагтай байх нь улс орны хөгжил дэвшил, үндэсний аюулгүй байдал, ард түмний амьдралд илүү чухал гэж үзэж байгаа нь энэ сонголтоос тод харагдаж байна. Гадаад талд ч энэ нөхцөл байдал бас мэдрэгдэж байна. Сонгуулийн маргааш гэхэд л олон улсын зах зээл дээр манай улсын хувьцааны үнэ ханш өссөн нь төр засаг, төрийн бодлого тогтвортой байхын чухлыг нотлон харуулж байна.  Энэхүү сонгууль нь Ардын Хувьсгалын 100 жил, Ардын Намын 100 жилийн ойн өмнө тохиож байгаагаараа түүхэн онцлогтой юм. Энэхүү түүхт ойн босгон дээр Монгол Ардын Нам парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан нь Монголын ард түмэн Ардын намд өндөр итгэл найдвар үзүүлж, үүрэг хариуцлага үүрүүлж байна гэдгийг бид бүхэн гүнээ ухамсарлаж байна.

Монгол хэмээх улсын тулах хоёр баганын нэг нь Ардын нам гэвэл нөгөө нь Ардчилсан нам гэж би боддог. Амжилт ололт, алдаа дутагдалтай ч ардчилсан өөрчлөлтийн 30 жилийн түүхийг бид хамтдаа бүтээсэн. Цаашид ч манай хоёр намын харилцан ойлголцол, хамтын ажиллагаанаас Монгол Улсын ирээдүйн хувь заяа ихээхэн шалтгаална гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Ирэх 30 жилд үндэсний язгуур эрх ашгийг дээдлэн, эв нэгдлийг эрхэмлэн Монгол Улсынхаа хөгжил, дэвшлийн төлөө намууд нь зөв бодлоготой, улс төрчид нь зөв сэтгэлтэй, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй байж, хамтдаа хүчин зүтгэхийг Ууган намын дарга, Улсын Ерөнхий сайдын хувьд бүх улс төрийн нам, хүчнүүдэд уриалж байна.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Дэлхий нийтийг хамарсан аюулт өвчин, цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэл, давагдашгүй хүчин зүйлүүд, ирэх 4 жилд төлөгдөх Мазаалай, Чингис, Гэрэгэ, Хуралдай зэрэг бондын 2.9 тэрбум ам.долларын өр болон бусад шийдлээ хүлээсэн олон арван асуудал, хүндрэл бэрхшээлүүд Та биднийг тосон хүлээж байна. Шинэ Засгийн газар хүндхэн цаг үед хүнд ачааг үүрч ажиллах болно гэдгийг ч бид мэдэрч байна. Бид амаргүй он жилүүдийг хохирол багатай даван туулж, улс орныхоо эдийн засгийг хөл дээр нь босгох зайлшгүй шаардлагатай байна. Энэ бүгдийг нарийн тооцоолж, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусган та бүхнээр хэлэлцүүлэх болно. Шинэ Засгийн газрын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа-2050” Монгол Улсын ирэх 30 жилийн хөгжлийн бодлогын эхний дөрвөн жилийн зорилт, төлөвлөлт байх болно. Ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх дөрвөн томоохон зорилтын талаар онцлон хэлье.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.218.118)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.