Солонгос дахь Монголчууд наадмаа тэмдэглэж байгаад согтуурхан нэгнийхээ толгойг СӨЖҮНИЙ шилээр хагалжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-17

Өнгөрөгч 12-13-нд шилжих шөнө БНСУ-ын Сөүл хотын нэгэн дэлгүүрт 30-40 насны гурван монгол залуу согтууруулах ундаа ууж байхдаа муудалцаж, улмаар нэгийгээ архины шилээр цохиж, зодсоны улмаас биед нь хүнд бэртэл учруулсан тухай мэдээлэл БНСУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж эхэлжээ.

-МОНГОЛ ЗАЛУУС АРХИДАН СОГТУУРЧ, НЭГИЙГЭЭ АРХИНЫ ШИЛЭЭР ЦОХИЖ ХҮНД БЭРТЭЭЖЭЭ-

Тодруулбал иргэн А нь маргасны улмаас хамт ууж байсан монгол залууг архины шилээр цохиж, үргэлжлүүлэн зоджээ. Тухайн үйл явдал болох үед хөндлөнгөөс харж байсан гэрчийн мэдээлж буйгаар:

“Дэлгүүрийн гадаа саравчинд гурван эрэгтэй хүн согтууруулах ундаа ууж байсан. Удалгүй архины шил хагарах чимээ гарахад би гарч харсан юм. Бороо орж байхад тэд нэгийгээ зодож байсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн” хэмээх мэдээллийг өгчээ.

-ТАНХАЙРСАН МОНГОЛ ЗАЛУУГ СӨҮЛ ХОТЫН ЦАГДААГИЙН ГАЗАРТ ТҮР СААТУУЛЖЭЭ-

Өдгөө монгол залуусын холбогдсон гэх эл хэргийг Сөүл хотын Гванжин дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж буй аж. Хэргийг үйлдсэн гэх А-нь бусдын эрүүл мэндэд санаатайгаар хохирол учруулсан гэх үндэслэлээр буруутгагдан түр саатуулагдсан гэх мэдээлэл байна. Цагдаагийн байгууллагаас хэргийн нарийвчилсан нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байгаа гэнэ. Гэмтсэн монгол залуугийн бие хүнд бэртэлтэй, эмнэлгийн тусламж авч байгаа ажээ.

БНСУ-д сүүлийн тав хоногийн турш гадаадын иргэд тэр дундаа Монголчууд архидан согтуурч, улмаар танхайрсан гэх дуудлага олон бүртгэгдэж байгааг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр онцолжээ. Ийн хэрэг гарах болсон шалтгааныг Монголын үндэсний уламжлалт баяр болох “Наадам”-тай холбож буй аж.

БНСУ-д оршин суух гадаад иргэд тэр дундаа Монголчуудын тоо тогтмол өсөж, түүний хажуугаар сүүлийн үед гарах гэмт хэрэг буурахгүй байгаатай холбоотойгоор гадаадын иргэдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нэн даруй авах хэрэгтэйг мэргэжилтнүүд онцолсон байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.107.31)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.