Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасаар өнөөг хүрсэн заан Ц.Баярсайханд холбогдох хэрэг 18 сая төгрөгийн торгуулиар эцэслэгдэв
Үйл явдал
/
2020-07-18

Улсын заан Цэдэндамбын Баярсайхан нэр бүхий хүмүүсийг залилан мэхэлсэн хэрэгт холбогдон шалгагдсан.  Улсын заан Ц.Баярсайханд Эрүүгийн хуулийн 148.4-т зааснаар түүнд ял төлөвлөөд байсан юм. Анхан шатны шүүхээс 2016 онд Ц.Баярсайханд 11 жил хорих ял чанга дэглэмтэй ангид эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг нь төлүүлэхээр шийдвэрлэсэн ч хэргийг мөрдөн байцаалтад буцааж байв. 

Ц. Баярсайханд холбогдох хэргийг эргэн сануулбал, түүнийг хуурамч бичиг баримт ашиглан бусдаас 500 сая төгрөг залилсан гэх хэргийг шүүх өнөөг хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байна. Учир нь анхан шатны шүүхээс түүнд чанга дэглэмтэй ангид 11 жил ял эдлүүлэх, хоёр сая төгрөгийн эд хөрөнгө хурааж, хохирогч Т.Алтанцэцэгт учруулсан хохирлоос төлөөгүй үлдсэн 390 сая төгрөгийг нь төлүүлэхээр шийдвэрлэсэн ч давж заалдсаар, Улсын дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасаар өнөөг хүржээ.

Олон жил мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд “сунжирсан” уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны долдугаар сарын 7-ны өдөр хэлэлцсэн байна. Шүүхээс Улсын заан Ц.Баярсайханыг дахин гэм буруутайд тооцож, Т.Алтанцэцэгт “Мах импэкс” компанийн албан баланканд бичсэн, Г.Бүдрагчаа нарын гарын үсэг бүхий хуурамч гэрээгээр халхавчлан залилан мэхэлсэн гэж үзсэн. Гэхдээ ялыг хөнгөрүүлсэн юм.

Тодруулбал, Ц.Баярсайханд бусдыг залилсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 17.3-2.2-т зааснаар 15 000, мөн хуулийн 21.1-1 дэх хэсэгт заасан “Хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, түүнийгээ хуурамч болохыг мэдсээр байж хууль сахиулагчид, прокурорт, шүүхэд гаргаж өгсөн” гэх үйлдэлд нь 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэлээ. Өөрөөр хэлбэл түүнд 18 сая төгрөгөөр торгох ял оноосон юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.168.203)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.