С.Баярцогтод 10 жил ХОРИХ ЯЛ, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарыг 4 жил ХОРИХ ЯЛ оноохоор болжээ
З.Батхуяг
Үйл явдал
/
2020-07-18

Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт, Б.Бадрал, Д.Ганболд, Б.Ариунсан нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна. Улмаар уг хэрэгт холбогдогч С.Баярын хэргийг тусгаарласан бол С.Баярцогт, Да.Ганболд, Б.Бямбасайхан нарт ял оноох шийдвэр гаргажээ. Тодруулбал Сангийн сайд асан С.Баярцогтод 10 жилийн хорих ял, өмч хөрөнгийг нь хураах, Д.Ганболд, Б.Бямбасайхан нарт тус бүр дөрвөн жилийн хорих ял оноох шийдвэр гаргажээ. Тэднийг Оюутолгой төсөл болон Дубайд зурагдсан гэрээтэй холбогдуулан шалгаж байгаа билээ.

Тодруулбал,

  • Шүүгдэгч С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж дөрвөн жилийн хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар 3 /гурав/ жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж гурван жилийн хорих ял тус тус шийтгэв.
  • Мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.Баярцогтод 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж дөрвөн жилийн хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан гурван жил хорих ял, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, гурван жилийн хорих ялуудыг тус бүр нэмж нэгтгэн нийт 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулжээ.
  • Харин шүүгдэгч Б.Бямбасайхан, Д.Ганболд нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, дөрвөн жилийн хорих ял,
  • Шүүгдэгч Б.Ариунсан, Б.Бадрал нарт 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 34 дүгээр зүйлийн 34.1, 35 дугаар зүйлийн 35.5, 35.6 дахь хэсэгт заасныг тус тус журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, 1.6 жил хорих ял тус тус шийтгэв.

Мөн шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.190.156.93)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.