Ё.Дамчаабадгар: Монгол бүжиг өөрөө үнэн, бүх юм нь судалгаатай баримттай болохоор УСТАХ боломжгүй.
Ярилцлага
/
2020-07-30
Манай энэ долоо хоногын ярилцлаганд Цагдаагийн "Сүлд" чуулгийн бүжгийн багш, бүжиг дэглээч, СТА Ё.Дамчаабадгар уригдан оролцлоо.

- Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. “Дэлхий тойрсон биелгээ” гэсэн богино хэмжээний их гоё бичлэг өөрийн тань цахим хуудаснаас үзэж байсан. Энэ бичлэг цаашид хийгдэх үү. Дэлхийн аль аль оронд хийгдсэн бэ? Энэ талаар яриагаа эхлэе.

- Дэлхий тойрсон биелгээ гэх энэ контентийн санаа нь их эрт төрсөн л дөө. Анх 2019 оны нэг сард ХБНГУ-д болсон бүжиг дэглээчдийн тэмцээнд оролцож байхдаа зориглоод эхлүүлж байсан. Германы Штутгарт хотод Форш, Мерседес Бенз машины үйлдвэрлэл байдаг юм байна лээ. Тэр үйлдвэрийн гадаа биелэсэн бичлэгээ онгоцонд суусан хойноо засах гэж байгаад санаандгүй устгаад цацаж чадаагүй. Тэгээд орхицон байж байгаад. 2019 оны долоодугаар сард БНСУ-д мэргэжил дээшлүүлээд суралцаж байхдаа ахиж эхлүүлэхээр шийдээд тэнд ажилладаг Билгүүн гэдэг ахтайгаа хамтраад контентоо хийсэн. Энэ контентний санаа яаж орж ирсэн бэ гэхээр. Би их олон улс оронд тоглолтонд оролцдог л доо. Гэхдээ хамгийн ихдээ 500, 600 хүн л үздэг. Гэтэл тэрний цаана байгаа олон сая хүнд хэрхэн хүргэх вэ гэж бодож эхэлсэн. Тэгээд би дэлхийн алдартай газруудад очиж биелэх юм бол илүү олон хүнд хүрэх боломжтой юм байна гэж бодоод анх контентийнхоо санааг олж байсан. Ер нь бол энэ жилийн гурван сар дотор багтаагаад Хятад, Орос, Сингапур зэрэг улсуудад очиж биелгээ хийх зорилготой байсан. Харамсалтай нь энэ вирус гараад хил хааснаар явах боломжгүй болсон. Гэхдээ энэ контент маань их хэрэгтэй зүйл байсан болохоор цааш нь үргэлжлүүлнэ. Монголын үзэсгэлэнт газруудаар явж үргэлжлүүлнэ. Монгол гэж яг ямар үзэсгэлэнтэй байгальтай юм гэдгийг дэлхийн өнцөг, булан бүрт байгаа хүмүүст хүргэхийн төлөө үзэсгэлэнт газруудаараа явж бичлэгээ хийх гээд ажлаа төлөвлөж байна.

- “Язгуур” баримтат кино төсөл эхлүүлсэн гэсэн. Сүүлийн үеийн уран бүтээлийн талаар ярилцъя?

- “Язгуур” баримтат кино төсөл маань яг миний зуун хувь бүтээл биш. Ерөнхий найруулагч буюу намайг дэмжиж байгаа хэд, хэдэн хүн байгаа. Ерөнхий найруулагч нь Баттулга гээд ах маань ер нь бол бүх зураг авалтын төсөв, санхүүг хариуцаж ажиллаж байгаа юм. Туслах зураглаач нь Тэмүүжин гээд залуу байгаа. Сая киноныхоо анхны зургыг  Өвөрхангай аймагт эхэлсэн.  Өвөрхангай аймгийн үзэсгэлэнт газруудад ерөнхийдөө зуны зураг авалт хийсэн. Энэ киноны гол утга санаа нь бүжгийн язгуур зүйл гэж яг юу юм бэ гэдэг талаар харуулсан. Яагаад заавал бид нар тайзан дээр эсвэл заалнаас бэлтгэлийн зүйлээ авна гэж. Гэтэл байгалиас ч юм уу, бидэнд заяасан энэ гоё зүйлүүдээс мэдрэмжийг аваад тэрнээс уран бүтээл хийж болохгүй гэж гэдэг талаас нь, тийм мэдрэмж өгөхөөр уран бүтээл хийж байгаа. Бусад зүйлийг нь болон язгуур зүйл гэж юуг нь судлаад байгаа юм гэдгийг кино нь дээрээс нь баримттай харвал илүү гоё байна байх. Кино ерөнхийдөө гурван улирал дамнаж зураг авалт хийгдэнэ.

- Цагдаагийн “Сүлд” чуулгад ажлаад хоёр жил болж байна гэсэн. Анх энэ чуулгад хэрхэн орж байв. Урилгаар орсон уу, шалгуулж орсон уу?

- 2017 оны долоодугаар сард СУИС-ийг төгссөн. Төгссөн сардаа БНСУ-руу тэтгэлэг аваад тэнд нэг жил сурсан. Тэгээд тэтгэлэг дуусаад Монголд ирсэн. Ерөнхийдөө үргэлждүүлээд явах зорилготой байсан л даа. Анх “Сүлд” чуулгад гурван сар л ажиллахаар гэрээт ажилтнаар орж байсан. Гэрээний хугацаа дуусангуут БНСУ-руу явж сурна гэсэн зорилготой орж байсан. Анх миний зорилго бол Ардын урлагын “Түмэн Эх” чуулга байсан. Тэгээд очоод уулзсан “Орон тоо байхгүй байна. Түр хүлээ” гэсэн л дээ. Тэгээд “Сүлд” чуулгад очоод уулзсан. Тэр үед бүжгийн багш нь Оюунномин гээд одоо манай ерөнхий найруулагч байсан. Оюунномин эгч маань намайг их нааштайгаар хүлээж аваад их богинохон хугацаанд тогтоол, шийдвэрийг нь гаргуулаад бүжигчин гэдэг орон тоон дээр цалинжуулаад ажлуулсан. Тэгээд ажлаад эхэлсэн юун нөгөө гурван сар. Хүмүүс дэмжээд байхаар би ч гэсэн тэр хүмүүсийн итгэлийг алдахгүйн тулд илүү их хичээх хэрэгтэй болсон. Тэгээд одоо нэг мэдэхэд 2 жил болсон байна.

- Өөрийг тань Баянхонгор аймгийн Баянцагаан суманд төрж өссөн гэж сонсож байсан. Нутаг ус, хүүхэд нас, анх бүжиглэж байсан үе гээд дурсахад гэгээлэг дурсамжуудаасаа хуваалцвал?

- Тиймээ. Би Баянхонгор аймгийн Баянцагаан суманд Ёндонгийн хамгийн бага хүүхэд болж мэндэлсэн. Багаасаа бүжгийн урлагаар хичээллэж байсан л даа. Харин мэргэжлийн бүжигчин болсон гэвэл 2006 оноос буюу 12 настайгаасаа эхлээд Баянхонгор аймгийн “Хөгжимт драмын театр”-ын бүжгийн багш МУ-ын гавьяат жүжигчин Алтанцэцэг багш дээрээ яг бүжигчин болох гараагаа эхэлж байсан.

- Хоёулаа Монгол бүжгийн талаар яриагаа үргэлжлүүлэе. Ер нь Монголд Монгол бүжгийн урлаг хэр сайн хөгжсөн бэ?

- Монгол бүжгийн урлаг хөгжиж байгаа. Хамгийн гол суурь нь өөрөө үнэн, бүх юм нь судалгаатай баримттай болохоор устах боломжгүй. Харин хөгжлийн хувьд гэх юм бол хөгжиж байгаа хэдий ч маш их удаашралтай байгаа. Мэдээж магадгүй төр засгаас бүжгийн урлагыг дэмжээд яг “The Hu” хамтлаг шиг бодлогоор дэмжиж өгөх юм бол Монголын бүжгийн урлаг дэлхийд ч гарах боломж нээлттэй байгаа юм. Өнгөрсөн сонгуулийн дараа Соёлын яам байгуулагдсан. Энэ нь манай Монголын урлаг хөгжихөд том давуу тал болж байгаа юм. Үүнд манай урлаг соёлынхон болоод миний зүгээс их тааламжтай байгаа. Соёлын яамны гол барьж байгаа бодлого бол “Соён гэгээрүүлэх” ажлыг өргөн хийнэ гэсэн байсан. Мөн манай “Сүлд” чуулгын онцлог, чиг үүрэг маань соён гэгээрүүлэх юм. Манай чуулгын чиг үүрэгтэй нийцэж байгаа болохоор бид бүхэн их баяртай байгаа.

- Олон улсын тэмцээн, уралдаанд оролцож байхад Монгол бүжиг юугаараа ялгарч харагддаг юм. Чи өөрөө мэргэжлийн бүжигчний хувьд мэргэжлээрээ бахархвал?

- Олон улсын уралдаан тэмцээнд оролцож байхад Монгол бүжгийн бусад орны бүжгүүдээс ялгарах хамгийн гол зүйл бол биелгээний мөрний цохилго, дугтраа, сугсраанууд олонтой, элбэгтэй. Тэрнээс гадна нам сууж байгаа биелдэг тэр онцлог нь бусад бүжгүүдээс ялгарч чаддаг юм байна лээ. Би нэг судалгааны ажил уншиж байсан. Тэрэн дээр Хятад улс 56 үндэстэнтэй. Хятадын хамгийн том алдаа нь 56 үндэстнийхээ бүжгийг хооронд нь хольцон байгаа юм. Тэгээд одоо Хятад улсын хамгийн түрүүнд хэрэгжүүлж байгаа нэг бодлого болохоор тэр 56 үндэстнийхээ бүжгийн ялгааг гаргаж судлагаа хийх юм байна лээ. Харин Монгол бүжиг бол анхнаас нь тус тусад нь салгаж өвлүүлж чадсан болохоор бид нар түүнийг нь судлаад цаашид хөгжөөд явах боломжтой байгаа юм.

- Өөрөө шавьтай юу?

- Шавь нар бол байгаа. Өмнө нь зөвхөн бүжиг заагаад л орхидог байсан бол одооноос яг шавь сургалт, яг мэргэжлийн бүжигчин болох, дараа нь том болоод бүжгийн урлагийн төлөөлөгч болох тийм хүүхдүүдийг бэлдэх бодолтой байгаа. Бас миний өөрийн баримталдаг зүйл нь бүжиг гэдэг нь ганцхан хөдөлгөөн заах зүйл биш юм аа. Хүмүүжүүлэх ёстой. Тэр хүнийг соён гэгээрүүлээд, ирээдүйд ямар байр суурьтай, ямар хүмүүжилтэй хүн болгохын тулд бид нар ажиллах ёстой гэдэг тийм зүйл баримталдаг болохоор тэр чиглэл рүү хандсан зөндөө юм хийх гээд төлөвлөөд, хүнээс дэмжлэг туслалцаа аваад явж байна.

- Сүүлийн үед СУИС, өөр бусад хувийн урлагийн сургуулиудад өв тээгч, язгуур урлаг сонирхож байгаа хүүхдүүд хэр их элсэж ордог юм бэ?

- Ер нь яг СУИС-ийн хамгийн том элемент бол энэ “Бий биелгээ” юм. Өөр газар заадаггүй. Яахав өв тээгч нар бол байдаг. Энийг мэргэжлийн болгоод, системд оруулаад заадаг сургууль нь ганцхан СУИС юм. Тиймдээ ч ардын урлагаа өвлөе, ардын урлагаа хөгжүүлэе гэсэн зорилготой хүүхдүүд маш их элсэж орж ирдэг. Монголд Бий биелгээний хамгийн гол үндэс, мэргэжлийн бүжигчдийн системд оруулсан хүн МУ-ын Ардын жүжигчин, бүжиг дэглээч Д.Нанжид гэж хүн байсан. Тэр хүн бол маш олон жил судалгаа хийгээд, түүнийгээ мэргэжлийн бүжигчидэд яаж сургаж, дэлхийд энэ биелгээ гэдгийг яаж гаргаж болох вэ гэдэг зүйлийг хийсэн хүн. Д.Нанжид багшийн шавь нар нь одоо МУСТА М. Мөнгөнцэцэг, МУУГЗ Д. Баярбаатар МУГЖ Д. Энхгэрэл нар байна. Ер нь бол Д.Нанжид багшийн системчилж өгсөн дасгал,хөдөлгөөн одоо ингээд үргэлжлээд яваад байгаа юм. 

- Чи төгссөн сургууль, эзэмшсэн мэргэжлээсээ юуг олж авсан бэ. Мэдээж мэргэжлийн бүжигчин болсон. Хувь хүн талдаа юуг олж авсан бэ?

- Анх намайг бүжгийн урлаг руу хөтөлж оруулсан Алтанцэцэг багш маань бид нарыг ганц бүжиглүүлээгүй. Амьдралд сургаж, хүмүүжүүлсэн. Бүжигчин хүн гэхээр толгой муутай байж болохгүй. Ном унш. Өөр зүйл рүү хөрвөх чадвартай байх хэрэгтэй гэж сургасан. Харин СУИС-д орж суралцсанаараа хөрвөх чадвар маань илүү дээшилсэн. Анх СУИС-д ороогүй байхдаа миний бодол бол Ардын урлагын “Түмэн Эх" чуулгад орчих юм бол миний мөрөөдөл биелэх гээд байна гэж боддог байсан бол сургуульдаа сураад, олон улсын тэмцээнд оролцоод ирэхээр тархи маань задраад “Би ганцхан Монголоороо сэтгэж болохгүй юм байна. Өшөө илүү явах ёстой юм байна” гэдгийг ойлгосон.

- Саяхан өөрийн тань нэг ярилцлагыг уншиж байхад ном унших дуртай гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй ярьвал. Хэний ямар зохиолд хайртай гээд?

- Уншдаг зохиолч гэвэл Л.Өлзийтөгс зохиолчын зохиолууд амьдралд ойрхон байдаг. Бас Сарантуяа гээд зохиолчын номнуудыг уншдаг. Сүүлд Ц.Оюунгэрэл зохиолчын “Жаран цагаан хонь” “Ногоон нүдэн лам” тиймэрдүү төрлийн зохиол уншдаг. Яг энийг голчилж уншдаг гэсэн юм байхгүй. Харж байгаад аль болох сонирхолтой, үр өгөөжтэй магадгүй дотроос нь бүтээл туурвиж болохоор тийм зохиол уншдаг. Жишээ нь Л.Өлзийтөгс зохиолчийн хоёр зохиолоос нь бүжиг дэглэсэн байдаг.

Ярилцсанд баярлалаа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.175.52)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.