Л.Халтар: Г.Дамдинням гишүүн ээ!!! Уучлаарай. Дарханы зам энэ онд ашиглалтад ОРЖ АМЖИХГҮЙ
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-08-11

УИХ-ын гишүүн Г.Дамдинням Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн 204 км хатуу хучилттай зам тавих ажлыг шуурхайлахад хэрхэн анхаарч байгаа талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт асуулга тавьжээ. Тус зам нь дөрвөн эгнээтэй бөгөөд эхний хоёр эгнээг нь Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр, таван багцад хуваан, тавьж буй. Үүнд БНХАУ-ын дөрвөн компани гүйцэтгэгчээр нь шалгарсан юм. Үлдсэн хоёр эгнээг нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр барихаар сонгон шалгаруулалт явуулж байгаа билээ.

Дээрх асуулгын хариунд “Азийн хөгжлийн банкны Худалдан авах журмын хүрээнд Улаанбаатар-Дархан-Уул чиглэлийн хатуу хучилттай зам тавих ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын дөрвөн компани шалгарсан. Ажлыг нь энэ оны зургадугаар сард дуусгахаар төлөвлөж, 2019 онд багтаан 70 хувийг нь хийх байсан ч 25 хувийг нь л амжуулжээ. Гүйцэтгэл муутай байгаа хоёр, дөрөвдүгээр багц замыг хариуцагчид анхааруулга хүргүүлсэн болно. Энэ оны гуравдугаар сард замын ажлыг эхлүүлэхээр төлөвлөсөн ч “Ковид-19”-ийн халдвар, хөл хорионы дэглэмийн улмаас хятад ажилчид ирж чадаагүй. Ингээд эхний ээлжийн 105 ажилчныг оруулж ирэхээр Засгийн газар, УОК-т танилцуулсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, зөвшөөрөөгүй. Одоо нэгдүгээр багц замынх нь ажил 53, гуравдугаарынх нь 42, тавдугаар багцынх 38 хувийн гүйцэтгэлтэй байна. Хоёр, дөрөвдүгээр багц замын ажилд нь огт ахиц гараагүй. Энэ багц замыг хариуцагч нь Монголын “Койн ТТБХ” компанийг туслан гүйцэтгэгчээр ажиллуулах болсон ч санхүүжилт өгөөгүй шалтгаанаар ажил нь урагшлаагүй байна. Нэгдүгээр багцын 37, гурвынх нь 45, тавдугаар багцын 30, нийт 113 км авто замын хучилтын ажлыг ирэх аравдугаар сард дуусгахаар төлөвлөж буй ч цаг агаарын нөхцөлөөс үүдэн ажилд хүндрэл учирч байгаа. Хоёр болон дөрөвдүгээр багцын 90.58 км авто замыг энэ онд багтаан тавих боломжгүй” гэж тайлбарлажээ. Мөн цементийн хомсдол, хятад ажилчдыг оруулж ирэх, эрт хүйтэрвэл хучилтыг нь технологийн горимын дагуу хийхэд хүндрэл гарах зэрэг асуудал тулгарч буйг дурдсан байна.

Хоёр, дөрөвдүгээр багц замын ажлыг хариуцаж буй компанийн талаар БНХАУ-ын Элчин сайдын яамнаас тодруулахад “Танайх сонгон шалгаруулалт хийсэн. Байгуулагдаад нэг ч зам тавих ажил хийгээгүй, хүн хүч, техникийн боломж муу компанийг шалгаруулсан нь сонин. Манай улсын зүгээс компанийн удирдлагад шаардлага хүргүүлсэн. Энэ ажлыг хурдавчлах чиглэлд анхаарч ажиллана” гэсэн байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.206.135)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.