Д.Өнөрболор: Эмэгтэйчүүд нийгмийн асуудалд л оролцдог гэсэн хэвшмэл ойлголтоос салах ёстой
Г.Золбаяр
Ярилцлага
/
2020-08-13
Эх сурвалж: Улстөрч сэтгүүл
 
Монгол Улсын Их Хурлын гишүүн Дамдинсүрэнгийн Өнөрболортой ярилцлаа. Тэрбээр Сэлэнгэ аймгийн 13-р тойргоос УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Д.Өнөрболор Монголын нийт хүн амын дийлэнх хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, тэдний дуу хоолой болдог 100 жилийн түүхтэй “Монголын эмэгтэйчүүдийн холбоо”-ны Сэлэнгэ аймаг дахь салбарын тэргүүнээр ажилладаг, хөдөлмөрч, дайчин, шилдэг бизнесменүүдийн нэг юм.

-Монгол түмний итгэлийг дааж, төрийн түшээ болсонд баяр хүргэж, амжилт хүсье!

-Би Сэлэнгэ аймгийн уугуул. Тэнд төрж өсөн, ажил амьдралынхаа гарааг эхэлж, хүний дайтай хүн болсон. Миний хувьд өвөг дээдсийнхээ сургаал ёсоор хүн шиг хүн байхын ухааныг нутаг уснаасаа олж авсан. Ач хариулах, нутгийн зон олныхоо итгэлийг дааж, чадал хүчээ гаргаж ажиллах цаг ирлээ гэж УИХ-д МАН-аас нэр дэвшиж Сэлэнгэ түмнийхээ итгэлээр ялалт байгууллаа. Би сонгуулийн кампанит ажлын цаг үеэр л гэнэтхэн гарч ирээд ялалт байгуулаагүй. Сэлэнгэ нутгаа бүхэлд нь хоёр удаа тойрч, 20 гаруй мянган км явж, 17 сум, зургаан тосгоны олон мянган иргэнтэй биечлэн уулзаж санал бодлыг нь хүлээж авсан. Сонгогч түмнийхээ хүсэл мөрөөдлийг нь сонслоо.  Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймгийн салбар зөвлөлийн тэргүүнээр сонгогдсоноосоо хойш Сэлэнгэ нутгийн хөгжлийн төлөө, иргэд олон түмнийхээ төлөө, эмэгтэйчүүдийн эрх ашгийг хангах, тэдэнд эдийн засгийн эрх чөлөө олоход нь туслах зорилгоор эрчимтэй ажиллаж ирлээ. Ялангуяа гадаад харилцааг хөгжүүлэх, бизнес хамтын ажиллагааны зөв зохистой бүтцийг бий болгох, хөгжлийн төсөөлөл, маркетингийг айл өрхийн жижиг бизнестэй уяж ойртуулж өгөх чиглэлээр эрчимтэй ажилласан. Сэлэнгэчүүд маань надад ам сайтай байдаг. Үүнд би баярлаж явдаг. Миний амьдралдаа мөрдөж ирсэн нэг хатуу зарчим байдаг. Энэ бол бусдын хүчээр биш, алдсан ч, оносон ч өөрийнхөө чадал хүчийг шавхсан хөдөлмөр зүтгэлээрээ амьдарна гэсэн философи. Би “Боломж бололцоогүй” гэдэг үгийг аль болох амнаасаа гаргахгүйг хичээдэг. Цаашдаа ч тэр зангаа тавихгүй. Энэ бүхнээс л надад ажиллах хурд, хүч, өнцөг, чиг тогтсон гэж болно доо.

-Төрийн түшээ хүний гол ажил бол хууль санаачлах. Шийдэх ёстой олон асуудал шил даран овоорч байна. Чухам ямар салбарын асуудлаар хууль санаачлах гэж байна?

-Дэлхий нийтийг харж байхад эмэгтэй улс төрч эрчүүдийн ард байдаг цаг үе өнгөрсөн. Аль л шийдэл хүлээсэн, хатуу харгис гэмээр, зайлшгүй өөрчлөх, хөгжүүлэх ёстой салбар байна. Би энэ бүх асуудалд орж ажиллана. Ний нуугүй хэлэхэд бизнес хөгжлийн төлөө барилгын хүнд салбарт орж, эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж ирсэн ажил, амьдралын туршлага надад бэрхшээлээс хойш суугаад байдаггүй зан чанарыг төлөвшүүлсэн. Хөдөлмөрийн гүйцэтгэлийг зохих ёсоор нь хангах ажлын арга барил манай улс, нийт иргэд, албан байгууллагад доголдолтой байна гэдгийг улам бүр мэдэрч байна. Жишээ нь, хэн ч гэсэн өөрийнхөө чадварыг ашигтайгаар гаргаж чаддаг тийм нийгэм бий болов уу гэдэг тун чухал асуудал. Ажил хөдөлмөрийн хэвшмэл бус олон талт шинж шингэсэн, бүтээмж өндөртэй боломжоор залуу үеэ хангасан нийгмийг бий болгож чадаж байна уу. Хүсэл тэмүүлэлтэй хүмүүст тал бүрийн боломжийг гаргаж өгч үйлдвэрлэлийн бүтээмж, ашиг орлогыг нь өсгөж байдаг нийгэм энэ мөн үү. Энэ бүхнийг ярихаар өрсөлдөх чадвар, ЖДҮ-ийг хөгжүүлэх гээд олон асуудал гарч ирнэ. Харин үүнээс дутуугүй гол зүйл нь хөдөлмөрийн бүтээмж, ажлын арга барилын асуудал юм. Товчхондоо монгол хүний ажил хөдөлмөрт хандаж байгаа хандлагыг эрс өөрчлөх цаг болсон. Ерөөс туршлага гэдэг бүтээмжтэй холбоотой болохоос биш насжилттай тийм ч холбоотой зүйл биш.  Энэ чиглэлийн холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах, шинээр хууль санаачлах асуудал байгаа. Дижитал соёл, хиймэл оюун ухаан, инновацид түшиглэсэн бүтээмжийг нэмэгдүүлэх, ажиллах соёл, уур амьсгалыг сайжруулах, хөдөлмөрийн хүнийг сэдэлжүүлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрээр хэрэгцээ шаардлагыг сайжруулах, ажлын агуулга, төвшин, уялдаа холбоог тодорхой, зөв болгох, үнэлгээний тодорхой нарийвчилсан заалтуудыг эргэж харах, засч сайжруулах, өөрчлөх гээд олон асуудал багтах сэдэв юм. Дэлхий ертөнц асар хурдан өөрчлөгдөж байна. Онлайн боловсрол, онлайн хөдөлмөрийг “КОВИД-19” бодитой болголоо. Мэдээлэл харилцааны дижитал хувьсгал салбар бүрийг өөрчлөх шинэ хөшүүрэг боллоо. Технологийн төдийгүй нийгэм, эдийн засгийн бүхий л салбарыг холбогч хүчин зүйл нь цахим салбар болж байна. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг сайжруулахад санаачилгатай ажиллана. Тэрчлэн хөдөө аж ахуй, газар тариалан, барилгын салбарын хууль эрх зүйн орчныг сайжруулахад салбарын зовлон, жаргалыг ойлгодог хүний хувьд идэвхтэй оролцоно.

-Энэ жилээс эхлээд улсын төсвийг Засгийн газар шийддэг болно. Тэгэхээр УИХ-ын гишүүдийн тойрогтоо татдаг төсөв багасаж, зөвхөн улсын чанартай бүтээн байгуулалтууд л хийгдэх нь. Сэлэнгэ аймгийн хувьд хамгийн чухал шийдэх ёстой ямар асуудал байгаа вэ?

-Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийг УИХ өөрчлөхгүй, өөрчлөх тохиолдолд зөвхөн зардалдаа багтаан, танах зүйл заалтыг хамт оруулна. Үндсэндээ зардал нэмэгдэхгүй байхаар хуульчилсан. Энэ нь ч  зөв. УИХ-ын гишүүд тойрогтоо татдаг төсөв багасаж байгаа ч улсын чанартай бүтээн байгуулалтууд хийгдэх нь барьцтай. Намын мөрийн хөтөлбөрт орсон зүйл заалтууд хэрэгжихэд ч сайн талтай. Одоогоор би Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хууль, Шилэн дансны тухай хуулиудын хэрэгжилтийн талаарх экспертүүдийн дүгнэлт, судалгаатай танилцаж байна. Сэлэнгэ аймгийн хувьд хамгийн тулгамдаад байгаа асуудлаас миний бие МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгуулсан зүйл олон бий. Намын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд анхаарал тавьж, Засгийн газрын төсвөөр хэрэгжүүлэх томоохон бүтээн байгуулалт, мега төслүүд дээр УИХ-ын гишүүний хувиар хяналт тавьж ажиллана.

-Энэ парламентад танаас гадна 12 эмэгтэй гишүүн байна. Эх хүн, эмэгтэй хүн бол амьдралын ч тэр, нийгмийн ч тэр хамгийн эмзэг, хүнд салбар руу зоригтой орж ажиллаж чаддаг. Та хэдээс их зүйл хүлээж байгаа. Учир нь өмнөх парламент нэгдэж, дорвитой ажил хийж чадаагүй. Нийгмийн салбарт эмэгтэйчүүд олон атлаа шийдвэр гаргах болон улстөрийн манлайллын хувьд цөөн, хүчгүй болчихдог. Үүний шалтгаан нь юу байдаг юм бол?

-Өнөөдөр хүн амын 50.85 хувийг бүрдүүлж буй Монголын эмэгтэйчүүдэд мэдлэг боловсрол, чадвар, сэтгэл зүтгэл хангалттай бий. Яамдын хүний нөөцийн бодлого эмэгтэйчүүдийн оролцоог зохих түвшинд хангаасай хэмээн хүсч байна.

Өнөөдөр дэлхийн хэмжээнд эмэгтэй сайд нар зөвхөн гэр бүл, нийгмийн асуудал эрхэлсэн яамдыг удирддаг байсан нь өөрчлөгдсөн. Олон улсын парламентын холбооны 2020 онд гаргасан тайлангаас үзэхэд дэлхий даяар Сангийн яамны сайд нарын 25 хувь, Батлан хамгаалах яамны сайд нарын 22 хувь нь эмэгтэйчүүдээр удирдуулж байна. Франц, Испани, Нидерланд, Швейцарь, Австрали, Япон улсад эмэгтэйчүүд Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байна. Нийгмийн эмзэг олон салбарт төдийгүй эгзэгтэй, хариуцлагатай шийдвэр гаргах төвшинд эмэгтэйчүүд сайн ажиллаж чаддаг гэдэгтэй маргахгүй. Ер нь жендерийн гэхээс илүү асуудал шийдлийн, бүтээн байгуулалт хөгжлийн асуудалд даацтай, судалгаатай, нотолгоон дээр суурилсан, зөв хандлага, дэлхийн чиг хандлагаас хоцрохгүй санал санаачилгууд дээр эрэгтэй, эмэгтэй гэхгүй хамтарч ажиллах нь үр дүнтэй.  Их Британийн Ерөнхий сайд байсан Маргарет Тетчерийн нэг алдартай үг бий. “Ажил хийлгэе гэвэл эмэгтэйчүүдээр хийлгэ. Ам уралдуулъя гэвэл эрчүүдээр яриул” гэж. (инээмсэглэв)

-“Ковид-19” цар тахал хүн төрөлхтөнд нүүрлээд буй “дайн” болж хувирлаа. Манай улс эртнээс бэлтгэлтэй байсан тулдаа асуудалд арай нухацтай хандаж байх шиг байна. Энэ өвчнөөр нэг ч монгол иргэний амь нас бүү эрсдээсэй. Хилийн чинад дахь нутаг нэгтнүүдээ бүгдийг нь татан аваасай билээ. Та энэ талаар ямар бодолтой байна?

-“Ковид-19” цар тахлын улмаас гадаадад гацаад байгаа олон зуун монгол иргэдийн эрх ашгийг юун түрүүнд ярих ёстой. Миний бие хилийн чанадад “гацсан иргэд”-ээ аль болох эх оронд нь авчрах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Энэ талаар сэтгэл зовж байна. Улс орнууд иргэдээ татахдаа тэр бүр онцгой заалт зэрэг, тусгай шаардлага тавиагүй. Хамгийн гол нь хугацаа алдалгүй, ихэнх улс орнууд иргэдээ эрт татаад дууссан. Иргэдээ татаж авах ажиллагааг маш шуурхай зохион байгуулж, үүсч болох нэмэлт эрсдлүүдээс хамгаалсан. Европын холбооны улсууд, ОХУ зэрэг орнууд өдөртөө маш олон нислэг үйлдэж хүнээ татсан. Ингэхдээ тусгаарлалт, хорио дэглэмийг маш сайн сахиулж байсан. Эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийг авчрахдаа цахим бүртгэл, өргөдлийн систем ашигласан байгаа юм. ОХУ төрийн үйлчилгээний нэгдсэн бүртгэлийн систем дээр тусгай зориулалтын линк, анкет бөглөх боломж олгосноор иргэд өөрсдөө эмх цэгцтэй мэдээллээ илгээх, мөн бүртгэл хяналтын албаны ажил хялбаршиж, төрийн үйлчилгээний нэгдсэн сүлжээ ашигласан тул иргэдийн мэдээлэл, дата-г тулгах, шалгахад баталгаатай, хурдан байснаас гадна иргэнд хариу өгөх, зохицуулалт хийхэд цаг алдахгүй давуу талтай байж. Иргэдийг татаж авах ажиллагааг Онцгой байдлын штаб, коронавирусийн эсрэг үйл ажиллагааны удирдах нэгжээр биш тухайн улсын Гадаад хэргийн яам, агаарын тээврийн компаниуд, Эрсдэлийн удирдлагын төв зэрэг газрууд хамтран удирдаж. Гадаадад байгаа иргэдээ ихэнх улс үндэсний авиакомпанийн буцах тийзтэй бол үнэгүй, гадаадынх бол хоёр дахин хямд үнээр, буцах тийзгүй, эсхүл төлөх боломжгүй иргэдэд зээлээр буцах зарчмаар зохицуулсан байна. Олгосон зээлдээ тодорхой хугацаа зааж санхүүгийн болон иргэний хариуцлага үүрүүлэх зарчмаар, агаарын тээврийн компаниудад шууд нислэгтэй орнуудын нислэгт улсаас нөхөн олговор, дотаци өгөх зохицуулалт хийж. АНУ, Европын холбоо, ОХУ зэрэг орнууд гадаадад буй иргэддээ санхүүгийн тусламж, дэмжлэг үзүүлж байсан. Үүнд зориулах санхүү төсвийг Засгийн газрын нөөц сан, Гамшгийг удирдах сан, Холбооны улсуудын дотоод зардал, ард иргэдийн хандив, тусламж зэргээс, мөн олон улсын санхүүгийн байгууллагаас ковидтэй тэмцэхэд олгож байсан тусламж төсвөөс тодорхой хэсгийг тус ажиллагаанд зарцуулсан байна. Монголчууд Солонгос руу богино хугацаагаар их зорчдог. Тэдний нэлээд хэсэг нь Солонгост эмчилгээ хийлгэх, ах дүү хамаатан саднаа эмнэлэгт дагаж очсон хүмүүс байдаг. Богино хугацаанд эмчилгээ хийлгээд харих хүмүүс төлөвлөснөөсөө илүү олон сараар үлдсэн учраас санхүүгийн хувьд тун хүндрэлтэй байдалд ороод байна. Тиймээс БНСУ-ын авиа компаниудтай хамтраад монгол иргэдээ олноор нь татан авах боломж бий. Солонгосын “Корейн Эйр” компани 2020 оны зургадугаар сараас эхлэн АНУ-ын Вашингтон, Сиатл, Канадын Ванкувер, Торонто, Германы Франкфурт, Сингапур, Бээжин, Куала Лампур гэсэн 13 газар руу нислэг үйлдээд эхэлсэн. Мөн бид “Asiana Air”-тай энэ чиглэлд хамтран ажиллах боломжийг судлах шаардлагатай. Солонгост “Корейн Эйр”, “Asiana Airlines”-аас гадна “Eastar Jet”, “Air Seoul”, “T'Way” гээд хямд өртгөөр нислэг санал болгодог компаниуд бий. Тэдэнтэй ч хэлэлцээ өрнүүлж, өөрсдийн нөхцөл байдлаа сайн ойлгуулбал хамтран ажиллах боломжууд гарч ирэх байх гэж найдаж байна. Гадаадын туршлагатай компаниудад хандаад чартер нислэгээр иргэдээ авах боломжийг хайхгүй бол Солонгос болон бусад улсад байгаа манай иргэдийн нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна. Энэ тал дээр би идэвхитэй хамтарч ажиллах бодолтой байна.

-Тантай хамт нэг тойргоос сонгогдсон Ж.Эрдэнэбат гишүүн “хуулийн мухардалд” орж, хилсээр ял эдлэх болчихоод байна. Унаж яваад морио, ханилж яваад нөхрөө гэдэг. Энэ хүнд өгсөн шийтгэлийг хэрхэн хүлээж авч байна вэ?

-Ж.Эрдэнэбат гишүүний хувьд би санал бодлоо олонтоо илэрхийлсэн. УИХ-ын хуралдааны танхимд ч, хэвлэлээр ч, шүүхийн гадаа жагсаж байгаа иргэд сонгогчдын дунд ч удаа дараа үгээ хэлсэн. Одоо Халдашгүй байдлын дэд хорооны гишүүдийн санал, дүгнэлтийг харгалзаж үзээсэй гэсэн байр суурьтай байна даа.

-Засгийн газар албан ёсоор бүрдлээ. Ер нь ямаршуу засаг бүрэлдэв?

-Энэ удаагийн Засгийн газарт салбараа сайн мэддэг, төрийн албанд олон жил ажиллаж ирсэн хүмүүс голдуу багтсан байна. Сайн кабинет бүрдлээ гэж бодож байна. Одоо салбараа, цаг үеэ, нөхцөл байдалдаа зөв дүгнэлт хийж, зөв мэдэрч, дэлхийн хөгжил дэвшлээс хоцрохгүй, хурдтай сайн ажиллах л хэрэгтэй.

-Цар тахлын улмаас дэлхий дахинд эдийн засгийн хямрал үүсэж, санхүүгийн доголдол бий болоод байна. Засгийн газар юуны өмнө авч хэрэгжүүлэх ямар ажил байна гэж та харж байна?

-“Ковид-19”-ийн үед хүнсний системийг илүү тогтвортой, уян хатан байлгах нь өнөөдөр тулгамдсан асуудал болоод байна. Тахал өвчний хүн амын янз бүрийн бүлэгт үзүүлэх нөлөө, авах сургамжийг ойлгож мэдэхэд оролцогч талуудыг татан оролцуулах нь нэн чухал. Тиймээс Засгийн газар ойрын хугацаанд хүн амын хүнсний хангамж хэрэглээг дээшлүүлэх чиглэлээр тариалангийн бүс нутгуудад онцгой дэмжлэг үзүүлж айл өрх бүрийг хүнсний ногоогоо тариалах, тариалснаа бүрэн бүтэн хурааж авах, зоорь хашаандаа хадгалахад дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ерөнхий сайд дотооддоо хүнсний ногоогоор зуун хувь хангахын төлөө байгаагаа удаа дараа илэрхийлсэн. Тиймээс өрх бүр үйлдвэрлэгч байж “Хашаанаасаа 50 сая” гэх мэт Сэлэнгэ аймгийн эмэгтэйчүүдийн хэрэгжүүлж байгаа санал, санаачилгад бодитой дэмжлэг үзүүлж улс орон даяар дэлгэрүүлэх хэрэгтэй юм.  

 

-Амьдрал баян. Ямар зүйлээс сайн сайхныг мэдэрч, эрч хүчийг олж авдаг вэ?

-Миний хувьд гэр бүл үр хүүхдээсээ амьдралын сайн сайхан, эрч хүч, зориг тэмүүллийг авдаг. Бас хийсэн бүтээснээрээ бахархаж, хүмүүсээс урмын үг сонсож, хүмүүсийг баярлуулж байх нь гайхамшигтай сайхан таашаал болдог доо. 

-Ажилдаа, амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ.?

-“Зан чанар гэдэг зарчмын дагуу ажиллах чадварыг хэлдэг” гэсэн И.Кантын үгийг санаж явдаг.

-Та гэр бүлээ манай уншигчдад танилцуулаач... ?

-Миний гэр бүлийн хүнийг Д.Ганбаяр гэдэг. Эрх зүйч мэргэжилтэй. Надад өмөг түшиг болж байдаг сайн ханьтай хүн дээ, би. Бид гурван хүүхэдтэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.196.191)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.