Р.Сэддорж: Компани ашигтай ажиллаж байгаагийн хамгийн том шалтгаан нь ажилчид
Г.Золбаяр
Ярилцлага
/
2020-08-14

-Тавантолгойн бүлэг ордын ээдрээтэй түүхийг бараг хүн бүхэн мэднэ. Орон нутгийн өмчит “Тавантолгой” компанийн захирлын хувьд өнгөрсөн түүхээс үлдсэн сургамж гэвэл ярих зүйл их байгаа даа?

Тавантолгойн бүлэг орд дэлхийд алдартай. Юугаараа алдартай гэж асууж магадгүй л дээ. Энэ бүлэг ордын хөрс хуулалтын коэффициент хамгийн бага. Өөрөөр хэлбэл газрын гадаргаас эхлээд нүүрс нь яваад маш налуу уналттай, уналтын градус багатай гэсэн үг.

Аюулгүй ажиллагааны тухайд өндөр үзүүлэлттэй ажиллах боломжтой орд. Ордын түүхийг ярья гэвэл 1900-гаад оноос эхлээд ярих болно. Эрт цагт тэмээгээр жин тээж нүүрс тээвэрлэдэг байлаа. Энэ тухай олон арван домог бий. Улсын үйлдвэрийн газар гэдэг утгаараа 1966 оноос анх байгуулагдсан цагаас бидний мэдэх түүх эхэлсэн. Тэр үеийн Түлш, эрчим хүчний яамнаас хүмүүс томилж Тавантолгойн бүлэг ордод хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон байдаг. Манай компани 1997 он хүртэл лицензийн талбайнхаа 11 390 га-гаар хэмжигдэж байлаа. Яг тэр жилдээ Ашигт малтмалын тухай хуульд ашиглалтын лицензийн төлбөрийг маш өндрөөр тогтооход манай компани лицензийн талбайнхаа мөнгийг төлж чадахгүйд хүрсэн байдаг. Одоо бидний үйл ажиллагаа явуулж буй лицензийн талбай 267.6 га-гаар л хэмжигдэнэ. Газрын зурагт “жижиг Тавантолгой” гэж ярьдаг. Гэхдээ бид энэ орд газрын анхны эзэд болсон ууган компани. Уурхайчдыг ярья гэвэл гурав, дөрвөн үеэр нь ярих шаардлагатай болно. Бүлэг орд дээр 2009-2010 оноос эхлэн компаниуд байгуулагдах болсон. Өөрөөр хэлбэл дүү уурхайнууд байгуулагдсан. Би дүү гэдгийг хувь хүний өнцгөөс бус уурхайн хувьд хэлж байгаа юм шүү. Энэ хоёр компани байгуулагдахад айл нүүгээд ирсэн мэт хүлээн авч, сайхан угтаж авсан. Түүхэнд ингэж л үлдэнэ. Бүлэг орд дээр үйл ажиллагаа явуулж буй компани гурван өөр бүтэцтэй, гурван өөр өмчийн хэлбэртэй учраас өөр өөрсдийн түүхийг олон жил бичиж явах нь дамжиггүй. Манай компанийн тухайд анх байгуулагдсан гэдэг утгаараа ажлын үр дүн, цаашдын чиг хандлагын талаар үгээ хэлж, найрсаг харилцаатай явж ирлээ. Цаашид ч ийм байх болно.

-Түүхэнд хэрвээ гэх үг байдаггүй гэж ярьдаг. Гэхдээ бодлогын түвшинд, шийдвэр гаргагчдын түвшинд хэрэв ийм зүйл хийсэн бол гэж боддог бодол бий юу?

-Би түрүүхэн хэлсэн дээ. Манай компани 11 390 га талбайтай байсан гэж. Үүнтэй холбоотойгоор манай компанийн лицензэд ядахдаа 1000 га талбай үлдээчихгүй яав даа гэж боддог. Өнөөдөр үүсээд буй асуудлууд ч үүнээс эхтэй. Хил, гааль нэвтэрлээ, нэгнийхээ лицензийн хилийг давлаа, хөрсний нуралт үүслээ гэх зүйлс үүнээс л улбаатай юм. Улс төрийн өнгө будаг оруулаад янз бүрийн буруу, зөрүү зүйлс яриад байгаа нь ч үүнээс эхтэй.

-Лицензийн талбай бага байгаа нь компанийн хэт ирээдүйд нөлөөлөх үү?

-Компанийн лицензийн талбай бага учраас хөрсний менежментээ л зөв хийж, хөрсний төлөвлөлтөө нэгтгэх шаардлагатай. Газрын доор бидний хүрч чадаагүй үе давхаргад нүүрс бий. Лицензийн талбай бага ч гэсэн манай талбайд нөөц хангалттай бий. Одоогийн байдлаар 200 сая тонн нүүрсний нөөцтэй гэж тогтоогдсон. Энэ бага тоо биш.

-Лицензийн талбай бага гэдэг асуудал янз бүрийн улс төрийн өнгө будаг орох шалтгаан болоод байх шиг харагддаг. Компанийн үйл ажиллагаанд ч нөлөөлдөг. Нөлөөлсөөр ч ирсэн. Үүнийг та хэрхэн дүгнэх вэ?

-Яг ийм асуудал 2010 оноос хойш л яригдлаа. Хөрш уурхайнууд байгуулагдаад, лицензийн хилээ тодорхой болгосон үеэс л эхэлсэн. “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ахилтын түвшин бидэнтэй зэрэгцээд ирлээ. Манай компанийн хувьд 1990 оноос хойш ашигласан IV уурхайн ахилтын түвшинтэй “Эрдэнэс-Тавантолгой”-н ахилтын түвшин зэрэгцсэн гэсэн үг. Тиймээс одоо уулын аюулгүй ажиллагааны зүгээс тэдний талаас хөрс хуулсан, манай үйл ажиллагаанд өртсөн зэргийг нарийн хэмжиж байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл нүүрсээ борлуулахын тулд манай компани зайлшгүй хөрш уурхайн талбай дээр явна. Хөрш уурхайнхаа хөрсийг хуулна. Нүүрс олборлоход ч өртөнө. Тиймээс энэ хэмжилтүүдийг нарийн хийх ёстой. Энэ болгонд л улс төрийн өнгө будаг орох байх. Хэмжилтээ хийгээд л асуудлаа тодорхойлоод урагшаа явдаг юм. Үүнийг олон нийтэд янз бүрийн байдлаар буруу, зөрүү ойлголт төрүүлэх нь утгагүй асуудал.

-Өнгөрсөн онд компани хэчнээн хэмжээний нүүрс олборлож, экспортолсон бэ?

-Манай компани 2019 онд 2.4 сая тонн нүүрс олборлож, 2.2 сая тонныг нь гадна болон дотоодын зах зээлд нийлүүлсэн. Экспортод 1.9 сая тонныг гаргасан. Харин дотоодын хэрэгцээнд буюу говийн бүсийн эрчим хүчний хэрэглээнд 300 мянган тонн нүүрсийг борлуулж ажиллалаа. Нийт борлуулалтын орлого 263 тэрбум төгрөгт хүрсэн. Цэвэр ашгийн хэмжээ 48.3 тэрбум төгрөг болсон. Улсын төсөвт 118 тэрбум төгрөгийг татвар хэлбэрээр бүрдүүллээ. Өмнөговь аймгийн төсөвт 23.7 тэрбум төгрөгийн ногдол ашиг шилжүүлсэн. Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудаас борлуулалтын орлогоороо хоёрдугаарт орлоо. Удахгүй манай компанийн хувьцаа эзэмшигчид хуралдаж ногдол ашгийн хэмжээг тогтооно. Энэ бол манай хамт олны туршлага, ур чадварын ач гавьяа.

-Нийгмийн хариуцлагын хүрээнд хийж хэрэгжүүлсэн онцлог ажил юу байна вэ?

-Манай аймгийн хэмжээнд айл өрхүүдийн гол хэрэгцээ нь нүүрс. Ялангуяа төвийн эрчим хүч, дулааны системд холбогдоогүй айлууд нүүрс хэрэглэж байгаа. Манай компанийн 51 хувь нь Өмнөговь аймгийн иргэдийн өмч учраас орон сууцны айл, гэр хорооллын айл гэж ялгалгүйгээр иргэн бүрд гурван тонн нүүрсийг үнэ төлбөргүй олгосон. Ажлын биелэлт 92 хувьтай гарлаа. Нийт 22.4 мянган өрхөд олгосон байна. Мөнгөн дүнд шилжүүлж тооцвол хоёр тэрбум төгрөг. Энэ бол манай компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд хэрэгжүүлсэн хамгийн том ажил. Өнгөрсөн өвөл сэтгэл амар, сайхан дулаахан өвөлжсөн. Харин орон сууцны айлууд өөрсдийнхөө талоныг зараад орлоготой болсон. Манай хамт олон, хувьцаа эзэмшигчдийн сэтгэл тэнүүн байгаа. Иймэрхүү нийгмийн хариуцлагыг энэ нутагт ажиллаж буй олон уурхайнууд хэрэгжүүлээсэй гэж боддог юм.

-Компани ашигтай ажиллалаа. Топ татвар төлөгч боллоо, хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй компаниудаас борлуулалтын орлогоороо хоёрдугаарт орлоо. Иргэн бүрт гурван тонн нүүрс үнэгүй тараалаа. Ашигтай ажиллаж байгаагийн гол шалтгаан, нөхцөл нь яг юу юм бэ?

-Бидний хувьд зардлын менежментийг барьж ажилладаг. Манай компани 187 үндсэн, хөрс, хуулалт болоод бусад туслан гүйцэтгэгч компанийн 800 гаруй ажилтантай. Тэгэхээр энэ их амжилтын гол хүчин зүйл нь манай компанийн ажилчид. Манай компани бусад компанийг бодвол харьцангуй цөөхөн ажилтантай. Тэгэхээр компанийн маань ажилчид хоёр, гурван хүний хийх ажлыг нугалах хэрэгтэй болж байгаа юм. Олон жил ингэж ажилласан туршлага, уламжилж ирсэн хүний нөөцийн бодлого үүнд нөлөөлдөг гэж харж байгаа. Хэрэв энэ их шалгалт явж бидний ажлыг саатуулаагүй бол үүнээс ч илүү ашигтай ажиллаж болох байсан.

-Ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал дээр компанийн зүгээс хэрхэн анхаардаг вэ?

-Хөдөлмөрийн аюулгүй байдлыг бид байнга анхаардаг. Уул уурхайн компанийн нэг номерын асуудал бол хөдөлмөрийн аюулгүй байдал байдаг. Энэ талаар байнгын сургалт, тогтмол шалгалт явуулж байна. Туслан гүйцэтгэгч компаниудад өдөр тутмын зааварчилгаа өгч, хүн бүртэй биеийн байдал, сэтгэл санааг нь судалж байгаа. Бидний хамгийн том давуу тал бол өглөө гэрээсээ, халуун ам бүлээсээ хол биш хамтдаа байдаг явдал. Гэр бүлтэйгээ хамт байгаа хүний хөдөлмөрийн аюулгүй байдал бүрэн хангагдсан байдаг.

-Орон нутгийн өмчит компанийн хувьд орон нутагтайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ?

-Манай компанийн хувьд орон нутгийн нэг агентлаг шиг л байдаг. Яг л төрийн байгууллага гэсэн үг. Компанийн нийт ажилчдын 95-96 хувь нь Өмнөговийн хүмүүс. Компанийн худалдан авалтыг энэ нутгаас л хийж байна. Өмнөговь аймгийн иргэдийн хурал 51 хувийг төлөөлж шийдвэр гаргадаг. Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас компанийн Төлөөлөн удирдах зөвлөлд чиглэл өгдөг. Манай компанийн ТУЗ-ийн есөн хүний тав нь аймгийн Иргэдийн хурлаас томилогддог гэсэн үг. Үлдсэн 49 хувийг жирийн хувьцаа эзэмшигчдээс гадна гадаадын 23 орны иргэд эзэлдэг. Үүнийг олон нийт тэр бүр мэддэггүй байх.

-Аймаг орон нутгийг улс төрийн аливаа нэг намын гишүүд толгойлдог. Тэр утгаараа сонгуулийн циклээр ажиллаж, бодлогоо тодорхойлдог. Сонгуулийн хугацаа “Тавантолгой” компанийн ажилд нөлөөлдөг үү?

-Өмнөговь аймгийн ИТХ-ын сонгуульд ялсан намаас ТУЗ-ийн гишүүдийн таван хүн нь тодорхой болно. Компанийн тухай хуулиар бүх зүйл дийлэнх олонхын саналаар буюу 66-гаас дээш хувиар шийдэгддэг. Тэгэхээр Компанийн тухай хуулиар олон жил явж ирсэн учраас нөлөөлдөг зүйл байхгүй.

-Үүнээс улбаалаад асуухад компанийн өмнө тулгарч буй хамгийн том сорилт юу вэ?

-Манай уурхай дөрвөн талаараа “Эрдэнэс-Тавантолгой” компанийн лицензээр хүрээлэгдсэн учраас энэ компанийн бодлого, үйл ажиллагаатай нягт уялдаж явах шаардлагатай байна. Тиймээс манай хоёр уурхай ирээдүйн чиг хандлага, бодлого төлөвлөлтөө нэг түвшинд хийж байж үйл ажиллагаа нь хэвийн байна. Хамгийн том сорилт гэвэл энэ.

-Үүний тулд компанийн зүгээс юу хийх шаардлагатай вэ?

-Нэн тэргүүнд бид төмөр замтай холбогдох, төмөр замын ачааны өртөө, ачих, буулгах дэд бүтцийн асуудлаа л шийдэх шаардлагатай. Яг одоо бид төлөвлөгөө, судалгааны ажилдаа орчихсон. Ер нь энэ гурван уурхай гурван зүгээс ачих уу, нэг талбайгаас ачих уу гэдгийг аль аль түвшиндээ ярьж байна. Манай компани ч үүнийг судалж байна.

-Танай компани хувьцаат компани. Сүүлийн үед хөрөнгийн зах зээлд дижитал шилжилт давамгайлах боллоо. Үүнд компанийн зүгээс хэрхэн зохицож, нийцэж байгаа вэ?

-Манай компани Хөрөнгийн биржид бүртгэлтэй компанийн хувьд Монголын хөрөнгийн биржийн ажиллагаатай компанийн бүх л ажлыг уяж бодлогоо тодорхойлдог. Манай компани Хөрөнгийн бирж дээр гурван рекорд амжилт эзэмшдэг. Нэг нь хамгийн өндөр үнэ хүрсэн хувьцаа. 2011 онд манай компанийн нэгж хувьцаа 1.4 сая төгрөгт хүрсэн. Хоёр дахь амжилт нь хамгийн өндөр ногдол ашиг тараасан компани. 2012 оны үед нэгж хувьцааны үнэ 136 мянган төгрөгөөр тооцож ногдол ашиг тараасан. Гурав дахь нь нэгж хувьцааны үнэлгээ хамгийн хурдан хугацаанд өссөн компани. Оны эхэнд манай компанийн хувьцаа 1300 төгрөг байсан бол оны эцэст 13 мянга хүрч өссөн.

-Улсын болон орон нутгийн төсөвт чамгүй хэмжээний мөнгө хуримтлуулдаг ч өгөөж нь орон нутагт наалдахгүй байна гэж нутгийн иргэд ярьдаг. Энэ талаар та юу ярих вэ?

-Манай компани сүүлийн арваад жил 51 хувиар тооцож ногдол ашиг өгч ирлээ. Энэ хугацаанд төвлөрүүлсэн мөнгөөр чухам юу хийж байгаа вэ гэдгийг аймгийн тухайн үеийн удирдлагаас тодруулах ёстой. Бүр шаардах хэрэгтэй. Манай компанийн зүгээс ч аймаг, орон нутгийн удирдлагаас энэ тухай мэдээлэл авна гэж бодож байгаа. Бид л энд хөдөлмөрлөөд, татвараа төлөөд байдаг. Гэтэл бидний тухай мэдээлэл гарахгүй байх тохиолдол элбэг. Тиймээс бид үүн дээр хяналт тавихаар төлөвлөж байна. Танай компанийн төлсөн татвараар ийм зүйл барилаа, үүнийг босголоо гээд пайз хадаад, бидэнд мэдэгддэг бол уурхайн ажилчдын сэтгэл санаанд ч гэсэн дэмтэй байх болов уу.

-Сүүлийн үед коронавирусний дэгдэлт эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэллээ. Эхнээсээ сүүдрээ тусгаж байна. Олон улсын валютын сан сүүлийн 100 жилд байгаагүй хямрал нүүрлэнэ гээд зарлачихлаа. Давагдашгүй хүчин зүйл компанийн ашигт ажиллагаанд хэрхэн нөлөөлөх бол?

-Шууд нөлөөлнө. Хятадын зах зээл гэдэг дэлхийн зах зээл. Хятадын зах зээл зогсонги байдалд орчихвол манай худалдан авалт зогсоно. Худалдан авалт зогсоно оо гэдэг манай борлуулалтад шууд нөлөөлнө. Зөвхөн бид ч гэлтгүй дэлхийн уул уурхайн зах зээлд хүнд үе ирлээ. Энэ хүнд нөхцөл байдал хэр удаан үргэлжлэхийг ч хэлж мэдэхгүй байна. Энэ бол бидний тооцоолж байгаагүй гэнэтийн зүйл. Одоогоор худалдан авагчид гэрээгээ цуцлаагүй байна. Тэгэхээр найдварын оч асаалттай байна. Компанийн хувьд Цагаанхад боомт хүртэл уртын тээвэр, Цагаанхаднаас цаашаа богинын тээвэр хийж үйл ажиллагаа явдаг. Хямралын үед Цагаанхад боомт маань аминд орж байна. Хил дээр оччихсон нөхцөлд, богино хугацаанд их хэмжээний нүүрс борлуулах боломжтой. Өнөөгийн байдлаар 700 гаруй мянган тонн нүүрс Цагаанхадны гаалийн хяналтын талбай дээр байгаа. Аль болох хурдан хугацаанд дэлхий дахиныг хамарсан цар тахал намжаасай. Хятадын эдийн засаг хурдан сэргэж, хоёр улсын гадаад худалдаа сэргээсэй л гэж бодож байна даа.

-Цар тахал, давагдашгүй хүчин зүйл тохиолдоход уул уурхайн салбарт бодлого боловсруулагчид ямар шийдвэр гаргаасай гэж бодож байна?

-Энэ хүнд үед дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлаа зогсоохгүй байх ёстой. Ийм нөхцөл байдал цаашид ч тохиолдох юм байна гэдгийг санаж алс хэтийн бодлогоо тодорхойлох ёстой. Түүнчлэн тээврийн асуудлаа шийдэх хэрэгтэй. Олон хүн оролцдог тээврээс аль болох татгалзаж төмөр замтайгаа хосолдог байх ёстой. Түүнээс гадна манай гол худалдан авагч БНХАУ-д контейнер тээвэр голлоод манай улсад санал болгосны дагуу энэ тээвэрлэлтийг хийж байна. Контейнер тээвэр бол ачих, буулгахдаа хүний оролцоо байхгүй цаг, хөдөлмөрийг хэмнэсэн тээвэр юм. Үүнийг төрийн бодлогодоо тусгаасай.

-Өнгөрсөн жил Канадад болсон уул уурхайн чуулган дээр Монгол Улс уул уурхайн салбар дээр тогтдог мөртөө дэд бүтэц, тээвэрлэлтийн асуудлыг шийдвэрлэхэд дэндүү удаан хандаж байгаагаас болоод салбарын хөгжил нь ахихгүй байна гэж дүгнэж байсан. Үүнтэй хэр зэрэг санал нийлэх вэ?

-Тээвэр, ложистикийн хувьд удаашралтай зүйлс байх нь байгаа. Гэхдээ зөвхөн БНХАУ руу нэг зах зээл рүү гаргаж буй төмөр зам сайн юм гэж бодох нь өрөөсгөл. Одоо Зүүнбаянгийн төмөр зам тавигдаж байна. Тавантолгойн орд газар руу хоёр талаас нь төмөр зам тавьж байна. Мэдээж хэрэг Зүүнбаянгийн төмөр зам дотоод руу чиглэсэн төмөр зам. Гашуунсухайтын төмөр зам бол өндөр ашиг авчрах бүтээн байгуулалт. Бидэнд эрчим хүчний нүүрс, коксжих чанаргүй нүүрс их бий. Үүнийгээ дотоодын зах зээлд нийлүүлэх, өөр улс руу худалдаалах боломж бүрдчихлээ.

-Дэд бүтэц, уул  уурхайн  салбарын хөгжил, компанийн ажилчдын цалинг ярьсан ч байгалийн баялгийн зохистой менежмент гэдэг зүйлтэй холбогдоно. Баялгийн зохистой менежмент, уул уурхайн салбарт Монгол Улс ямар бодлого баримтлах ёстой бол?

-Миний хувьд татварын бодлого дээр анхаарах ёстой л гэж боддог. Уул уурхайн бүс нутаг, уул уурхай байгаа аймаг, сумдад тухайн компани өөрөө тендерээ зарладаг байх ёстой. Зам тавих, мод тарих шаардлагатай хөрөнгө оруулалтыг компани өөрөө мэдэж тендер зарладаг байгаад үүнд нь улс аудит оруулаад шалгах хэрэгтэй. Улсад төлөх ёстой татварын хөнгөлөлт үзүүлдэг байх жишиг гаднын улсуудад ч бий. Бид татвараа манай орон нутагт дэд бүтцийн бүтээн байгуулалт хийх байх гэж итгэсний үндсэн дээр өгч байгаа. Гэтэл одоог хүртэл хийхгүй болохоор бид юунд татвар өгч байгаа вэ гэдэг зүйл гарна. Баялагтай аймаг, сумд хөгжлөөс хоцорч байна гэдэг нь татварын бодлого зөв үү, буруу юу гэдэг зүйлсэд хүргэнэ. Хятад, Австралид л гэхэд тухайн тосгонд хийсэн замыг төр нь зах зээлийн үнэлгээгээр үнэлээд, аудитын шалгалт оруулдаг. Үүнийхээ дараа тухайн бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгийн хэмжээгээр татвар төлсөнд тооцоод чөлөөлдөг жишиг байна. Ингэж байж орон нутгийн хөгжил уул уурхайтай уялдана. Өнгөрсөн жилүүдэд энэ бодлого байхгүйгээс уул уурхайн салбар яг аль салбарт нөлөө үзүүлээд байгаа нь тодорхойгүй байна шүү дээ. Тиймээс уул уурхайн салбараар дорвитой бүтээн байгуулалт хийе гэвэл зоригтой өөрчлөлт оруулаад баялгийн зохистой менежментийг нэвтрүүлсэн Норвеги, Казахстан зэрэг улсын бодлогыг нутагшуулах шаардлагатай.

-Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар нь уул уурхай. Уул уурхайн хамаг ачааг нь Өмнөговь аймаг нугалж байна. Сүүлийн үеийн судалгаагаар Өмнөговь аймагт усны хомсдол үүсэх хэмжээнд хүрсэн гэгдэж байна. Усны менежментийн талаар юу хэлэх вэ?

-Ус бол яах аргагүй шийдэх ёстой асуудал болчихлоо. Бид литр бензинээс илүү үнэтэй усыг хэрэглэж байгаа. Та бүхэн бод доо. Наад захын ресторанд 500 гр ус 1000-1100 төгрөгийн үнэтэй байгаа. Хоёрыг авъя гэвэл нэг литр бензинээс үнэтэй болчхож байгаа юм. Одоо литр бензин дунджаар 1800 төгрөг байгаа шүү дээ. Би бол тэмээ усалж өссөн хүн. Усны үнэ цэнийг дэндүү сайн мэднэ. Тиймээс газрын гүний усыг уул уурхайн үйлдвэрлэлд ашиглаж байгаад эмзэглэдэг. Энэ тийм ч зохистой зүйл биш. Дэлхий нийтийн чиг хандлагыг харсан ч уул уурхайн салбарт гадаргын усыг ашиглах ёстой. Манай Тавантолгойн бүлэг ордтой хамгийн ойрхон гол нь БНХАУ-ын Хатан гол. Хятад хэзээ ч усаа өгөхгүй. Тиймээс үерийн усаар нуур болгож байж үйлдвэрийн район руугаа явуулах шийдэл рүү хүрэхгүй бол говь нутаг хатлаа. Хүмүүсийн ярьж байгаагаас харвал 100 метрээс нааш ус гарахгүй гэж байна. Үүнийг бодлогын зоригтой шийдэл, алхмуудаас шалтгаална. Төр чадахгүй байгаа бол томоохон компаниудад шийдэх эрхийг нь өгчих хэрэгтэй. Монгол Улсад гадагшаа урсгалтай олон гол мөрөн бий. Тэдгээрийн үерийн түвшнээс давсан усыг нь хуримтлуулж нуур үүсгэх ёстой. Ингэх нь тухайн орон нутагт ч хэрэгтэй. Хэрлэн гол гэхэд зүүн хил рүү гараад л Далай нуур гэх хиймэл нууртай болчихсон. Хиймэл нуур мөртөө өөрийн гэсэн шувуу, нутагладаг амьтантай болсон байна. Энэ мэтчилэн олон зүйлийг шийдэх хэрэгтэй. “Хэрлэн говь” гэх төсөл бий. Энэ төслийг хэрэгжүүлэх шаардлагатай. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийн хувьд үүнийг хэрэгжүүлэх нь улс орон нутагт ч хэрэгтэй гэж харж байгаа. Бодлого тогтоогчид үүнийг анхаарч байгаа байх. Усны төлөөх дайн Африкт биш Монголын говиос эхлээд байна.

-Та жилийн өмнө бидэнд өгсөн ярилцлагадаа хуурай аргаар боловсруулах үйлдвэрийн тухай ярьж байсан. Энэ үйлдвэрийн судалгааны ажил ямар түвшинд явж байгаа вэ?

-Зуун хувь хуурай аргаар үйлдвэрлэх гэж туршиж үзсэн. Тэр бүр ашигтай ажиллахгүй байна. “Эрдэнэс-Тавантолгой” элсээр баяжуулах технологийг туршсан. Үр дүнтэй байгаагүй. Одоо бидний гол зорилт бол бага хэмжээний усаар хуурай, нойтон хосолсон үйлдвэрийн аргыг турших болоод байна. Үүнийг судалж байгаа.

-Компанийн хувьд олборлосон нүүрсээ Гашуунсухайтаас гадна өөр ямар, ямар боомтуудаар борлуулах боломж харагдаж байгаа вэ?

 -Манай компани өнгөрсөн жилүүдэд ОХУ-д Чойроор, мөн БНХАУ-д Эрээний боомтоор гаргаж байсан. Мэдээж хэрэг одоо яригдаад байгаа Ханги-Мандалын боомтын замын асуудал шийдэгдвэл үүгээр борлуулах боломжтой. Зүүнбаянгийн төмөр зам ашиглалтад орвол аль ч боомтоор гарах боломжтой.

-Шинэ суурьшлын бүс барих санаачилгыг танай компани гаргасан. Өнгөрсөн зун шав тавих ёслол боллоо. Энэ төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Манай ажилчдын тосгон 1985 онд ашиглалтад орсноос хойш үе үеийн ажилчид эндээ амьдарч, ажиллаж, хөдөлмөрлөж ирсэн. Үүнээс өмнө одоогийн уурхай байгаа газар амьдардаг байсан. Одоогийн бидний амьдарч байгаа тосгон өнөөгийн байдлаар хүн амьдрах аргагүй болоод байна. Яагаад гэхээр “Эрдэнэс-Тавантолгой” уурхай 1.3 км-т байна. Дуу чимээ, тоос, утаа энэ бүх зүйл хүлцэх хэмжээнээс давсан үзүүлэлт гарсан. Тоосны харшилтай ажилчдын тоо ч нэмэгдэж байгаа. Энэ бүх нөхцөл байдлаас шалтгаалаад одоогийн тосгоны байрлалаас буюу Цогтцэций сумаас баруун хойшоо 15 км газарт тоосжилт багатай газрыг сонгоод “Шинэ суурьшлын бүс” байгуулахаар болсон. Бид “Шинэ суурьшлын бүс”-ээ 155 га талбайд төлөвлөлт хийж байна. Шинэ суурьшлын бүсэд зөвхөн манай компанийн ажилчид байрлахгүй. Тавантолгойн бүлэг ордод үйл ажиллагаа явуулж буй гурван уурхайн ажилчид багтах боломжтой. Үүнийг хөрш компаниуд маань дэмжвэл нэгдсэн төлөвлөлт бүхий хот бий болох юм. Ус, цахилгаан, дэд бүтцийг шийдэх боломжтой. Аймгийн ИТХ-д санал оруулж аймгаас хоёр тэрбум төгрөгийн ажил хийгдэнэ. Нүүж, суух асуудал “Эрдэнэс-Тавантолгой” компаниас хамаарч байгаа. “Эрдэнэс-Тавантолгой” компани нүүх зардлыг гаргаж, обьектуудыг худалдаж авах байх. Бид бүхэн үндсэндээ үнэ, хөлсөө тохирчихсон “Эрдэнэс-Тавантолгой” компанийн шийдийг хүлээж байна.

-Төсөл хэдэн үе шаттайгаар, хэдий хэр хугацаанд хэрэгжих вэ?

-Эхний ээлжид одоо байгаа 187 ажилтны орон сууц, ажлын байрыг төлөвлөж байна. Цаашдаа бусад компаниудын бодлогоос хамаарна. Эхний ээлжид бидэнд нааштай санал орж ирсэн. “Тавантолгой төмөр зам” компани бидэнд ажилчдынхаа орон сууц, ажлын байрыг шинэ суурьшлын бүсэд байгуулахаар газраа сонгосон. 

-Эрчим хүч, дэд бүтэц, усны асуудлыг шийдэх боломжтой гэж дээр хэллээ. Яг ямар бодит боломж байгаа вэ?

-Замын хувьд “Эрдэнэс-Тавантолгой” компани сумын төв рүү зам тавих гэж байгаа. Энэ замын маршрутыг солиод шинэ суурьшлын бүсээр дайруулах боломжтой. Нөгөөтэйгүүр Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн замын зэргэлдээ байгаа. Шинэ суурьшлын бүсийн дотоодын замуудыг бид өөрсдөө хийнэ. Усны хувьд “Энержи Ресурс” компанийн усан байгууламжаас авна. Энэ компани аймагтай усны гэрээ байгуулахдаа орон нутгийн компанийн усны асуудлыг хамтарч шийдэх зохицуулалт орсон юм билээ. Энэ дагуу “Энержи Ресурс” компани шийдэх байх.

-Компани хэвийн үйл ажиллагаа явуулахад хууль эрх зүйн орчин нөлөөлнө. Хууль, эрх зүйн орчин компанийн үйл ажиллагаанд сөрөг эсвэл эерэг нөлөө үзүүлж байгаа юу?

-Одоогийн нөхцөл байдалд болж байна. Хэвлэл мэдээллээр л буруу, ташаа зүйл тарааж байгаа болохоос манай компанийн хувьд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин ажиллаж байна. Биднийг нутаг орны иргэдтэй уулзаад явж байхад Агаарын бохирдлын төлбөр буюу тонн тутмаас 1000 төгрөгийг “Цэвэр агаар сан”-д төвлөрүүлдгийг л лавлаж асууж байдаг. Цэвэр агаарын төлөө татвар төлж байгаа юм бол яагаад орон нутгийн хэмжээнд тоосжилт болон агаарын бохирдлыг бууруулахад анхаарахгүй байгаа юм гэж асуудаг юм. Тавантолгойн бүлэг ордоос бүх компани нийлээд 30 сая тонн нүүрс олборлосон тооцоо байна. Үүнээс 30 гаруй тэрбумын татвар “Цэвэр агаар сан”-д төвлөрсөн гэж ойлгож болно. Үүнээс яг манай нутаг орны агаарын чанар, байгаль орчинг сайжруулахад зарцуулахгүй байна гэж шүүмжилдэг. Татварын зохицуулалттай холбоотой ганц нэг асуудлаас өөрөөр хууль эрх зүйн орчин гайгүй байна.

-Нүүрсний зах зээлд өрсөлдөхийн тулд технологи чухал. Технологи ч хурдацтай хөгжиж байна. Танай компанийн хувьд ирээдүйд технологийн дэвшлийг нэвтрүүлэх тал дээр ямар бодлого баримталж байгаа вэ?

-Бид хөрс хуулалтын зай холдоод, ашигт ажиллагаанд нөлөөлж байгаа учраас конвейрийн системийг судалж байна. Нүүрс олборлолтод ч энэ системийг нэвтрүүлнэ. “Эрдэнэс-Тавантолгой” компани  цахилгаан эксковатор, цахилгаан машин механизм ашиглаж байгаа. Үүнийг ч нэвтрүүлнэ. Цаашдаа далд уурхайн технологийг ч нэвтрүүлнэ. Энэ талаарх судалгааны ажил өрнөж байна. Ер нь бол ил уурхай орчин тойрон, байгаль орчинд нөлөөлж байгаа учраас энэ технологийг нэвтрүүлэхээр судалж байгаа юм. Хамгийн гол нь Монголд далд уурхайн стандарт албан ёсоор байхгүй. Хэрэв батлагдвал хэрхэн хөгжүүлэх вэ гэдгийг судалж байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.178.132)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.