Азийн бар алтан хөрш Бүгд Найрамдах Солонгос Улс
Г.Золбаяр
Нийтлэл
/
2020-08-14
Монгол, Солонгос улсууд Чингис хааны үеэс ах дүүгийн харилцаатай байжээ

Монгол Улсын санаачилгаар Азийн социалист орнуудаас анх удаа 1990 оны гуравдугаар сарын 26-нд Зүүн Азийн аж үйлдвэржсэн бар хэмээн нэрлэгдэх болсон БНСУ-тай дипломат харилцаа тогтоосон байна. БНСУ-ын тал Улаанбаатар хотноо ЭСЯ-аа зургадугаар сарын 18-нд “Улаанбаатар” зочид буудлын гуравдугаар давхарт албан ёсоор нээжээ. Дипломат харилцаа тогтоосны нэг жилийн ойн босгон дээр 1991 оны хоёрдугаар сарын 1-нд Монгол Улсын ЭСЯ Сөүлийн төвд орших үзэсгэлэнт өмнөд уулын урд хормойд байрлах “Namsang village” хэмээх гадаадынхны амьдардаг 35 давхар орон сууцны 17 давхарт албан ёсоор нээгдэж байв. Монгол Улс, БНСУ-ын харилцан хамтын ажиллагааны үзэл баримтлал анх бүрэлдэн тогтоход 1990 оны аравдугаар сарын сүүлээр Юү Ги Жөн тэргүүтэй БНСУ-ын Засгийн газрын албан ёсны эдийн засгийн шинжээчид Монгол Улсад хийсэн айлчлалын тайланг Засгийн газартаа өргөн барьсан нь чухал үүрэг гүйцэтгэжээ. Тайланд “Монголд туслах ажил нь зөвхөн тэдний төлөө ч биш юм. Умардынхантай эдийн засгийн бодлогоо яаравчлан явуулж буй манай эдийн засагт ч гүн тусламж болно гэж найдаж байна. Монгол нь газар нутгийн талаар Зөвлөлт ба Хятадтай хамгийн ойр бөгөөд газрын ба түүхий эдийн (жишээлбэл, арьс, хонины ноос, нүүрс, эрдэс) харьцангуй их нөөц баялагтай орон болохын хувьд, энэхүү баялгийг идэвхтэй ашиглан, манай техник, технологи нэвтэрсэн цагт Умардын эдийн засагтай холбогдох гүүрийн үүрэг гүйцэтгэх сайхан боломж гарч ирнэ. Хэдийгээр хүн ам (хоёр сая) цөөн боловч бидэнтэй арьсны өнгө адилхан бөгөөд хямд ажиллах хүчээр бат хангагдаж болно. Энэхүү ажиллах хүчийг цаашдаа Зөвлөлтийн Сибирьт ашиглахад ч бүрэн боломжтой. Түүнээс ч илүү эдийн засгийн шинэчлэлтийн стратегийн элемент ч бий. Бидний хүч, тусламжаар Монголын эдийн засаг чөлөөт зах зээл рүү ороход бид Манжуур, Хятад, Зөвлөлтийг хамарсан шинэ эдийн засгийн талбар руу хөл сунгаж болно. Нутаг дэвсгэр бага, хүн ам олон, нөөц баялаг үгүй манай эдийн засгийн эн тэргүүний сул талаас авч үзэхэд Монголыг хамарсан шинэ зах зээлийг нээх нь манай эдийн засаг XXI зууныг чиглэн алхах амин сүнс болсон зам байж ч магадгүй”  хэмээн онцолж байв. Шинжээчдийн айлчлалын дараа жил буюу 1991 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат анх удаа БНСУ-д албан ёсны айлчлал хийж, энэ үеэр гаргасан хоёр улсын хамтарсан мэдэгдэлд “БНСУ, БНМАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоогоод удаагүй хэдий ч улс төр, эдийн засаг, соёл зэрэг гол салбаруудын хамтын ажиллагаа өргөжиж, худалдааны хэмжээ нэмэгдэж байгаад Ерөнхийлөгч нар сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлээд ирэх жилүүд болон XXI зуунд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг НҮБ-ын Дүрмийн үндсэн зарчмуудад тулгуурлан төрөл бүрийн салбарт бололцоотой бүхий л хэлбэрээр өргөжүүлэн хөгжүүлэх эрмэлзэлтэй” байгаагаа нотолсон юм. БНСУ-ын Ерөнхий-лөгчийн хувиар Ким Дэ Жүн 1999 оны тавдугаар сард Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийсэн нь хоёр орны харилцааг чанарын шинэ шатанд хөгжүүлэх эрхзүйн үндэс суурийг тавьсан чухал үйл явдал болжээ. Айлчлалын үр дүнд гаргасан хамтарсан мэдэгдэлд хоёр орны харилцааг XXI зуунд шинэ шатанд дэвшүүлэн гаргах, харилцан бие биеэ нөхсөн хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргахаар тохиролцов. Ерөнхийлөгч Ким Дэ Жүн НҮБ-ын 53 дугаар чуулганаар “Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статус”-ын тухай тогтоол батлагдсан явдалд баяр хүргээд энэхүү тогтоол бодитойгоор хэрэгжээсэй гэж хүсч байгаагаа илэрхийлжээ. БНСУ-ын Ерөнхийлөгч Ким Дэ Жүн  төрийн айлчлалын үеэр Монгол Улсын Их Хуралд үг хэлэхдээ “Чингис хааны үед 1219 онд “Хоёр улс үүрдийн ахан дүүс болж үеийн үед энэ өдрийг бүү умартъя” гэсэн нөхөрсөг тангараг тавьж, холбоотны харилцаа тогтоож байсныг эш татан тэмдэглэж байв. Монгол Улс Ерөнхийлөгч Ким Дэ Жүний БНАСАУ-тай харилцах “Нарны илч”-ийн бодлого, мөн Дөрвөн талт хэлэлцээг үр дүнтэй болгох, түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэгийн яриа хэлэлцээнүүдэд БНАСАУ-ыг татан оролцуулах бодлогыг  бүрэн дэмжсэн юм. 2003 оны наймдугаар сараас Дөрвөн талын хэлэлцээ ОХУ, Японыг оролцуулан зургаан талын болж өргөжсөн бөгөөд Ерөнхийлөгч Ким Дэ Жүн хоёр Солонгостой тэгш сайн харилцаатай дэлхийн цөөхөн орон нэг мөний хувьд Монгол Улсыг олон талт хэлэлцээрт татан оролцуулж Долоон талын болгох боломжтойг тэмдэглэж, энэ үеэс Монгол Улсын зуучлалын асуудал хөндөгдөж эхэлсэн байдаг.

 

Монгол-Солонгосын төрийн дээд хэмжээний харилцан айлчлалууд

1999 оны тавдугаар сард БНСУ-ын ерөнхийлөгч Ким Дэ Жүний айлчлалаар БНСУ-ын хөгжлийн туршлага, дэвшилтэт технологийг Монголын арвин нөөцтэй байгалийн баялагтай хослуулан харилцан туслалцах хөгжлийн төлөвлөгөө бүхий “21дүгээр зууны харилцан нөхсөн хамтын харилцаа”-г хөгжүүлэхээр тохиролцсон байна. 2001 оны хоёрдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн БНСУ-д хийсэн албан ёсны айлчлалын үр дүнд хоёр улсын эдийн засаг, гадаад худалдааны хөгжил болон улс төр олон улсын тавцан дахь хамтын ажиллагааг нэг шат ахиулсан юм. 2006 оны тавдугаар сард БНСУ-ын ерөнхийлөгч Ну Мү Хёны Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалаар хоёр улсын харилцааг “Сайн хөршийн найрамдалт хамтын ажиллагааны түншлэл”-ээр эрс сайжруулсан юм. Жил дамнасан айлчлал буюу 2007 оны тавдугаар сар, 2008 оны хоёрдугаар сард БНСУ-д хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаярын албан ёсны айлчлалуудаар хоёр орны хамтын ажиллагаа улам бүр өргөжин  хөгжсөн. 2008 оны аравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр, 2011 оны гуравдугаар сард Ерөнхий сайд С.Батболдын БНСУ-д хийсэн айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаанд бодит ахиц гарав. Солонгос-Монголын хооронд дипломат харилцаа тогтсоны 20 жилийн ойг угтан 2010 оныг “Монгол дахь Солонгосын жил”, 2011 оныг “Солонгос дахь Монголын жил” болгон зарласан бөгөөд төрөл бүрийн соёлын хамтарсан арга хэмжээг зохион байгуулав. 2011 оны наймдугаар сард БНСУ-ын Ерөнхийлөгч И Мён Баг Монгол Улсад албан ёсны айлчлалаа хийсэн бөгөөд энэ айлчлалаар хоёр орны харилцааг “Иж бүрэн түншлэлийн харилцаа”-гаар илүү шат ахиулжээ

.

 

БНСУ Монгол Улсын гуравдагч хөрш болов

Монгол Улс, БНСУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойшхи гуч гаруй  жил нь урт хугацаа биш боловч даяаршлын эрин үед бие биенээ сайн нөхөр гэдгийг таньж мэдэхэд хангалттай хугацаа байв. Сайн хөршийн түншлэлийн тулгуур үндэс нь хоёр улсын эдийн засгийн бүтэц нь харилцан бие биеэ нөхөх боломжтойд оршино. Энэхүү боломж нь Монголын байгалийн баялаг, БНСУ-ын эдийн засгийн хөгжлийн туршлага, өндөр технологи, санхүү, хөрөнгийн давуу талыг зүй зохистой хослуулж, харилцан нөхсөн хамтын ажиллагааны зарчимд тулгуурласан худалдаа, эдийн засгийн харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх явдлаар тодорхойлогдож байна. 2006 оны тавдугаар сард Монгол Улс, БНСУ-ын дээд түвшний уулзалтаар гаргасан Улаанбаатарын хамтарсан мэдэгдэл “Хоёр орон  Зүүн хойд Азид орших хөрш орнуудын хувьд цаашид улс төр, эдийн засаг, соёлын бүхий л салбарт хамтын ажиллагаагаа “Сайн хөршийн, найрамдал, хамтын ажиллагааны түншлэл”, 2009 оны долоодугаар сард “Иж бүрэн түншлэл”-ийн  зарчмын үндсэн дээр хөгжүүлэхээр тохиролцсон нь Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын тодорхой илрэл болов. Монгол Улс 2012 оноос Сөүлд, БНСУ 2015 оноос Улаанбаатар дахь ЭСЯ-нд тус тус цэргийн атташе томилон ажиллуулж эхэлсэн нь улс төр аюулгүй байдал, цэргийн дипломатын салбарт итгэлцэл бэхжиж буйн чухал хэмжүүр болов.

 

Өнгөт зурагт, борооны шүхрээс эхэлсэн өргөн хэрэглээний худалдаа өргөжин тэлсээр...

1988 оны Сөүлийн олимпийн жилээс Монгол Улс-Өмнөд Солонгосын хооронд худалдааны харилцааны эх суурь тавигджээ. Монгол Улсын  Гадаад худалдааны яамны дэргэдэх “Монгол импэкс” нэгдэл Өмнөд Солонгосын Засгийн газрын  гадаад худалдааг дэмжих “КОТРА” агентлагийн Хонконг дахь салбараар дамжуулж, нууц маягтай хийсэн анхны худалдаагаар Монголын тал угаасан ноос, зэсийн баяжмал, төмрийн хаягдал зэрэг түүхий эд нийлүүлж, “Samsung electronics” компанийн хос хуурцагны стерео хөгжим, өнгөт телевизор, борооны шүхэр, “Daewoo electronics” пүүсийн хөргөгч болон бусад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг 140 мянган ам.долларт багтааж хямд үнээр импортолж, Улсын их дэлгүүрийн  “өндөр” үнийн тасгаар худалдаалсан нь тэр даруйдаа борлогджээ. Монголчууд тэдгээр бараа бүтээгдэхүүнийг Хойд Солонгост үйлдвэрлэсэн зүйл гэж ойлгосон байдаг. Ардчилал ялснаас хойш 1991 онд “Hyundai motors” компанийн  “Еxcel” загварын  жижиг оврын суудлын  автомашин 100 ширхэг болон  амтархан идэх болсон “chocо pie” анх удаа импортоор орж ирсэн нь монголчуудын дунд алдаршсан юм. 1990 онд хоёр орны худалдааны эргэлт дөнгөж 2.7  сая ам. долларт эргэлдэж байсан бол 2019 онд худалдааны нийт эргэлт 294.780.2  ам доллар, үүнээс Монголын экспорт  27.815 ам.доллар импорт 266.965.2 ам.доллар үүгээр БНСУ Монгол Улсын дөрөвдэх худалдааны түнш улс болж байна. 1990-2015 оны эцсийн дүнгээр Өмнөд Солонгосын 2309 мянга гаруй хамтарсан болон дагнасан хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж бүртгэгдэн Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулж, нийт  оруулсан хөрөнгийн хэмжээ 755.3 сая ам.доллараар хэмжигдэж, 6.3 хувь буюу Монгол Улсын дөрөв дэх хөрөнгө оруулагч улс хэвээр байна. Гол чиглэл нь худалдаа, нийтийн хоол, геологи, уул уурхай, мэдээлэл холбоо, эрүүл мэнд, боловсролын салбар болжээ.

 

Солонгос улс Монгол Улсад үзүүлсэн тусламжаараа тавдугаарт орж байна

БНСУ Монгол Улсад 1991 оноос буцалтгүй тусламж, 1993 оноос хөнгөлөлттэй зээл олгож иржээ. 1991-2015 онд нийт 50 гаруй төсөлд 114,9 сая ам.долларын буцалтгүй тусламж олгосон ба энэ нь Монгол Улсад үзүүлсэн гадаад тусламжийн долоон хувь болж  бусад орнуудтай харьцуулбал тавдугаарт орох болсон байна. БНСУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагааны сангаас 2015-2018 онд олгох 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох тухай  Засгийн газар хоорондын Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд 55.5 сая ам. долларын орчин үеийн “Үндэсний оношилгоо, эмчилгээний төв” байгуулах төсөл амжилттай хэрэгжиж  2019 оны долдугаар сард ашиглалтад оржээ. БНСУ-ын Засгийн газар 1991 онд Монгол Улсад 14 сая ам. долларын урт хугацааны хөнгөлттэй зээл олгохоор шийдвэрлэсэн байдаг. Зээлийн таван сая ам. долларыг нэг удаагийн тариур, зүүний үйлдвэр байгуулахад зориулж уг үйлдвэрийг 1995 онд ашиглалтад оруулжээ. Зээлийн үлдсэн хэсэг найман сая ам.долларыг Даланзадгад суманд ДЦС барихад ашиглахаар хоёр тал тохиролцож зээлийн хэлэлцээр байгуулж,  Даланзадгадын ДЦС-ыг барьж байгуулах шийдвэр гаргаж 1998 оны зургадугаар сарын 1-нд шавыг тавьж эхэлсэн бөгөөд БНСУ-ын “Hyundai-Engineering” компани төслийг хэрэгжүүлж, 2000 оны аравдугаар сарын 26-нд Монгол Улсын Засгийн газарт албан ёсоор хүлээлгэн өгчээ. 1993 онд “КАL” компанийг эзэмшдэг БНСУ-ын “Hanjin” групп ашиглагдаж байсан “Boeing-727” онгоц нэгийг бэлэглэжээ. Монгол Улс мөн дээрх загварын ашиглагдаж байгаад засварлагдсан хоёр онгоцыг БНСУ-ын “КАL” компаниас зарим сэлбэг, нисэх бүрэлдэхүүн болон инженер техникчдийг давтан сургах зардал зэргийг оролцуулан таван сая ам. доллараар 1994 онд худалдан авч Монголын агаарын тээвэрт ашиглаж эхэлсэн байдаг. 1997 оноос эхлэн жил бүр Монголын 4-5 оюутанд тэтгэлэг олгох болсноо “Hanjin” группын тэргүүн Жо Жүн Хүн мэдэгдэж эхний ээлжийн 10 оюутан суралцаж эхэлжээ. 1997 оны Зүүн Азийн санхүүгийн хямралаас шалтгаалан Солонгосын эдийн засаг  хүндрэлтэй байхад ч Монголд үзүүлэх тусламжийн хэмжээг нэмэгдүүлсэн нь Монголын ардчилал, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэхэд тууштай дэмжлэг үзүүлж буйн бодит илрэл болсон бөгөөд үүнийг XXI зуунд харилцан нөхсөн хамтын ажиллагаа, хөгжлийн төлөө түншлэлээ хөгжүүлэх гэсэн БНСУ-ын Засгийн газрын тууштай байр суурь байсан гэж үзэж болно.

 

Гэрээт ажилчид хоёр орны эдийн засгийн гүүр болсоор байна

Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны нэг чухал чиглэл нь Монголоос БНСУ-д ажиллагсад гэрээгээр гаргах явдал болсон. Монгол Улсаас 1993 оны зургаадугаар сард анхны үйлдвэрийн дадлагажигсад Солонгосын цэргийн оёдлын үйлдвэрт ажиллаж эхэлсэн байдаг. 1996 оны дөрөвдүгээр сард БНСУ-ын Засгийн газар тогтоол гаргаж, гадаадаас ажиллах хүч авах улсуудын жагсаалтад Монгол, Казахстан улсуудыг оруулж 10 жилийн хугацаанд үе шаттайгаар 20 мянган ажилчин авахаар болж байв. Учир нь БНСУ-ын жижиг, дунд үйлдвэрүүдэд ажиллах хүчин их хэмжээгээр дутагдалтай байсан аж. 1996 онд БНСУ-ын ЕБС-ийн төгсөх ангийн сурагчдаас социологийн судалгаа авахад зөвхөн нэг хүрэхгүй хувь нь үйлдвэрт ажиллах сонирхолтой гэсэн дүн гарч байжээ. Тийнхүү 1996 онд Монгол Улсаас БНСУ-д ажиллах хүчин гаргах асуудлаар хоёр тал тохиролцож эхний ээлжийн 250 хүнийг явуулж эхэлсэн түүхтэй.  БНСУ-д ажиллаж, амьдарч буй иргэдээс Монгол руу гуйвуулж байсан валют  мөнгөн дүнгээрээ жилд ойролцоогоор 170 сая  ам. доллараар хэмжигдэж  байсан нь хандивлагчдын бүлгээс жилд Монголд амлаж байсан зээл, тусламжийн бараг 80 хувьтай тэнцэж байв. Энэ бол статистикийн бүртгэлд ордоггүй, эргэж төлөгдөхгүй, онцгой хөрөнгө оруулалт байсан бөгөөд эдүгээ амжилттай үргэлжилж байгаа юм. 2017 оны есдүгээр сард Владивосток хотноо Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзаж, цаашид нягт хамтран ажиллаж, хоёр орны найрсаг хамтын ажиллагааг илүү амжилттай хөгжүүлж чадна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсэх, БНСУ-ын  Ерөнхий сайд Ий Наг-ён нарын 2018, 2019 оны харилцан айлчлалаар  “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн үеэр Стратегийн түншлэлийн түвшинд хүргэхээр тохиролцсон. Эдүгээ Монгол Улсын 3.3 сая хүн амд хүртээмжтэй үр өгөөжөө өгч буй “гуравдагч хөрш” бол БНСУ болоод байна.

 

Ах дүүгийн барилдлага тогтоогоод 800 жил болжээ

Монгол-Солонгос Улсын хооронд ахан дүүгийн барилдлага тогтоосны 800 жилийн ойд зориулан “Монгол-Солонгосын харилцааны түүх ба Зүүн хойд Азийн хамтын ажиллагаа” сэдэвт  Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг МУИС болон ОУУБИС хамтран 2019 оны долоодугаар сард зохион байгуулжээ. Энэ хурлаар “Монгол, Солонгос хоёр улс өнө эртний түүхэн харилцаатай бөгөөд тэр дундаа XIII-XIV зуунд илүү ойр дотно харилцаж, төрийн хэмжээнд ураг барилдан ная гаруй жилийн туршид садан төрлийн хэлхээ холбоо тогтоож байсан юм” хэмээн үнэлсэн байдаг. Хоёр өдөр үргэлжилсэн энэхүү хурал манай хоёр орны эрдэмтэн судлаачид түүх, археологи, хэл шинжлэл зэрэг олон талаас судлан шинжилж, өөр өөрсдийн өнцгөөс үзэл бодлоо дэвшүүлэн хэлэлцүүлж хоёр орны найрамдалт харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл явдал болсон.

Манай улс 1990-ээд онд ардчилал, зах зээлийн тогтолцоонд шилжиж, нийгэм, эдийн засаг, соёлын маш олон хүнд сорилттой тулж байсан тэр хүнд цагт Монгол Улс БНСУ-тай дипломат харилцаа тогтоон, улмаар 1991 онд МУИС-ийн ОУХДС-д  Солонгос судлалын тэнхим байгуулсан явдал манай хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаанд чухал алхам болсон юм. МУИС-д Солонгос хэлний тэнхим байгуулагдсан цагаас БНСУ-ын Солонгос сан болон Зүүн Хойд Азийн Түүхийн сан зэрэг олон сан, их дээд сургууль, байгууллага, хувь хүмүүсийн тусламж дэмжлэгийн үр дүнд өдгөө тус салбар Монголын Солонгос судлалын гол төв болон бэхэжсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.142.245.40)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.