Явган хүний гарц, замууд ажлын байр биш
Нийтлэл
/
2020-08-27

            "ХОТ СОЁЛТОЙ БОЛ ГОЁ" хэмээх бүх нийтийн аян энэ оны гуравдугаар сард эхэлсэн. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан УИХ-ын гишүүн болохоосоо өмнө эл аяныг нээж "Одоогоос 60 жилийн тэртээ нүүдэлчин өв соёлтой монголчууд бид суурин амьдралыг ѳрнүүлж, орчин цагийн соёл иргэншлийг хэвшүүлж эхэлсэн. Өдгөө нийслэл хот маань дэлхийн их хотын нэг болж оршин суугчдаас хариуцлага, харилцан хүндлэл, хувь хүний хандлага, орчин цагийн хотын соёл гээд хамтын нийгмийн амьдралын хэв маягийг шаардсаар байна. Хотын соёл, иргэн хүний хариуцлагыг ярихгүйгээр аливаа хүндрэл, бэрхшээлийг даван туулах боломжгүй.

            Нийслэлийн иргэн та бид эх оронч сэтгэл, СОЁЛЫН ДОВТОЛГООГ нэхэн санаж, ИХ ХОТОО соёлжуулах ХОТЫН СОЁЛ бүх нийтийн хөдөлгөөнийг нийслэл даяар эхлүүлж байна. Энэхүү ХОТЫН СОЁЛ бүх нийтийн аянг хэрэгжүүлэхэд иргэн таны оролцоо нэн чухал бөгөөд таны ХОТЫН СОЁЛ-д оруулж байгаа хувь нэмэр хотоо, улсаа хөгжүүлэх оюунлаг, бүтээлч, хариуцлагатай иргэний ЗҮТГЭЛ байх болно. Нийслэлийн иргэн бидний хоёрдахь гэр болсон гудамж талбайд нус цэр, хогоо хаяхгүй байх, ил задгай бие засахгүй байх, замын хөдөлгөөний дүрмээ чанд биелүүлэхээс эхэлнэ. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 4000 гаруй ажилтан албан хаагчид өнөөдрөөс эхлэн ХОТын СОЁЛыг түгээх, хэвшүүлэх аянд нэгдэж байна. Хотын иргэд та бүхнийг “ХОТЫН СОЁЛ” үйлсийг дэмжиж ая тухтай, аюулгүй, эрүүл хотыг цогцлоохын төлөө айл хѳрш, орц, гудамж, хороо дүүрэг, албан байгууллага, аж ахуйн нэгж, хамт олноороо нэгдэн түгээхийг уриалж бас хүсэж байна" гэж жигтэйхэн сайхан уриалга гаргаж байсан.

            Гэвч, монголчууд бид хэлж ярихдаа уургын морь шиг хэлэмгий доломгой ч хийж бүтээх, алдаа дутагдлаа засаж залруурахдаа хонины хашин мориноос ч долоон дор улс юм. Үүний тод жишээ томхон баримтууд бол байшин барилга, байр орон сууцны орц хонгил булан тохойд бие засах, нус цэрээ хаях зэрэг "соёлгүй үйлдлүүд" бөгөөд явган хүний зам, гарцуудын дээр машин техникээ угаах, машин засварын газар ажиллуулах зэрэг зүй бус явдлуудыг гаргаж байгааг бэлээхэн харж болно. Нийслэлийн Баянгол дүүргийн III, IV хорооллын эцэс, Гэмтлийн эмнэлгийн ойролцоохь нутаг дэвсгэрт машин угаалгын газрууд олноор оршиж нийтийн эзэмшлийн зам тээврийг хиртэй булингарт усаа урсган замыг эвдэж байгааг бид олон жил харсаар сүүлдээ байх л ёстой зүйл шиг эл дол болсон. Баянбүрдний тойргоос Дэнжийн мянга явдаг зам дагуу Цагаан байрны орчимд ч явган хүний зам дээр машин засварчид олноор зогсож үйл ажиллагаа эрхэлж буй нь нөгөө сүрхий яриад байгаа "Хот соёлтой бол гоё" гэж сурталчлаад байсантай нь зөрчилдөж, нөгөөтэйгүүр улс, нийслэлийн төсвөөр бүтээн байгуулдаг замын засвар арчилгаанд сөргөөр нөлөөлж, хотын замын хөдөлгөөнд ч түгжрэл үүсгэж байна.

            Явган хүний гарц, замууд ажлын байр биш гэдгийг нийслэл, дүүргийн холбогдох ажилтан албан хаагчид ч ойлгож шаардлага тавих учиртай. Хотын даргын үүрэг гүйцэтгэгч ч үүнд санаа тавих үүрэгтэй гэдгийг хаа хаанаа бодоход илүүдэхгүй. Иргэд ч төрөлх хотоо өнгөтэй өөдтэй байлгахын тулд "Нийслэл дүүргийн өмч, нийтийн эзэмшил" гэсэн хүнийрхүү сэтгэлээр хандалгүй өөриймсөг аж төрцгөөвөл хэчнээн сайхан байх билээ? Эл аяны хүрээн Нийслэлийн соёл, урлагийн газрын Урлагийн хэлтсийн дарга Э.Цэнд-Аюуш "Хотын соёл өргөн хүрээтэй ойлголт. Иргэн бүр өглөө сэрээд тухайн өдрийнхөө амьдралтай хөл нийлүүлэн алхахаас эхлээд орой унтах хүртэлх хугацаанд хотын соёл хамт явдаг. Одоо бидний хийж байгаа ажлууд зөвхөн нөлөөллийн ажил юм. Илүү үр дүнд хүрэх нь иргэдээс 100 хувь хамаарч байна. Хувь хүний соёл бол хотын соёл. Ингээд бодохоор иргэд маань хэдий чинээ хариуцлага, соёл, ухамсартай байна төдий чинээгээр хотын соёл нэмэгдэнэ" гэж мэдэгдэж байсан. Хотын соёл гэхээр зөвхөн хотын төвийн хэдэн барилга байшингийн асуудал биш. Захын хороолол ч хотын соёлын нэг хэсэг байх ёстой биш үү?  

 

МЗЭ-ийн шагналт яруу найрагч Лхагвасүрэнгийн Батцэнгэл

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.134.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.