М.Билэгт, Ц.Анандбазар хоёр шиг МАЛЧДЫН ТӨЛӨӨ  дуугардаг төрийн түшээд олон байгаасай...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-08-28

Монголчуудын эдийн засгийн хамгийн том хөшүүрэг бол мал аж ахуйн салбар юм. Социализмын үед үнэд орж байсан бол ардчилал зах зээлд шилжсэн цагаас эхлэн улам үнэгүйдэж явсаар сүүлдээ хог, сэг зэм болж хувирлаа.

Уг нь Монголчууд таван хошуу малаас хаях зүйл байхгүй хэмээн ярьдаг. Мах сүү, арьс шир, эвэр туурай, өөх булчирхай гээд бүгд ахуйн хэрэгцээнд болон эрүүл мэндэд сайн гэгддэг. Харин одоо цагт хонины нэхий, арьс, тарз, өлөн, толгой шийр нь нэг ширхэг иштэй чихэрийн ч үнэ хүрэхгүй, хог дээр хаягдах болсон.

Зундаа халж, өвөл нь даарсаар жилийн дөрвөн улирлыг малынхаа захад өнгөрүүлдэг 280 гаруй мянган малчин байна. Харин тэдний төлөө дуугардаг, малчдын хүнд хөдөлмөрийг үнэлдэг, мэдэрдэг түшээд цөөхөн болжээ.

Багаасаа мал дагаж, хонь хариулж, бэлчээр нүдлэж, даарч, хөрч, мал малласныхаа ашиг шимийг хүртсэн хүмүүс л тэдний хөдөлмөрийг ойлгоно. Яг ийм замаар явж ирсэн түшээд гэвэл өмнөх парламентад Баянхонгороос сонгогдсон М.Билэгт, шинэ парламентад Булганаас сонгогдсон Ц.Анандбазар нарын цөөн хэдхэн хүнийг нэрлэж болох.

Харин өөрсдийн эрх ашгийн төлөө ажиллаж, малчдын хөдөлмөрийг үнэгүйдүүлж, хонины ноос, үхрийн савга, хөөвөр, ямааны ноолуур, тэмээний ноос, адууны дэл, сүүлийг хямд үнээр авч өөрөө цулайсан түшээд олон. Тухайлбал хурдан морьтойгоороо олонд танигдсан Ч.Улаан сайд л гэхэд ноолуурын  мөнгөөр сонгуулийн шоу хийгээд дуусгасан.

Харин М.Билэгтийн хувьд 280 мянган малчны эрүүл мэндэд, тэндний амьдрал таатай боломжит нөцлийг бий болгохын төлөө зоригтой дуугарч, зарим үед инээдэм, наргианы гол бай болж байсан ч малчдыг хамгаалах туйлын зорилгоосоо няцаагүй юм. Тэр элдэвлүүлсээр, зүтгүүлсээр байгаад Малчдын тэтгэвэрт гарах насыг 5 жилээр урагшлуулж, малын хулгай, малын чанар, малчны боловсролд чиглэсэн олон хуульд өөрийн байр сууриа төлөөлөн оруулсан.

2020-2024 оны парламентад шинээр сонгогдсон Ц.Анандбазар гишүүний хувьд мөн л 280 мянган малчин иргэдийн өмнөөс зоригтой дуугарч улмаар үнэ нь унасан малын ноос, ноолуурыг үнэд хүргэх зорилго тавьж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Таван аймагт ноос угаах үйлдвэр байгуулах”, “2021 оныг МАЛЧДЫГ ДЭМЖИХ ЖИЛ” болгох, малдыг дэмжих анхдугаар аяныг өрнүүлэх, малчдын дэмжих сантай болох  зэрэг авч хэрэгжүүлж болох зөв зүйтэй олон саналыг эхлүүлжээ.  

Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.74.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.