Төртэйгээ, Хүнтэйгээ халамжинд ЧӨДӨРЛҮҮЛЭХ үү?, ядуурлаас ЧӨЛӨӨЛӨГДӨХ үү?
Нийтлэл
/
2020-08-28

           Аливаа оршин буй төр улс иргэдийнхээ амьдралын наад захын хэрэгцээг хангах үүрэг хүлээдэг. Нийгмийн халамж нь социал төрийн үйл ажиллагааны нэг хэсэг болдог. Халамжит төр (welfare state) нийгмийн хамгаалал, тэгш байдлыг нийгмийн тодорхой бүлгийн хүрээнд бус өргөн хүрээнд тавьдаг тул тэгшитгэх, асрамжлах шинжийг агуулдаг талтай. Социал төр хувь хүн нийгмийн нөлөөнөөс хараат болж, түүний урхинд орж, аж амьдралын зовлон бэрхшээлд унаж, үндсэн хэрэгцээгээ хангаж чадахгүй болсон үед засгийн газрын оролцоо шаардлагатай гэсэн зарчимд тулгуурлана. Тиймээс иргэдийнхээ амьдралын наад захын хэрэгцээг хангах, нийгмийн эмзэг хэсэгт тусламж үзүүлэн тухайн хүрээнд нийгмийн тэгш ёсыг хамгаалдаг бол халамжит төр нь тодорхой бүлгийн хүрээнд бус өргөн хүрээнд тэгш байдлын асуудлыг тавьдгаараа ялгаатай.

            Эдийн засгийн хүндрэл, олонхын ажилгүйдэл, ядуурал, дайны нөхцөл байдал, халдварт өвчин тахал зэрэг нийгэмд тулгамдсан асуудлын үед олон нийтийн зүгээс төрд итгэх итгэл нэмэгдэж, бодлого шийдвэрийг анхааралтай хүлээж, төрөөс дэмжлэг авах хүлээлт үүсдэг. Социал төрийн хэлбэр феодализмын үед тодорхой хэмжээгээр давуу байдалтайгаар ноёд язгууртнууд ба энгийн ардын засаглал бүхий ивээгч-үйлчлүүлэгчийн патрон шинжтэй байсан гэж үздэг бол, социалист төрийн үед нийгмийн шударга ёсны зарчмынхаа дагуу оршиж байв. Тиймээс монголчуудын төрийн тухай уламжлалт ойлголт, хэвшилд нь социал төрийн зарчим илүүтэй нэвчсэн байх талтай. ХХ зууны II хагасаас халамжийн төрийн өргөтгөл зогссон боловч шинээр ардчилалд шилжсэн орнууд болон эдийн засгийн хөгжил буурай, хөгжиж байгаа орнуудад халамжийн тогтолцоо нэмэгдсээр байна.  Манай улсын хувьд социал төрт, алсуур зүүний үзлээс, хууль ёсыг эрхэм болгосон шөнийн манаач төр рүү тэр  дундаа хэт барууны болох неолиберал үзэл рүү хэвтээ чиглэлийн улс төрийн шугаман дараалал(continuum) дээр хол шилжилт хийсэн.  Ингэснээр нийгмийн бодлогод анхаарахаас илүүтэй зах зээлийн эдийн засгийн шилжилтийг чухалчлах болов.

            Сүүлийн 6-н сард Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрүүдийг социал бодлогыг гол болгосон төрийн шийдвэр үү, улс төрийн ялалтын төлөөх улс төржсөн шийдвэр үү гэдэг дээр зөв, бурууг нь дэнсэлсэн мэтгэлцээн одоо ч үргэлжилж байна. Халамжийн бодлого хэвээр хэрэгжих хугацааг он дуустал сунгасан нь ИТХ-ын сонгуулийг өнгрөөж байна гэсэн хардалтыг ч дагуулж байна. Аль ч сонгуулийн өмнө үзэл баримтлал, үүсэл санаагаа үл тоон нам бүр халамжийн бодлогоороо амлалт өгж, ам уралдуулдаг нь гэм биш зан болсон. Иргэдээ халамжлах нь төрийн үүрэг байдаг бол нөгөө талдаа улс төржсөн шийдвэр байх талтай. Энэ дээр төр баригчид үргэлж мөрдлөг болгох зарчим  гэж бий. Тэр нь төрийн бодлогод улс төржсөн шийдвэрийг халдаахгүй байх буюу улс төрийн зүтгэлтнүүд тэсч үлдэхийн төлөө төрийн эрх барих мэдлийг ашиглаж бодлого гаргахгүй байхыг гол болгодог. Ингэж сэрэмжлэх шалтгаан нь улс төрчид иргэдийн үйл  оюун санаа болон материаллаг хэрэгцээгээр нь дамжуулж үйл байдлыг нь удирдах боломжтой  байдаг. Өмнөх засгийн гаргасан шийдвэрийг буруутгаж яллах нь зөв эсэх асуудал ургах ч дараа нь авч үзье.

            Энэ яригдаж буй асуудал өнөөгийн Засгийн газар ч гэлтгүй өмнөх өмнөхүүдэд нь ч хамааралтай. Өнөөгийн Засгийн газарт тохиолдсон зүйлийг бол “олтолцол” гэж нэрлэнэ. Тэр гурвалсан огтолцол нь УИХ-н сонгуульт хугацаа, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Засгийн газрын эрх мэдлийг нэмэгдүүлсэн шийдвэр, цар тахалын үеийн онц нөхцөл байдал юм. Эхний хоёрыг огтлолцуулж болох хэдий ч гурав дахыг нь болохгүй.

            МАН-ын хувьд угаас нийгмийн тэгш байдлыг гол болгосон улс төрийн зүүн төвийн социал-демократ үзлийг баримталдаг бол АН-ын хувьд зах зээлийн зарчмын дагуу нийгэм хөгжих бөгөөд төрийн зүгээс өрсөлдөөнийг зохицуулах байдлаар оролцох баруун төвийн либераль үзлийг баримталдаг. Гэхдээ аль алинд нь тухайн үзэл санааг өмчлөх эрх байхгүй гэхдээ дүрмэндээ тусгасан тухайн үзэл баримтлалаа дагах үүрэг байгаа. Иргэдэд тэр ялгаан дээрх бодлогын хувилбаруудыг харьцуулж сонголтоо хийх боломжийг олгох ёстой. Тодорхой тохиолдлуудад аль аль нь үзэл баримтлалаасаа буцах болдог. Үүнд хоёр шалтгаан бий. Нэгт: иргэдийн шаардлага, дэмжлэг, хүсэл зоригт нийцүүлж бодлого боловсруулах хэрэгцээ гардаг бол түүнээс илүү чухал шалтгаан нь аль ч үзэл баримтлалд нь алдаа байдаг. Зөвхөн хэрэгцээтэй үед ашиглах чухлыг дурдсан хэдий ч тууштай байдал манай улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг тогтворжуулахад илүү чухал байна. Гэхдээ тууштай байдал гэдгийг муйхараар зүтгэх гэж үзэж болохгүй. Төрийн бодлого боловсруулахад болгоомжтой хандахгүй бол шууд дам нөлөөгөөр нийгэмд олон өөрчлөлтийг авчирдаг учир шалтгаан үр дагавруудыг тал талаас нь тооцох болдог. Энд хэлэх гэж буй гол зүйлээр улс төрийн тоглолтыг төрийн бодлогоор хийдэг учир ялгаж салгаж, наанатай цаанатай хандах тухай дурдлаа.

            Дараагийн зүйл гэвэл дээр дурдсан аль алинд нь байдаг алдааны тухай юм.  Халамжийн бодлого хэрэгжүүлэхгүй байя гэвэл зах зээл өөрөө алдаатай ажилладаг. Зах зээл өөрөө зохицуулагдах хуулиар явбал нийгмийн давхрагын ялгарал улам гүнзгийрч, баялаг хуваарилалт, дахин хуваарилалтыг хийх субьектгүй болж жинхэнэ утгаараа зэрлэг капитализм бий болно. Гэхдээ бид нийгмийн тэгшитгэх халамжийн бодлого явуулж байгаа хэдий ч зах зээлээс үүдэлтэй хорыг яагаад тайлж чадахгүй байгаа  тухай доор дурдана. Товчхондоо ийм нэг том алдаа бий. Нөгөө талдаа халамжийн бодлогоос үүсэх алдаанууд бий. Наанадаж л гэхэд халамжийн бодлогын хэрэгжилт сайн байгаад эерэг үр дүнд хүрээд хүн амын наслалт, амьжиргааны төвшин нэмэгдлээ гэхэд дараа нь тэтгэврээ тавих, ажилчдаа ажиллуулах зэрэг суурь нөхцөл, төрийн чадамж хангалтгүй болж эхэлдэг. Мөн халамжинд маш их хэмжээний мөнгө олгоод эрдэнсийн сан дуусаад ирэхэд эргээд иргэдээсээ авах татвараа нэмэгдүүлдэг. Ингээд л төрийн ялгамжтай, туушгүй бодлогыг мэргэн ард мэдэхгүй учир мэдэрсэнээрээ шүүмжилж төрийн нэр хүнд, легитим чанар унах болдог. Засаглалын легитим буурвал  дараа дараагийн бодогуудын хүч нөлөө, хүртээмжийн хувьд хангалтгүй болно.

            Гол нэг алдааг одоо дурдая. Төр халамжийн бодлого хэрэгжүүлж буй шалтгааныг иргэдийн наад захын хэрэгцээг хянах, иргэдийг ядуурлаас гаргах суурь дэмжлэг болгох, ядаж ядуурлын шугам руу оруулахгүй авч үлдэх гэж үздэг. Тэгвэл эсрэгээрээ тухайн иргэн төрийн халамжаар амьдрах наад захын биш цаад захын хэрэгцээгээ хангаад, ядуурлаас гарах биш улам ядуурлын намагтаа шигдээд байдаг бол яах вэ. Энэ талаар төрийн эдийн засгийн онолч Ж.Стиглиц “халамжийн чөдөр” гэдэг ойлголтыг гаргажээ. Түүний үзсэнээр хэрвээ ажилгүйдлийн тэтгэмж, хүнсний талон авдаг хүн байлаа гэхэд тэр хүн ажилд орвол, эрүүл мэндийн хувьд эрүүл болсоныг нь төр мэдвэл тэр тэтгэмж олгогдохоо болино. Тухайн хүний ажил эрхэлээд олох хөлс, халамжийн мөнгөнөөс харьцангуй илүү ч гэлээ ажил хийхгүйгээр амьдралаа залгуулж байх нь сэтгэл ханамжийн хувьд харьцуулшгүй их. Ялангуяа эмэгтэйчүүд хүүхдийн 100 мянган төгрөгний тэтгэмжээ хүүхдийнхээ тоогоор аваад бага насны хүүхэдтэй бол “Цалинтай ээж” хөтөлбөрт хамрагдаад, өрхийн төсвөө зарцуулаад, өрх гэрийнхнээ халамжлаад амьдрах хүсэл дүүрэн гэж хэлэхгүй ч ханамжтай. Хүүхэдтэй эмэгтэйчүүдэд олгож буй халамж нэмэгдэх тусам эмэгтэйчүүдийн ажил эрхлэлт буурдаг урвуу хамаарал байгааг МУИС-ийн Эдийн засгийн танхимын багш ..... судалжээ. Хүүхдийн мөнгө, алдарт эхийн одон зэрэг нь хүн амын өсөлтийг эдийн засаг, үнэлэмжийн хөшүүргээр нэмэгдүүлэх нэг арга байсан бол энэ нь төрөлтийг улам хүндээр хүлээж авах, ховор тохиолдол болгох нийгмийн сэтгэл зүйг бэлтгэсэн байж болзошгүй. Үүн дээр төрийн бодлогын эерэг хүлээлттэй эсрэгцэж гарсан дисфункц илэрч байна.

          Нийгмийн ажилгүйдэл, ядуурлыг урт хугацаандаа шийдэх арга зам нь халамжийн бодлого гэдгийг бид бүгд хүлээн зөвшөөрнө. Нийгмийн даатгалын сан үргэлж алдагдалтай байдгаас илхэн харагдана.

            Суурь шалтгааны нэг илрэл энд илэрч байгаа нь нийгмийн бодлого, зах зээлийн бодлогыг хэрхэн зөрчилдүүлэхгүй, аль нэгийн нь гээгдүүлэхгүйгээр уялдуулж авч явах, өрсөлдөөн ба төлөвлөлтийн харьцаанд хэрхэн хандахаас илт харагдаж байна. Эрх зүйт төр хийгээд социал төрийн халамжит зарчим, үзэл баримтлал нэг орон зайд багтах боломжгүй гэж үздэг бол нөгөөтээгүүр эдгээр төрийн нийтлэг байдал болон онцлогууд нь бие биенээ тэтгэн хөгжөөж байдаг гэж үзэх нь ч бий. Гэсэн хэдий ч аль нь давуу байр суурьтай байгаагаас нөлөөллийн хүч, засаглалын арга хэрэгсэл, төрийн бүтэц-үүргийн ялгаатай байдал зэрэг нь тухайн үзэл санааг зөрчилд хүргэж байдаг. Үүнээс үүддэг гол зөрчил нь төрийн эрх мэдэл, үүрэг оролцоо ямар байх тал дээр илэрдэг. Эрх зүйт төрийн хувьд төрийн зүгээс хууль ёсыг удирдлага болгон засаглаж, нийгэм эдийн засаг, хувь хүний амьдралд оролцохгүйгээр хамгийн минимал төвшинд байх ёстой гэдэг бол социал төрийн хувьд энэ байдал нь эдийн засгийн эрс тэс ялгааг нэмэгдүүлж, иргэдийн хүч хөдөлмөрийг туйлдуулан,нийгмийн бүлгүүдийн тэмцлийг аюултай хэмжээнд хүргэдэг гээд дээрх шаардлагатай байдлыг шийдвэрлэхийг төрийн бодлогын төвд тавьж, баялаг хуваарилалт, иргэдийн амьжиргаанд хариуцлагатай хандах хэрэгтэй гэж үздэг. Төрийн үүрэг, оролцооны тухай үзэл санаа, онол, баримтлал нь түүхэн хугацаанд хоёр туйлын хооронд оршсоор иржээ.

 

             Социалист, социал-демократ үзлийг баримтлагчид нийгэм дэх баян хоосны ялгааг багасгах, тэгш бус байдлыг арилгахын тулд өсгөн нэмэгдүүлэх татвар авах ёстой гэж үздэг. Харин либералууд эдийн засгийн хөгжил, үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд дээрх татварын бодлого харш гэж үзээд регрессив татварын бодлого, Лафферын мурийн загварыг хэрэгжүүлэхэд илүүтэй дэмжлэг үзүүлдэг байна. Прогрессив татвар эдийн засгийн өсөлтийн үед өсөлтийг улам урамшуулах, уналтын үед уналтыг улам хурдасгадаг гэж үздэг.

                                                                   

              Дэлхийн зах зээлд зэс алтны үнэ өссөнтэй холбоотойгоор манай улсын экспорт сайжирч, төсвийн орлого нэмэгдэж, жил дараалан алдагдалгүй гарах болсноор дунд арван жилд (2000-2010) 90-ээд оны дунд үеийн төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгийг зөвхөн халамжид зарцуулах болсон гэж эдийн засагч Д. Энх-Амгалан дүгнэжээ. “Эх, хүүхдэд тэтгэмж олгох, хүүхэд, эх, гэр бүлд мөнгөн тусламж үзүүлэх тухай” хуулийг 2006 оны 05 дугаар сард УИХ баталсан бөгөөд тухайн жилдээ шинэ гэр бүлд 11,8 тэрбум, шинээр төрсөн хүүхдэд 4,1 тэрбум, 26,9 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгосон нь тухайн жилийн улсын нэгдсэн төсвийн зарлагын дүнд харгалзан 0,1, 0,3, 2,1 хувийг тус бүр эзэлж байв. Ялангуяа 2007-2008 онуудад төсвийн орлого ихээхэн нэмэгдсэнтэй холбоотойгоор нийгмийн хөтөлбөр, хөрөнгө оруулалтыг ихээхэн нэмэгдүүлэх болсон. Шинэ гэр бүлд олгосон тусламж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, шинэ төрсөн хүүхдэд олгосон тусламжид 2006 онд 42,1 тэрбум, 2007 онд 68,7 тэрбум, 2008 онд 56,4 тэрбум, 2009 онд 57,1 тэрбум төгрөг зарцуулжээ. Харин 2009 оноос эхлэн дэлхийн санхүүгийн хямрал, эрдэс баялгийн түүхий эдийн уналт үргэлжилснээр дээрх тусламж, тэтгэмж 2010 онд 764,6 сая, 2011 онд зөвхөн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг шалгууртай олгодог болсноор 3 сая төгрөг болж буурчээ. 2010 оноос Өмнөговь аймгийн Цогтцэций суман дахь  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ий Цанхны баруун, зүүн хэсгийн нүүрсний уурхай, Ханбогд суман дахь “Оюутолгой” ХХК-ы зэс, алт, молибден, мөнгөний нөөцтэй уурхай ашиглалтад орж, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” 2009 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дахь “Төмөртолгойн” нүүрсний ордыг ашиглалтад оруулсан бол, 2011 оноос Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын “Төмөртэй”-н төмрийн хүдрийн орд ашиглалтад оруулж, 2012 оноос “Эрдэнэт” ХК хүчин чадлаа нэмж жилд 30сая тонн зэсийн хүдэр олборлож боловсруулах болсонтой зэрэгцэн зах зээл дэх эрдэс баялгийн үнэ нэмэгдсэн зэргээс үүдэн эдийн засгийн өсөлт нэмэгдэх болов. УИХ 2010 онд “Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай” хууль гаргасан ч 2014 онд уг хуулийг хүчингүй болгожээ. 2017 оны эхний байдлаар манай улсын хэмжээнд хайгуулын болон ашиглалтын 3580 тусгай зөвшөөрөл олгосноос 2022 нь хайгуулын, 1558 нь ашиглалтынх ажээ. Ингэснээр Ⅲ дахь арван жилийн Ⅱ дугаар хагас гэхэд нийгмийн халамжид зарцуулах төсөв эргээд өндөр хувьтай болов. Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100% олгож,  0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ээжид сар бүр 50,000 төгрөгийн тэтгэмж олгох “Цалинтай ээж” хөтөлбөрийг нэвтрүүлж, тэтгэвэр барьцаалсан зээл авсан 228,6 мянган ахмадын 6.0 хүртэлх сая төгрөгийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх, “Эрдэнэс-Тавантолгой” ХК бүх иргэдэд хувьцааны ногдол ашиг тараах зэрэг халамжийн бодлогуудыг хэрэгжүүлэв. Дээрх байдлаас дүгнэхэд эрдэс баялгаас үүдэлтэй улсын төсвийн орлого нэмэгдэхэд баялгийн хуваарилалт, нийгмийн тэгш байдалд анхаарсан халамжийн бодлого нэмэгдэх шууд хамаарал харагдаж байна. Орлогын тэгш бус байдлыг багасгах, ядуурлыг бууруулах нь аль ч засгийн газрын гол бодлого байх хэдий ч хэрхэн хэрэгжүүлэх, юунаас үүдэлтэй гэдгийг тодруулсан үзэл санаа нь прадигмын ялгаатай байдалд хүргэдэг.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.142.2)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.