Ж.Чинбүрэн: Өвчтөнд хэдэн сая төгрөгийн эмчилгээ хийлгэх шаардлага байна. Тэр зардлыг төр бүрэн даадаг болно
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-08-28

Нийслэлийн Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа. Тэрбээр нийслэлийн хамгийн олон хүн амтай Баянзүрх дүүрэгт хамгийн ихээр тулгамдаад буй ЭМНЭЛГИЙН АСУУДАЛД ханцуй шамлан ороод буй нэгэн билээ.

Баянзүрх дүүрэг бол хүн ам газар нутгийн хэмжээгээрээ нийслэлд тэргүүлдэг. Тэр ч утгаараа шийдэх ёстой олон асуудал урган гардаг. Хамгийн чухал нь дүүргийн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх төрийн мэдлийн байгууллага юм. Одоо байгаа эмнэлэгийн барилга нь чанар хүртээмж муутай, даацаа хүчрэхгүй байна. Зайлшгүй шинэ эмнэлэг барих ёстой болчихсон. Үүнд та хэрхэн анхаарч байна вэ?

Би Баянзүрх дүүргийн иргэн. Энэ дагуу иргэдийнхээ санал санаачилгыг авч МАН-ын мөрийн хөтөлбөрт Баянзүрх дүүрэгт 300 ортой шинэ нэгдсэн эмнэлэг бариулна гэж тусгасан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэхээр хангалттай бус байдаг нь үнэн. Менежментийн хувьчлалаар хувьд шилжсэн эмнэлэг нь дүүргийн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлээд явж байгаа нь үнэн. Түүнийг үгүйсгэж болохгүй. Гэхдээ шинээр оршин суугчид нэмэгдэж байгаа энэ үед зайлшгүй шинэ эмнэлэг бариулах хэрэгцээ шаардлага тулгарч байна. 350 гаруй мянган иргэнд ганц энэ эмнэлэг хангалттай биш. Тийм ч учраас бид тав нийлээд шинэ эмнэлгийг хаана бариулах вэ гэж газрыг нь сонгохоор иргэдтэй уулзаж, санал авч байгаа. УИХ-ын ээлжит бус чуулганаар “Төсвийн тодотгол”, 2021-2025 он хүртэлх Монгол улсын хөгжлийн үндсэн чиглэл, 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, Засгийн газрын мөрийн хөтөлбөр зэргийг хэлэлцэж буйтай уялдуулан яг энэ асуудлаа хөөцөлдөж байгаа. З 2021 оны төсөвт энэ асуудлыг шийднэ.

Өнгөрсөн парламентаар батлагдсан нэг чухал хууль бол “Хавдрын эрт илрүүлгийн тухай хууль”. Гэвч Ковид-19 цар тахал гарсантай холбоотойгоор хэрэгжилт нь удааширч байна. Энэ маш чухал хуулийг хэрэгжүүлэхэд та уг нь онцгой анхаармаар юмсан. Бодож санаж байгаа зүйл байна уу?

За наад асуудал чинь яг Баянзүрх дүүрэгт биелэлээ олж, хэрэжиж эхэлсэн шүү. Тухайлбал Баянзүрх дүүргийн амбулоторийн нэгдүгээр байрыг засаж сайжруулаад, шинэ тоног төхөөрөмж аваад “Эрт илрүүлгийн шинэ, жишиг төв” байгуулахаар болсон. Ажил идэвхтэй өрнөж байна. Нийслэлд байтугай улад анхны жишиг төв. Өөрийгөө би эрүүл, элдэв хавдаргүй, өвчингүй гэж бодож байгаа хүнийг дуудаж шинжилгээнд хамруулж, ямар нэг өвчин байгаа эсэхийг нь мэдээллэх төв. Аймгуудад бол Ё.Баатарбилэг гишүүний санаачилгаар Архангай аймагт анхны жишиг эрт илрүүлэг, боловсрол олгох төвийг байгуулахаар болсон.

Төсөв мөнгийг нь хаанаас шийдэж байгаа юм бэ. Төсвийн тодотголоор шийдэх үү?

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ асуудалд онцгой анхаарч Засгийн газраас 300 гаруй сая төгрөгийн төсөв гаргаж энэ барилгыг шинэчилж байна. Засгийн газрын 100 хоногт багтаан үйл ажиллагаа нь эхэлнэ. Энэ баяртай мэдээг ард түмэндээ дуулгая. Баянзүрхийн 10-р төв гэж байсан амбулторийн барилгыг ийм хэлбэрээр ашиглана. Тэнд байсан эмнэлгийг үйлчилгээг хувьчлагдсан гээд байгаа Баянзүрхийн эмнэлэгийн 20 платад шилжүүлэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ үзүүлнэ. 23-р хороонд 100 ортой эмнэлгийн барилга баригдаж байгаа. Түүнийг ашиглалтад орохоор шилжүүлнэ.

Эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг иргэдэд илүү нийцтэй болгох тал дээр нэлээд оновштой дуугарч байгаа харагдсан.

Тийм энэ бас л чухал. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байна. Эрүүл мэндйин санхүүжилтийг шинэчлэх баг гаргаж судалгаа хийлгэсэн. Өмнөх эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар өмнөх парламентын үед. Энэ өөрчлөлтөөр эрүүл мэндтэй холбоотой дөрвөн гол хуулийн 23 заалтад чухал өөрчлөлт орно. Төсвийн тухай, Эрүүл мэндийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулж санхүүгийн тогтолцоонд нь өөрчлөлт оруулахаар болсон. Энэ хуулиудад өөрчлөлт орсноороо эмнэлэг дагасан санхүүжилт бус тухайн иргэн, үйлчлүүлэгч, өвчтөнг дагасан санхүүжилттай болно. Өөрөөр хэлбэл тухайн иргэний хурууны хээгээр баталгаажсан системийг нэвтрүүлнэ. Эмчийн лецензтэй эмчийн бичиж өгсөн оношийн дагуу үйлчилгээ өгнө. Хоёрдугаарт хөнгөлөлттэй эмийг шууд олгоно. Гуравдугаарт улсын том эмнэлгүүд бие даасан бүтэцтэй болж, өөрөө төсвөө мэддэг болно. Хувийн ч бай, улсын ч бай эмнэлгүүд адилхан санхүүжилттэй болно гэсэн үг. Эмчилгээ хийсэн байдлаараа мөнгөө авна. Эрүүл мэндийн даатгалын сан бол тухайн хүнийг өвдөх үед тусламж үйлчилгээг олгох мөнгө. Одоогоор 500 гаруй тэрбум төгрөг хуримтлагдсан. Энэ мөнгө иргэдийн эрүүл мэндэд зарцуулагдаж л байх ёстой. Хоёр сая хүртэлх төгрөгийн тусламж үйлчилгээ авдаг байсан заалтыг болиулж байгаа. Энэ заалтыг засаж шаардлагатай тусламж үйлчилгээ авч л байгаа бол хэд ч байсан хамаагүй төгрөгөөр үйлчилгээгээ ав. Түүнийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас авна. Хамгийн чухал нь эрүүл мэндийн байгууллагуудын ажилчдын цалин хангамжийг нэмэгдүүлж байгаагаараа онцлог болж байна.

Цахим эрүүл мэнд гэдэг төсөл нэг хэсэг хэрэгжиж байгаад таг болсон. Иргэний үнэмлэх шиг картаар эрүүл мэндийн бүх үйлчилгээг авах боломжтой гэж  байсан. Энэ маань юу болчихов. Та санаа оноогоо хэлсэн үү?

Эрүүл мэндийн цахим сүлжээ, цахим банк шиг тогтолцоог 12 сар гаргаад нэвтрүүлэхээр зорьж байна. Олон жил яригдсан наад төсөл чинь одоо л ажил хэрэг болох нь. Эхний ээлжийн цахим эрүүл мэндийн картын туршилт нь нэвтэрч эхэлнэ. Цахим монгол төслийн хүрээнд наадах чинь хэрэгжинэ. 2021 оны нэгдүгээр сард хэрэгжинэ.

Танаас асуулгүй өнгөрч болохгүй чухал асуулт байна. Мөнөөх ХСҮТ-ийн өргөтгөл, шинэ байрны маргаан юу болсон бэ? “Энэр мед” эмнэлгийн барилгыг түрээслэж суух хэвээрээ юу. Төсөв нь батлагдчихсанч шинэ эмнэлэгийн барилгадаа ХСҮТ-ийнхэн нүүж ороогүй хэвээрээ байна шүү дээ?

-ХСҮТ-ийн байр, талбайг өргөтгөх зорилгоор 2020 оны төсөвт санхүүжилт нь орсон. Харамсалтай нь энэ гэрээ хоёр талын маргаанаас болоод хийгдээгүй. Учир нь “Энэр мед” эмнэлгийн зүгээс 3,7 тэрбум төгрөгийн түрээсийн гэрээний тендэрт оролцохгүй гэдгээ албан ёсоор хэлсэн. Хоёрдугаарт Энэр мед эмнэлгийнхэн өөрсдийн зардлаар хагалгааны өрөөг шийдээд өгвөл ХСҮТ-ийн хамт олон тухайн эмнэлгийг түрээслээд эмнэлгийн тусламж үйлчилгээгээ үзүүлье гэсэн. Гэтэл хагалгааны өрөөг өөрсдийн хөрөнгөөр засах боломжгүй гэсэн. ХСҮТ-д бол хамгийн гол зүйл нь хагалгааны өрөө шүү дээ. Ийм маргааны улмаас ажил цааш өрнөөгүй. Харин нэг таатай мэдээ хэлэхэд Сонгинохайрхан дүүрэгт ХСҮТ-ийн салбар эмнэлэг байгуулах газрын асуудлыг шийдэж чадсан. Найман га газар олгосон. Мөн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ХСҮТ-ийн шинэ эмнэлгийн барилгын зургийн мөнгө суусан байгаа. Нэлээд ургаштай байна.

Эмнэлгийн барилга, байгууламжийн эзэмшлийн газар сөөм, сөөмөөр хулгайд алддаг гэдгийг та юу эс андах. Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн мэдлийн газар МҮИС-д алдагдсан байсныг хотын даргатай  хамт эрчимтэй шийдсэн.  Зөв алхам шиг санагдсан шүү?

-ЭХЭМҮТ-ийн эмч ажилчид надад хандсан. Тэр даруй нь би хотын даргатай хамт очиж танилцсан. Дараа нь ёс журмынх нь дагуу шийдсэн байна лээ. Төрийн өмчийн газрыг хувийн хэвшлийнхэн дээрэлхэж булааж авдаг байж болохгүй. Сургууль, эмнэлэг, цэцэрлэгийн өмчийн газрыг цаашдаа ч хамгаална.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.4.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.