Захиалагч нь ГАДААДАД, гүйцэтгэгчид нь ШОРОНД...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-08-29

Хатуухан эхэлж байгаад уучлаарай... Гэхдээ Ч.Сайханбилэг ээ... Тан шиг хамтран зүтгэгчдээ ШОРОНД ИЛГЭЭЖ, өөрөө гадаадад оргонож байгаа удирдагч танаас өөр ахиж битгий байгаасай... Арай л хүн чанаргүй байна...

Дубайн гэрээтэй холбоотой танай өгсөн үүрэг даалгаварыг гүйцэтгэсэн Да.Ганболд, Б.Бямбасайхан, “Эрдэнэт үйлдвэр” ХК-ийн 49 хувьтай холбоотой асуудлыг шийдэхэд гар бие оролцсон Аж үйлдвэрийн сайд асан Д.Эрдэнэбат, Сангийн сайд асан Б.Болор нарыг хууль шүүхийн байгууллагаас шалгасны эцэст гэм буруутайд тооцон ХОРИХ ЯЛ оноогоод байна.

Онгоцны ахмад багийнхаа хүмүүсийг аврахын тулд өөрөө живдэг бичигдээгүй хууль, тогтоосон тоглоомын дүрэм хууль мэт үйлчилдэг байхад та яагаад үүний эсрэг явна вэ... Эр хүн, Ерөнхий сайд хүнд баймгүй ёс зүйгүй, хүн чанаргүй үйлдэл бус уу...

Би л асуудлаас мултарч, уснаас хуурай гарч байвал өрөөл бусад нь яахав гэсэн хувиа хичээсэн үйлдэл чинь таныг яг хэн бэ гэдгийг сүүлийн үеийн сүртэй баривчилгаа, шүүх хурлуудаас илт харагдаж байна.

Монгол Улсын Засгийн газрын тэргүүн гэдэг бол төрийг төлөөлж шийдвэр гаргах, түүнийхээ хариуцлагыг бүрэн хүлээх чадвартай хүний хийх үйлдэл гэж бодож байна. Та ядаж Ж.Эрдэнэбат шиг хийсэн хэрэг, гаргасан алдааныхаа хариуцлагыг өөрөө үүрэх чадвартай байгаач...

Бүх “Шорон операци”-ийг ганц Маэстро л удирдаж байгаа. Тэр нь ганц Баттулга! Хэмээн гадаадаас бичсэн нэгэн захиандаа тэр онцолжээ. Харин өөрийгөө энэ бүхэнд хамаагүй хэмээн зөвтгөж. Үнэхээр буруугүй, алдаа гаргаагүй юм бол ирээд хууль шүүхийн байгууллагад үнэн мөнөө хэлж шалгуулчих л даа. Юунаас айгаад, буланд шигдээд байгаа юм бэ. Тэр хооронд чинь багийнхан чинь ШОРОНД ороод дуусах нь...

Ерөнхий сайд асан С.Баяр шоронд орохоосоо өмнө “Командалсан салаагаа орхиод голын нөгөө эрэг дээр гарч ганцаараа чанга орилоод яах ч билээ” хэмээн Ч.Сайханбилэгийг ёжолж бичсэн нь буй.

Энэ үнэн... Х.Баттулгыг гишүүн бус байхад шүүхийнхэн төмөр замын мөнгө идсэн уусан хэргээр шалгаж, хувийн компаниудын нягтлангуудыг нь барьж, хорьж баахан сүр дуулиан болж байв. Тэр үед Женко өөрөө шүүхийн үүдэнд очиж шалгуулж, шүүх хуралд оролцож байсан. Харин Ч.Сайханбилэг ганцаараа амиа бодоод цугтсан. Ийм л ялгаа байна... Сайханбилэгийг баривчлах операциас илүү хамтран зүтгэгчидээ шоронд явуулж өөрөө ард сугарч үлдэх операци нь нийгэмд хортой юм... Тэр юунд найдаж, хэнд итгэж ингэж зугтана вэ.. Хэр удаан тэсэх вэ...

Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа 2021 оны 7 сарын эхээр дуусна. Тэр үед гадаадаас ирнэ гэж мэдэгджээ... Ямартай ч тэр ирээд шууд ААВЫН ХААЛГА татна. Ер нь бол их идсэн ч өмхий, бага идсэн ч өмхий тул алим модноосоо хол унадаггүй юм.

Нэг ийм баримт байна... “Ч.Сайханбилэг нь Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хамтарсан ажлын хэсгээс эрүүгийн 1802001240165 дугаартай хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байгаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "тодорхой хүнтэй уулзахыг хориглох" хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаны дараагаар буюу 2019 оны 08 дугаар сард хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж буй дээрх ажлын хэсгийн мөрдөгч нарт мэдэгдэлгүйгээр Монгол Улсын хилээр гадагш зорчин, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.9 дүгээр зүйлд заасан яллагдагчийн үүргийг зөрчсөн тул түүнийг эрэн сурвалжилж байна гэжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.102.131)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.