Гэр дотроо чи даргал, Гэрийн чинь гаднаас би даргалъя
Нийтлэл
/
2020-08-29

Өнөөдөр СЕХ-ны дарга, удирдах албаны дөрвөн гишүүн ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өглөө. Үүний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганы сүүлийн өдөр болох энэ өдөр дараагийн удирдах албан тушаалтныг томилохоор хэлэлцлээ. Сонгууль худлаа болвол ардчилал худлаа болох нь ойлгомжтой.

Тогтоосон дүрмийн дагуу тоглоомыг зохион байгуулдаг ч дөрвөн жилдээ гурван удаа л амь ордог албатай, төр хэн барихыг сонгодог чухал ажилтай хэдий ч  чухалчилж тоодоггүй байгууллага бол Сонгуулийн ерөнхий хороо юм. Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчээр бүртгэгдсэн хүмүүс хэрэгт сэжиглэгдэж, шүүхээр шийтгэгдэж, тэр бүү хэл шоронгоос нэр дэвшиж байхад хүртэл ямар ч албан ёсны тайлбар гаргаагүй. Мөн сонгуулийн зохион байгуулалт,  санал нэгтгэл зэрэг дээр алдаа гаргаснаа өөрсдөө ч хүлээн зөвшөөрсөн.

Тэгвэл 2009 оноос хойш солигдолгүй гурван сонгуулийг тус бүр гурван удаа зохион байгуулсан удирдлага ажлаасаа чөлөөлөгдөж байна. СЕХ хороо төрийн улс төрийн алба биш хэдий ч бусад төрийн бусад албаны адил улс төрийн нөлөө бүхий томилгоо, шийдвэртэй төрийн жинхэнэ алба. Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг нээж үг хэлэхдээ ч тэр, улс төрийн нам эвслийн төлөөлөгчид ч тэр СЕХ-ны удирдлагыг нэн даруй огцрохыг шаардаж Ерөнхийлөгчид албан бичиг хүргүүлсэн. Ерөнхийлөгч СЕХ-ны удирдлагаас хоёр хүнийг нэр дэвшүүлж, УИХ таван хүнийг нэр дэвшүүлдэг. Хэдий тийм ч гэлээ одоогийн энэ нөхцөлд УИХ МАН болж, Ерөнхийлөгч өөрөө МАН-ы удирдлагатай ҮАБЗ-өөр ч тэр, үзэл санаагаараа ч тэр холбогддог. Тиймээс СЕХ-ы томилгоон дээр орох өөрчлөлтөнд улс төрийн өндөр албан тушаалтны нөлөө байдаг гэвэл хэний нөлөө орох нь ойлгомжтой.

            Удирдах албаны шинээр сонгогдсон дөрвөн хүнийг томилох тухай хэлэлцэж, тэр дор нь тогтоолыг нь уншлаа. Томилгоон дээр илэрч байгаа өөр нэг логикийн зөрчил нь зургаан жилийн хугацаатай томилгооны албанд таван жил болоод тэтгэвэртээ гарах хүн хоёр, нэг сонгуулийн дараа улс төрийн албанд орох хүнийг яагаад улируулан сонгосон юм бэ. Энэ чинь өөрөө томилгоо, үйл ажиллагааны үргэлжлэх хугацаа тогтвортой, бодитой байх зүй тогтлыг алдагдуулж байна. Энэ мэт зүйлийг тооцоолоогүй учираас хардалт үүсэхээс өөр аргагүй болжээ.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.1.140)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.