Г.Дамдинням: Үндэсний хөтөлбөртэй болох гэж олон жил бантганцгаасан ОДОО БОЛНО
Ярилцлага
/
2020-09-02
Алагчлах гэдэг дээр бол харин ч чанартай боловсролыг зөвхөн мөнгөтэй хүмүүс буюу зөвхөн дарга нарын хүүхдүүд л 10-80 сая төгрөгийн үнэтэй хувийн сургуульд, нэг бол төрийн гурван сургуулийн нэгт орно гэвэл 15-н мянган хүүхэд өрсөлдөөд зуухан хүүхэд л орж байгаа бол жинхэнэ алагчлал

-Кембриджийн сургалттай сургуулиудын тоог нэмэгдүүлье гэдэг байр суурьтай байна гэж ойлгосон. Тэгэхээр өнөөдөр Кембриджийн хөтөлбөр нэвтрээд 12 жил болж байхад гурван сургууль дээр л хэрэгжиж байна шүү дээ. Тэгэхээр үр дүн нь ямар байгаа вэ, энэ сургуулийн төгсөгч нар ямар байгаа, ирээдүйд сурах хүүхдүүд бэлэн үү, багш нар бэлтгэгдсэн юм уу, төсөв санхүүг нь хэрхэн шийдэх вэ. Зарим нэр бүхий судлаач, багш нар үүнийг Англиас санхүүждэг хөтөлбөр гээд яриад байгаа шүү дээ. Энэ талаар таны байр суурь?

-Манайд нэвтрээд арван жил болж байна. Бид нар таван жилийн хөгжлийн хөтөлбөр, ЗГ-ын дөрвөн жилийн хөтөлбөрөө батлах байгаа. Нэмж зургаан сургууль байгуулах төсвийг ЗГ-с баталсан. Яагаад 10% буюу 62 сургууль байх ёстой гэж шахаж байгаа вэ гэхээр аймаг, дүүрэг бүрд энэ сургууль байх ёстой. Ийм сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлье, энэ 62 сургуульд нэвтрүүлэхээс гадна Үндэсний хөтөлбөрийнхөө чанарыг сайжруулъя гэж анхны яриа явагдсан.  Ингэж явсаар байгаад одоогоор ийм найман гишүүнтэй лобби бүлэг үүсэх хүсэлтээ өгчихлөө. Цаашид гишүүд нэмэгдэнэ. Төрийн гурван сургууль байгаа боловч, 10-80 сая төгрөгийн төлбөр авдаг хувийн арван найман сургууль дээр уг хөтөлбөр хэрэгжиж байгаа.  Тэгэхээр яагаад гэр хороололд, хөдөө орон нутагт байгаа хүүхэд энэ хөтөлбөртэй сургуульд явж болдоггүй юм гэсэн асуултын л хариултыг бид нар гаргаж ирэхээр болчихлоо. Бид нар мэдээж аравхан хувийг нь Кембриджээр хөгжүүлчхээд хаях гээд байгаа асуудал биш. Хүмүүс энэ дээр хоёр, гурван төрлийн шүүмжлэл гаргаад байгаа. Үнэтэй байна. Хоёрдугаарт алагчлах гэж байна. Гуравдугаарт хүртээмж муутай гэж байгаа. Алагчлах гэдэг дээр одоо бол харин ч чанартай боловсролыг зөвхөн мөнгөтэй хүмүүс буюу зөвхөн дарга нарын хүүхдүүд л 10-80 сая төгрөгийн үнэтэй хувийн сургуульд, нэг бол төрийн гурван сургуулийн нэгт орно гэвэл 15-н мянган хүүхэд өрсөлдөөд зуухан хүүхэд л орж байгаа. Тэгэхээр бодит хэрэгцээ нь байна гэдэг нь харагдаж байгаа юм. Үнэтэй гэдэг шүүмжлэлд хариу өгөхөд жилийн төсвийн хэмжээ адилхан хэмжээний сурагчийн тоотой, ижил хэмжээний багш нарын тоотой улсын ЕБС сургууль, Кембридж хөтөлбөртэй “Шинэ-Эрин” сургууль хоёрын төсвийг харьцуулаад үзэхээр 15%-ийн л зөрүү гарч байгаа. 2019 онд тэр ЕБС-д жилд 840-860 сая төгрөг зарлагдаж байхад “Шинэ-Эрин” сургуульд нэг тэрбум 76 сая төгрөг зарцуулсан байгаа. Гол зөрүү нь багш нарын цалингийн зөрүү л гарсан. Кембриджийн сургуулийг олон болгох нь ерөөсөө чухал зорилго биш. Хамгийн чухал зорилго нь Монголын Үндэсний хөтөлбөр олон улсад өрсөлдөх чадвартай болох. Өөрөөр хэлбэл олон улсад хүлээн зөвшөөрөгддөг стандартыг давдаг болох зорилгыг л бид хэрэгжүүлэх гээд байгаа юм. Үүний тулд дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн ямар нэг босго байх ёстой. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хоёр том стандарт байна. Нэг нь бол IB буюу International Baccalaureate гээд хөтөлбөр байна. Женевийн хөтөлбөр гэж нэрлэдэг уг хөтөлбөр дэлхийн олон оронд байна. Энэ их хатуу стандарттай. Өөрөөр хэлбэл үндэсний контент, агуулга орохыг зөвшөөрдөггүй. Цаанаасаа багш нь ирдэг, үнэхээр чанга хөтөлбөр байдаг. Өндөр хөгжилтэй орнуудын хувьд ийшээ тэмүүлж байна. Дараагийн хөтөлбөр нь дэлхийн зуу гаруй оронд хэрэгждэг Кембридж хөтөлбөр юм. Орсон орон болгоныхоо үндэсний боловсролын тогтолцоог өөд нь татаад, босгоод ирдэг хөтөлбөр учраас анх 2010 онд энэ хөтөлбөрөөр явъя гэдэг шийдвэрийг гаргасан юм билээ. Бид нар энэ бодлогыг түлхүү баримтлаад байгаа шалтгаан нь бид 1990 оноос өмнө Зөвлөлт маягийн сургалтын хөтөлбөртэй явж ирсэн. Үүнээс хойш гучин жил болоход Монгол хүүхдэд зориулагдсан, Монгол хүнийг бүтээх, Монгол оюун ухааны хөтөлбөрийг хийх гэж сайхан бантганцгаасан. Одоо ингээд болно гэж хэлэх цаг нь болсон. Би өөрөө ч үүнийх нь нэг хэлмэгдэгч. 1-3-р ангидаа би крилл үсэг үзэж байгаагүй. Яагаад гэвэл Үндэсний онцлог шингэсэн хөтөлбөр гээд бидэнд Монгол бичиг зааж байсан гэх мэтчилэн энэ алдаанаас болоод манай ард түмэн боловсролын хөтөлбөрөөр тоглолоо гэсэн айдастай болчхоод байгаа. Гэхдээ 2010-2020 онд Кембридж хөтөлбөрөөр арван жил явсны дараа энэ гурван сургуулийн амжилт гарч ирээд байгаа.

Тэгэхээр бид нар цоо шинэ юм хийх гээд байгаа хэрэг ерөөсөө биш. Өмнө нь зөв сонгоод хийгдсэн ч зогсолтод орсон бодлогыг цааш нь үргэлжлүүлэхдээ Монголын Үндэсний хөтөлбөрийг олон улсад өрсөлдөх хэмжээнд аваачъя. Түүнийг төгссөн хүүхдүүд дэлхийн их дээд сургуульд чөлөөтэй элсдэг, шаардлага шалгуур бага тавьдаг ийм төвшинд л аваачих гээд байгаа.

1980-аад онд Зөвлөлт маягийн боловсролын систем орж ирэхдээ тусгай сургуулиуд манайд байгуулагдаж байсан. Олон төрлийн тусгай хөтөлбөр хэрэгжээд явж байгааг шүүмжилж байгаа хүмүүс яагаад ялгаж харахгүй байна. Хоёрт гэвэл Кембридж хөтөлбөр олон улсад арай илүү хүлээн зөвшөөрөгдсөн, дотоодыг контентонд нээлттэй ханддаг ийм хөтөлбөрийг оруулж ирэхийн тулд аймаг болгонд хоёр, дүүрэг болгонд хоёр Кембридж лаборатори сургууль байгуулаад эргэн тойрныхоо бусад сургуулийн багш нарт заах арга зүй, сургалтын хөтөлбөр, сурах бичиг, шалгалт өгөх арга зарчмыг өөрчлөх, шинэчлэх, олон улсын төвшинд хүргэх зорилго агуулаад байгаа юм. Түүнээс биш Кембриджийн сургуулийг олон болгоод тэр хөтөлбөрөөр Монгол даяар явна гэж байхгүй. Тэр стандартыг давдаг үндэсний хөтөлбөрийг бүтээх тухай л асуудал.

-Тэр хөтөлбөр нь яг ямар ямар агуулгатай байх вэ, Лобби бүлэг хэр үр дүнтэй байх бол?

-Лобби бүлэг аль ч улсын парламентад байдаг зүйл. Тодорхой нэг бодлогыг түлхээд явуулахын тулд санаа нийлсэн гишүүд нийлдэг. Тэр бодлогыг зөв зүйтэй гэх гишүүд нэмэгдээд явах нь байдаг зарчим. Монгол улсад байгаа Кембриджийн сургалттай сургуулиуд ялгаагүй Монголоороо ярьж, Монголын түүх, Монгол хэл, Уран зохиолоо ялгаагүй үзэж байгаа. Ялангуяа төрийн өмчийн гурван сургууль бол зарчмаа сайн баримталж байгаа.  Тухайн сургуульд сурсан хүүхдүүд Монголын дунд сургуулийн шалгалтаа өгөөд гэрчилгээгээ авах, Кембриджийн шалгалтаа давхар өгөөд гэрчилгээгээ давхар авах боломжтой. Аль нэгийг нь сонгоод авч ч болно.

-Монгол Улсад Кембридж хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хорь гаруй сургууль яг ямар онцлогтой хөтөлбөрийг гаргаад ирэв?

- Байлгүй яахав. Би өөрт чинь юу зөвлөх вэ гэхлээр Монгол Тэмүүллээс эхлүүлээд тэр сургуулиудын хичээлийн хөтөлбөрүүд яаж өөрчлөгдсөнийг харьцуулалт хийгээд үз. Химийн хичээл гэхэд Кембридж хөтөлбөрөөс манай хөтөлбөр арав дахин муу байсан. Бусад шинжлэх ухааны хичээлүүд нь арав гаруй хувийн дутагдалтай байсан юм билээ. Тухайн үеийн Засгийн Газрын баримт бичиг, судалгаанд тэр талаар дурдсан байгаа. Зөвхөн хөтөлбөр биш энд зургаан төрлийн шинэчлэлт яригдаж байгаа. Багш, боловсон хүчнийг бэлтгэх асуудал, түүнийг дагаад ном, сурах бичгийн шинэчлэл, дараа нь сурах бичгээ сураад явж байгаа хүүхдүүдийг үнэлэх системийн шинэчлэл, одоо байгаа багш нарыг бэлтгэх буюу боловсон хүчнийг шинэчлэх зэрэг багтана.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.173.100)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.