Г.Дамдинням: Дарханы замын ажил дээр хоёр төрлийн алдаа байна
Ярилцлага
/
2020-09-03

-Дарханы замын тухай асууя. Дархан-Улаанбаатар чиглэлийн зам ашиглалтанд оролгүй удлаа. Та Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүний хувьд ямар мэдээлэлтэй байна. Яг юун дээр гацсан бэ? Таны твиттерийг харж байхад “тендер будлиантай болсон байна” гэсэн байсан энэ үнэн үү?

- Ер нь бол одоогийн байдлаар харагдаж байгаа нь хоёр төрлийн алдаа байгаа. Нэгдүгээрт олон түмэнд бодит мэдээлэл буюу хэр удаан хугацаанд хүлээх вэ? гэдгийг мэдээлэх байсан. Найман сарын сүүлээр гэрээгээ байгуулчхаад арван сард ашиглалтад өгнө гэдэг бол худлаа байхгүй юу. Энэнээс чинь шалтгаалаад л хүмүүс ажил амьдралаа цаг хугацаанд тааруулж зохицуулах ёстой. Тэдэн жилийн хугацаанд, тэдэн сарын хугацаанд энэ зам хэцүү байдалтай байх юм байна гэвэл хүн ажил, бизнесээ зохицуулъя гэж бодох ёстой байхгүй юу. Гэтэл тийм юм өгөөгүй. Дараа хавар болно гээд сонгуулийн өмнө сурталчилгаа болгоод худлаа яриад явсан. Хоёрдугаарх хүмүүсийн бухимдал асуудал бол энэ зам таван хэсэгтэй.

Таван хэсгийн хоёр, дөрөвдүгээр хэсэг дээр ямар ч ажил хийгдээгүй. Гэтэл нөгөө гурван хэсэг дээр нь ажлууд тавиас илүү хувьтай, энэ ондоо багтаад хучилт хийнэ гээд явж байна. Тэгэхээр энэ хоёр дах асуудал бол зохион байгуулалтын асуудал. Дараачийн асуудал бол энэ замыг тэр чигт нь хуулсан асуудал. Тэгэхээр технологийн хувьд бол асар буруу аргачлалаар хийсэн гэж хэлдэг.

Энэ асуудлыг тодруулахаар би болон манай хамт олны хувьд Зам тээврийн яам, Зам тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд мөн энэ замын таван багц ажлыг тавууланг нь Хятадын компани хийж байгаа тул Хятадын элчин сайдын яам, энэ төслийг санхүүжүүлж байгаа Азийн Хөгжлийн банкныхантай уулзсан. Одоо бид тойроод бүх талынхантай уулзаж байж бодит байдлыг харж байгаа юм. Зам тээврийн яам өмнө юу гэсэн бэ гэхээр АХБ шийдвэр гаргасан эсвэл Хятадууд шийдвэр гаргасан гэж байсан бол тэд нар хамаагүй байж. Хятадын элчин сайд “та нар анхнаасаа яагаад ямар ч ажлын туршлагагүй, чадваргүй компаниудад яагаад энийг өгсөн юм бэ” гээд шууд тодорхой хэлсэн. Хятадын элчин сайдын зүгээс тухайн компаниудыг судалж тодруулаад “ажлаа хий” гэдэг хатуу шаардлагын тавьсан гэж мэдэгдсэн. Дараа АХБ-нийхантай уулзахад “бид нар ЗТЯ-ы шалгаруулаад өгсөн компанийг л санхүүжүүлсэн” гэдэг тайлбар өгсөн. Мэдээж Коронавирус нөлөөлсөн. Гэхдээ нөлөөллөө, нөлөөллөө гэхэд 1, 3, 5-р багц нь яваад байгаа биз дээ. ЗТЯ-ы сайд Халтартай би уулзсан ойрд энэ дээр анхаарал тавьж, 2, 4-р багцыг цаад компани нь ажлаа хийж чадахгүй гэдэг байдлаар гэрээгээ цуцлах, үүний дараагаар жижиглэн хувааж дотоодын компаниуддаа өгч ажлаа явуулъя гэсэн ойлголцол дээр явж байгаа.

- За одоо угаасаа 2020 ондоо амжмааргүй боллоо. Тэгэхээр 2021 оноос энэ төсөл хэрэгжиж эхлэх үү?

2021-н оноос хажуу талын шинэ урсгал буюу Европын Сэргээн Босголтын банкны зээлээр орж ирж байгаа төсөл байгаа. Тэр төслийн тендер сая дууслаа. Ямар компаниуд шалгарсныг би мэдээгүй байна. Нөгөө талдаа бас тэр 2, 4 дүгээр багцыг гүйцээх тухай асуудал гарч ирнэ. 1, 3, 5-р багц энэ ондоо ашиглалтад орно. 2, 4-р багц дээр засвар хийгээд энэ ондоо чөлөөтэй явах боломжтой болгох тал дээр ЗТЯ-тай ярилцаж байгаа. Бүхэлдээ шинэчлэгдэх нь 2023 оны сүүл гэхэд хоёр урсгалтай хоёр, хоёр эгнээтэй зам ашиглалтад орохоор болно гэж үзэж байгаа. Замын ажил явагдаж байгаа нөхцөл байдалтай Дархан явах болгондоо харж, тодруулж байна. Шаардлагатай гэвэл мэдээлэл аваад хүргэж болно.

Коронавирус тухайн замын компаниудад нөлөөлсөн үү гэвэл нөлөөлсөн. 2, 4-р компаниудад тендер олгосон асуудал дээр хариуцлага тооцогдоно. Мөн даатгалын компаниудаас замын эвдрэлээс шалтгаалж хэдий хэмжээний нөхөн төлбөр авсан байна гэдэг мэдээллийг цуглуулж байгаа. Хэдий хэмжээний хохирлыг ард түмэнд учруулсан байна гэдгийг тогтоож хуулийн дагуу хариуцлага тооцно.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.28.180)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.