Р.Сэддорж: Залуу хойч үеэ эрдэм мэдлэгтэй, авьяас чадвартай, нутаг орноо гэсэн сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг
Г.Золбаяр
Ярилцлага
/
2020-09-06
Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Р.Сэддоржтой уулзаж хөөрөлдлөө

-Та Өмнөговь аймгийн Цогт-Овоо сумаас аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч хүн. Тойрогтоо хийсэн ажлуудаас дурдахгүй юу. Тухайлбал, хөдөө аж ахуйн салбарт малчид руу чиглэсэн ажлууд юу юу хийв?

-Юуны өмнө цог хийморийн өлгий Цогт-Овоо сумынхаа ажилч хөдөлмөрч зон олонд энэ өдрийн мэндийг хүргэе.  Миний хувьд 2012 оноос хойш хоёр дахь удаагаа буюу нийт найман жил төлөөлөгч, тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байна.

Цогт-Овоо сум маань 2019 оны жилийн эцсийн байдлаар 1848 хүн ам тоологдсон. Үүнээс 335 малчин өрхтэй гэсэн статистик мэдээлэл байна. Мал сүргийн хувьд таван төрөл дээрээ өсч 154 мянган толгой мал тоолуулсан. Мэдээж энэ сайхан нутагт төрж өссөн болохоор сумынхаа бүхий л салбарт хүрч ажиллах гэж зорьж хичээж явна. 2016-2020 онд боловсрол, спорт, соёл урлаг, хөдөө аж ахуй, бизнес эрхлэгчид, ахмад буурлууд, хүүхэд багачууд гээд салбар бүрт өгөөжтэй шинэлэг ажлуудыг санаачлан хийсэн он жилүүд байлаа. Урьд өмнөх жилүүдэд хийж ирсэн уламжлалт ажлуудаа ч үргэлжлүүлж хийлээ.  Хөдөө аж ахуйн салбарт “Цогтын хүлгүүд” МСУХолбоотой хамтран Уяачдын зөвлөгөөнийг анх удаа зохион байгууллаа. Зөвлөгөөнд 30 гаруй уяач оролцож, МУМУ Б.Лхагва-Очир, мал зүйн ухааны доктор Я.Түвшинбаяр нар хурдан морины уяаны эрдэм, эмчилгээ сувилгааны талаар сургалт, лекцийг тавьж эрдэм мэдлэгээсээ хуваалцлаа. Мөн “Цогтын хүлгүүд” МСУХолбоотой хамтран “Уяачдын наадам”-ыг зохион байгууллаа. Тус  холбоо маань 2019 оны ажлаараа Монгол Улсын шилдэг уяачдын холбоогоор шалгарсан сайхан амжилтыг үзүүлсэн нь уяачдын маань хамтын хөдөлмөр хэмээн бахархаж байна.

-Боловсрол, спорт, соёл урлагийн салбарт ч таны хийж хэрэгжүүлсэн ажлууд, дэмжлэг туслалцаа олон байдаг. Сүүлийн жилүүдэд энэ чиглэлд хэр анхаарч ажиллав? 

-Миний хувьд залуу хойч үеэ эрдэм мэдлэгтэй, авьяас чадвартай, нутаг орноо гэсэн сэтгэлтэй байгаасай гэж хүсдэг. Иймээс ч  залуустайгаа  хамтран ажиллаж, чадлынхаа хэрээр дэмжиж туслахсан гэж бодож явдаг. Залуу боловсон хүчин бэлтгэх зорилгоор амжилттай суралцаж, ажиллаж байгаа төрийн албан хаагч, оюутан залуусаа дэмжиж сургалтын төлбөрт дэмжлэг үзүүлж байна.

Улаанбаатар хот дахь Цогт-Овоо сумын оюутан залуучуудын дунд ‘’Спортын наадам”-ыг найм дахь удаагаа зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээ нь оюутан залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, төгсөх ангийн ах эгч нартайгаа танилцан туршлага судлах гэх мэт олон талын ач холбогдолтой ажил юм. Сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн баярыг тохиолдуулан жил бүр “Гэрэлт ирээдүй” хүүхдийн бага наадам зохион байгуулдаг. Энэ жил тодорхой шалтгааны улмаас хурдан морины уралдаан зохион байгуулах боломжгүй болсноос хүүхдийн бөхийн барилдаан зохион байгуулсан. Хүүхдийн бөхийн барилдаанд нийт 60 гаруй хүүхэд оролцож уран мэхийг уралдуулан барилдсан юм. Жил бүр уламжлал болгон Цогт-Овоо сумынхаа харваачдын дунд нэрэмжит тэмцээн зохион байгуулдаг. Тус тэмцээн насанд хүрэгчид, өсвөр нас гэсэн хоёр ангиллаар зохион байгуулагддаг бөгөөд хувийн цуваа харваа, багийн харвааны төрөлд нийт 70 гаруй харваач оролцлоо. Харваачдынхаа ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор тогтмол тэмцээн уралдаан зохион байгуулж, улс аймгийн чанартай тэмцээн уралдаанд нь тогтмол дэмжлэг үзүүлж ажиллалаа.

 

-Сум, орон нутгийн хөгжилд таны оруулсан хувь нэмэр их гэж олон хүнээс сонслоо. Тэр бүхнээс тоймлон дурдвал сонин байх бол уу?

-Сумынхаа олон нийтийг хамарсан аливаа ажилд тогтмол оролцож, дэмжиж туслах нь төлөөлөгч хүний хувьд хийх ёстой л ажил гэж ойлгодог. Иргэдтэйгээ аль болох ойр байж сум орон нутагт үр өгөөжтэй ажлуудыг санаачилж, иргэд маань ч  идэвхтэй оролцон хамтран ажилладагт миний хувьд баяртай байдаг. Энэ бүхэн эцсийн дүндээ зөвхөн төлөөлөгчийн ажил биш сум орон нутгийн ирээдүй, ард иргэдийн сайн сайхан амьдралын төлөө хийж байгаа хамтын ажил юм шүү дээ.

Цогт-Овоо сумынхаа нийт өрх бүрт жил бүр шинэ жилийн мэндчилгээг хүргэдэг бөгөөд энэ жил тав дахь жилдээ мэндчилгээгээ хүргүүллээ. Сумын өрх жил бүр тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа. Энэ жил 560 өрхөд мэндчилгээгээ түгээлээ. Сумын “Эмэгтэйчүүдийн зөвлөл”-тэй хамтран зохион байгуулдаг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан сумынхаа бүх эмэгтэйчүүдэд цэцэгт мэндчилгээг хүргүүллээ.

Улаанбаатар хот дахь Цогт-Овоо сумын Нутгийн зөвлөлийн сар шинийн золголтыг жил бүр зохион байгуулж байна. Нутгийн зон олон маань жилдээ нэг удаа нэгэн өдрийг хамт өнгөрүүлж, золголтоо хийдэг уламжлал тогтсон.

-Зөвхөн оюутан залуус гэлтгүй ахмад буурлууд, ээжүүд, эрчүүдэд хандсан гээд зорилтот олон ажлууд байна. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Цогт-Овоо сумынхаа Алдарт эхийн одонтой ээжүүдийг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд МУГЖ Д.Сосорбарам ээжүүдэд зориулан лекц болон ая дуугаа өргөн мөн МУСТА Т.Батсайхан ирж оролцсон. Алдарт эхийн нэг, хоёрдугаар одонтой ахмадуудаас гадна саяхан одон зүүсэн залуухан ээжүүд гээд 140 гаруй  ээжүүд хүрэлцэн ирлээ.

Жил бүр намрын адаг сарын шинийн 22-ны өдөр Дэмчог бурханаа тахиж, Дэмчогийн чого хурж, сүсэгтэн олон манз цав барьж, хурал номыг даган баясдаг сайхан  уламжлалтай бөгөөд нутгийн ахмад буурлуудаа тахилгын ёслолд оролцоход нь дэмжлэг үзүүлэн замын зардлыг шийдвэрлэлээ.

Сумынхаа “Эрэгтэйчүүдийн зөвлөл”-ийн ажлыг дэмжиж “Цэргийн баяр”-ын өдрийг тохиолдуулан Эрэгтэйчүүдийн анхдугаар зөвлөгөөнийг амжилттай зохион байгууллаа. Зөвлөгөөнөөр хэлэлцсэн саналуудыг, цаашид зохион байгуулагдах арга хэмжээнүүдийг тогтмол дэмжиж ажиллаж байна.

-Сумын төр захиргаа болон биенес эрхлэгчидтэй хэрхэн хамтарч ажиллав?

-Төлөөлөгч хүний гол үүрэг бол иргэдээ төрд төлөөлөх, тэдний санал хүсэлтийг Аймгийн Иргэдийн хурлын байгууллагаар шийдүүлэх, төсөв хөрөнгө тусгуулах гэх мэт. Иргэдийн зүгээс ч эрүүл мэнд, ахуй амьдралтай холбоотой  хүсэлт  их ирдэг. Энэ бүхнийг боломжийн хэрээр шийдвэрлэж дэмжиж ажилладаг.

Цогт-Овоо сумынхаа төрийн албан хаагчдын ажил амжилтыг нь урамшуулан олон улсын хөгжил дэвшилтэй танилцуулж, туршлага судлуулах ажлыг жил бүр зохион байгуулдаг бөгөөд энэ удаад сумын ЗДТГ-ын хамт олныг БНХАУ-ын ӨМӨЗО-д аялууллаа. Мөн бизнес эрхлэгчдийн ажил амжилтыг нь урамшуулж олон улсын хөгжил дэвшилтэй танилцуулж, туршлага судлуулах ажлыг жил бүр зохион байгуулж сумын Бизнес эрхлэгчдийн хүсэлтээр 17 хүнийг БНХАУ-ын ӨМӨЗО-д айлчлуулсан. Мөн малчдаа туршлага судлуулах аяллыг БНХАУ-ын Хөх хотын Баяннуур аймагт зохион байгууллаа.

 

-Аливаа үйл ажиллагаа өөрөө зардал мөнгө, хөрөнгө шаарддаг. Иймээс ч иргэд, ААН, хувь хүмүүсийн зүгээс төлөөөлөгчид хандах хүсэлт олон ирдэг байх. Энэ бүхнийг хэрхэн дэмждэг вэ?

-Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан цэцэрлэгийн насны 120 хүүхэд багачуудад оньсон болон сэтгэхүй хөгжүүлэх тоглоом, ном зэрэг гарын бэлгийг гардуулан өглөө.

Төрөлх нутгийнхаа түүхт 60 жилийн ойн  баяр наадмыг зохион байгуулах зардал, 2019 онд Цогт-Овоо сумын Эрүүл мэндийн төв үүсэн байгуулагдсаны түүхт 60 жилийн ойг тохиолдуулан Эрүүл мэндийн төвийн түүхэн номыг хэвлүүлсэн бөгөөд номыг хэвлүүлэхэд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэлээ. Мөн Цогт-Овоо сумын Нэгдүгээр багийн иргэн Х.Баатарсүрэнгийн охин Б.Оргилмаа нь төрөхийн цус харвалтын улмаас саажилттай болсон бөгөөд эмчилгээний зардалд дэмжлэг үзүүллээ.

-Уул уурхайн компанийн удирдлагын хувьд говьд тулгамдаж байгаа асуудлыг юу гэж хардаг вэ?

-Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх салбар уул уурхай. Иймээс ачааны хүндийг Өмнөговь аймаг нуруундаа үүрч байна. Гэтэл говь нутаг маань  усны хомсдол үүсэхэд хүрээд байгаа нь нэн тэргүүний тулгамдсан асуудал гэж харж байна. Миний хувьд Австрали улсад “Уул уурхай-Ус” сэдвээр мэргэжил дээшлүүлсэн. Тэгэхээр Усны менежментийн асуудлыг ярих цаг нь болсон гэж үздэг. Одоогийн нөхцөлд газрын гүний усыг уул уурхайд ашиглаж байгаад сэтгэл эмзэглэдэг. Энэ тийм ч зөв зүйл биш. Дэлхий нийтийн чиг хандлагыг харсан ч уул уурхайн салбарт гадаргын усыг ашиглах ёстой. Ингэхийн тулд гадагшаа урсгалтай гол мөрний үерийн түвшнээс давсан  усыг хуримтлуулж хиймэл нуур үүсгэх хэрэгтэй. Ганцхан жишээ дурдахад Хэрлэн гол гэхэд зүүн хилээр давж, Далай нуур гэх хиймэл нуурын эх ундарга болж байна. Манайх ч гэсэн  “Хэрлэн говь” зэрэг төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчийн хувьд  үүнийг хэрэгжүүлэх нь улс орон нутагт ч хэрэгтэй. 

-Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгчийн хувьд Цогт-Овоо суманд 2019, 2020 онд улс, аймаг, орон нутгийн төсвөөр ямар ажлууд хийгдсэн талаар сонирхмоор байна?

-Улс болон аймаг, орон нутгийн төсвөөр нэлээд ажлууд хийгдсэн, бас хийгдэж байна.  Тухайлбал, 2019 онд Цогт-Овоо сумын ноолуурын чиглэлийн улаан ямааны омог батлуулах, Цогтцэций сумын Говь Шанхын адуу, Ханбогд сумын илүү нугаламт гавилууд хонины үүлдэр батлуулахад нийтдээ 90 сая төгрөгийг төсөвлөсөн. Мөн Цогт-Овоо, Цогтцэций, Номгон зэрэг сумдад дулааны шугам сүлжээ өргөтгөх, уурын зуух, тогоо шинэчлэх ажилд нийт зургаан тэрбум төгрөг тусгаснаас гадна сумын цэцэрлэгийн дээврийн болон наадмын талбайн зураг төсөв гэх мэт ажлуудыг дурдаж болно.

2020 онд улс болон аймаг, орон нутгийн төсвөөр 320 хүүхдийн сургууль барихад хоёр тэрбум төгрөг, 100 хүүхдийн цэцэрлэг барихад 500 сая төгрөг, эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмж 26.3 сая төгрөг, дугуйн зам хийх ажилд 298 сая, “Найз” багийн төвийн барилга 150 сая, багийн эмчийн унаа гурван сая, бэлчээрийн усан хангамж 32.3 сая, булаг шандны эхийг хаших, хамгаалахад долоон сая, орон сууц барихад 528.9 сая  төгрөгийн бүтээн байгуулалт хийхээр тусгасан байна.

-Таны санаачилсан “ЖИШИГ СУМ” төсөл хэр амжилттай хэрэгжсэн бэ?

-Миний бие 2012-2016 онд Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, тэргүүлэгчээр ажиллах хугацаандаа УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ болон аймаг, орон нутгийн удирдлагатай хамтран Цогт-Овоо сумаа “Жишиг сум” төсөлд хамруулж хөгжлийн шинэ шатыг эхлүүлсэндээ баяртай байдаг. Өнөөдөр эргэн харахад бидний эхлүүлсэн төсөл маань амжилттай хэрэгжиж чадсан. Уул уурхайгүй сум хэрнээ дэд бүтэц дагасан хөгжлийн үрээр сум орон нутаг маань өдрөөс өдөрт цэцэглэсээр байна. Улаанбаатар-Даланзадгад чиглэлийн авто зам дайран өнгөрч байгаа нь жишиг сум болж хөгжихөд ихээхэн түлхэц болсон гэж боддог. Мэдээж зам дагаж хөгжил ирдэг. Энэ ч утгаараа ирэх тоолонд сум маань өнгө нэмж хөгжсөөр байна. Орон нутгийн төсвөөр хийгдэх бүтээн байгуулалтууд ерөнхийдөө хийгдээд дуусч байна. Үйлдвэрлэл үйлчилгээ, байшин барилгууд баригдаж,  цэвэр бохирын шугамууд хийгдсэн, тоос шороогүй, хүн амьдрахад хамгийн таатай жишиг сум болж чадсан гэж боддог.

Цаашид ч улам хөгжинө гэдэгт төлөөлөгчийн хувьд ч, жирийн иргэний хувьд ч итгэл дүүрэн байдаг даа.

-Танд баярлалаа. Төр түмний төлөөх их үйлсэд тань амжилт хүсье!

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.61.41)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.