АМЬ, УС хоёроор дэнчин тавьсан АЛТ, НҮҮРСНИЙ бизнес ба ӨМНИЙН ГОВИЙН үнэн төрх
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-09-06

Нийслэлийн Сэтгүүлчдийн Нэгдсэн Холбооны санаачилга дэмжлэгтэйгээр “Эрүүл сэтгүүлзүйг хөгжүүлье” уриан дор “Ulsturch.mn”, “Tovch.mn”, "Tug.mn", "Asu.mn", "Zuw.mn", орон нутгийн "МВS tv","Etcity.mn" "Hugjil.mn" сайтуудын нэг баг бүрэлдэхүүн нэгдэж Монгол орны өмнөд бүсийн хөгжлийг тодорхойлогч Өмнөговь аймгийг зорилоо. Бид алдарт галын говийг туулж, говь шанхийн нутгаар орж элсэн цөл дэхь сум суурин, таана хөөн нүүдэллэн яваа оторчдын ахуй амьдрал, Даланзадгадын хөгжил ба хожигдол гээд олон өөр сэдвийг тус бүрийн өнцгөөс хөндөн гаргахыг зорилоо. 

Мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбар л Монголчуудын өнгөрсөн зууны хөгжлийг голлон тодорхойлж байв. Дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхахын тухайн үеийн ЗСХУ-ын дэмжлэгтэйгээр хоёр томоохон төслийг хэрэгжүүлсэн нь Монголчуудыг Социализмаас Ардчилалд шилжих түүхэн он жилүүдийн санхүүгийн гол тулгуур байв. Тэр нь одоогийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, нөгөөх нь “Улаанбаатар төмөр зам” ХНН юм. Ардчиллаас хойшхи 30 жилд Монгол улсыг үндсэн дээ төмөр зам, уул уурхайн салбар л “тэжээж” байгаа. Өмнөговь аймагт байдаг стратегийн орд газраа түшиглэн Монголын төр гол бодлогоо зангидаж байна. Өдөр бүр хэвлэлээр бичиж, телевизээр ярьж, сайд дарга нар онгоцоор нисэж хүрдэг. Энэ газарт яг бодит нөхцөл байдал ямар байгааг харуулах нь бидний гол зорилго байв. Өөдлөх айл үүднээсээ гэдэг. Тийм учраас Монгол улсын үүд нутаг болох өмнийн говийг онцолсон юм. Ямар зорилгоор энэ нутгийг зорьсныг доор өгүүлэх болно.

  1. Оюутолгой ХХК нэг секундэд 870 литер гүний ус ашиглаж байна...

Энэ нутагт АЛТ, НҮҮРС хоёр үнэд орж байна... Эдгээр металыг дагаад хүний АМЬ, хэрэглээний УС хоёр үнэгүйджээ. Бахархмаар, уулга алдмаар сайхан бүтээн байгуулалтууд ч өрнөжээ. Түүнээсээ эсрэгээр гуниглаж уйлмаар өвөрдмөөр, өр өвдмөөр гашуудалтай зүйлс ч олон байна. Аль ч говь нутагт усны хүрэлцээ угаас муу. Ялангуяа монгол улс бол өмнөд болон зүүн өмнөд хэсэгтээ газардын ус муутай харин хойд болон баруун хойд хэсэгтээ их устай сонин зүй тогтолтой. Говийн бүсүүдэд усны цөөвтөр нөөц ордтой ч түүнийг нутгийн иргэд хүртэх хувьгүй нь хяслантай. Харин эсрэгээрээ уул уурхайн томоохон үйлдвэрүүд нь гүний усыг хайр найргүй ашиглаж байгаа нь гаслантай. Ганцхан жишээ дурдъя. Дэлхийд нөөцөөрөө эхний 10-т ордог, Монгол улсын төрд төлсөн татвараараа эхний тавд ордог ашиг орлого бүхий нөөцтэй ОЮУТОЛГОЙ орд нь тус аймгийн Ханбогд сумын нутагт байрладаг. Энэ ордыг ажиллуулж байгаа гол амин сүнс нь ГҮНИЙ ХООЛОЙН УСНЫ ОРД... хэрэв энэ усны орд байхгүй бол ОЮУТОЛГОЙН орд газар үйл ажиллагаа явуулахад бэрх. С.Баярын Засгийн газрын үед уг төсөл гацаанаасаа гарсан. Зарим улстөрчид тухайн үеийн уг төслийг нэлээд шүүмжилж, С.Баяр, С.Баярцогт, Л.Гансүх, Д.Зоригт нарыг “Оюутолгойн ХОГ”-г байгуулахад нь Монгол улсад ашиггүй хэмээн ихэд буруушаадаг.

Арга ч үгүй юм. Зөвхөн устай холбоотой заалтыг нь сонирхож үзье. Гүний хоолойн газар доорхи усны орд газрын нөөцийг Усны газрын дэргэдэх Усны салбарын шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2008 оны 11 сарын 07 өдрийн шийдвэрийг үндэслэн 2009 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 22 дугаар тоот тушаалаар зөвшөөрөгдсөн ашиглалтын нөөц нь үйлдвэрлэлийн B,C1 зэргээр үнэлэн 870 литр/сек байхаар баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл энэ компани үйл ажиллагаандаа НЭГ гээд тоолоход 870 литр ус буюу буюу 75168 м3/хоног ашиглалтын нөөцийг зарцуулдаг гэсэн үг. төслийн талбайгаас зүүн хойт зүгт 35-70 км-ийн зайд орших Гүний хоолойн ордыг ашиглах хувилбарыг сонгож нарийвчилсан судалгаа, тооцоо, зураг төслийг боловсруулсан. Уг орд газар нь нийтдээ 560 км2 талбайд тархсан, зургаан тэрбум найман зуун сая метр куб усыг агуулдаг. Монгол улсын “Усны тухай” хуулийн 16.1.8, 23, 27 дугаар зүйл, Усны Газрын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны 4/431 тоот мэргэжлийн дүгнэлт, Өмнөговь аймгийн Ханбогд сумын Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 50 тоот шийдвэрийг үндэслэн Ханбогд сумын Засаг дарга болон Оюу Толгой ХХК-ий хооронд ус ашиглах гэрээг 2012 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр нэг жилийн хугацаатай байгуулсан. Жил бүр энэ гэрээр сунгаж ажилладаг ба 2019 оны байдлаар Усны төлбөрт 16.9 тэрбум төгрөг төлсөн байна.

  1. Орон нутгий иргэд балга усны төлөө нэгнийхээ АМИНД ХҮРЧ байна...

Ханбогд сум нь  1924 онд Галба сум нэртэйгээр Хадан хошуу гэх газарт анх үүсгэн байгуулагдсан түүхтэй. Үүнээс хойш олон удаа нүүдэллэж 1941 онд одоогийн Их булаг хэмээх газарт суурьшиж хөгжсөөр 95 жилтэйгээ золгож байна. Зундаа +40 хэм хүртэл халж, өвөлдөө -15-25 хэм хүрч хүйтэрдэг байгалын эрс тэс уур амьсгалтай. Монгол Улсын хамгийн дулаан цэгт тооцогддог газар нутаг юм. 2019 оны 2-р сарын байдлаар 7798 иргэн бүртгэлтэй байна. Ханбогд сум хөдөө аж ахуйн 5 багтай. Жавхлант багт 2146, Гавилууд багт 1748, Номгон багт 1304, Баян багт 2004, Хайрхан багт 490 иргэн тус тус бүртгэлтэй амьдарч байгаа Ханбогд сумын хэмжээнд 282 иргэн ажил хайж  байгаагаас 142 иргэн нь идэвхтэй ажил хайгч байна. Иймээс иргэдээ ажилтай орлоготой байлгах зорилгоор Уул уурхайн компаниудын ажилчдын 50-аас доошгүй хувь нь орон нутгийн иргэн байх гэсэн үндсэн шаардлагыг тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар тус сумаас Оюу толгой ХХК болон туслан гүйцэтгэгч компаниудад нийт 1632 иргэн ажиллаж байна. Ханбогд сумын хувьд хөдөлмөрийн насны 4810 иргэн байгаагаас төрийн албанд 435, уул уурхайд 1632, жижиг дунд үйлдвэрлэлт эрхлэгчид 27, малчид 1126 байна.

Говийн малчид голдуу гар худаг хэрэглэдэг. Хангай шиг задгай усгүй болохоор худгаа дагаж, бэлчээрээ ашиглана. Үндсэндээ бэлчээр, худаг хоёр хоорондоо шууд хамааралтай. Сүүлийн жилүүдэд нэгдсэн зохион байгуулалт, хүн хүч дутмаг болсноос худгаа засах, эргүүлж хаших ажил харьцангуй цөөрсөн байна. Түүнчлэн цаг агаарын байдлаас хамааран газрын гарц гандуу болоод буй. Хүн малгүй ангаж цангаж, амь эрсэдсэн таагүй мэдээ ч буй. Тухайлбал Тухайлбал 2018 онд Өмнөговь аймгийн Ханбогд, Цогтцэций сумдын зааг нутагт малчид ундны ус, худагаа харамлан галт зэвсэг хэрэглэн нэгнийхээ алтан аминд хүрсэн харамсалтай үйл явдал болсон. Мөн л говийн нэгэн суманд худгаас болж хоёр эмэгтэй муудалцан бас л нэгнийхээ амийг авч одсон харамсалтай хэрэг саяхан болсон. Ингээд бодохоор УС хүний аминаас ч илүү үнэтэй болжээ. Энэ янзаараа удаан үргэлжилбэл МОНГОЛЧУУД ХООРОНДОО "УСНЫ ДАЙН"-д мордоход ч бэлэн байна... 

Цагаанхадны боомт цаанаа гоё, наанаа муухай... 

Гэтэл уул уурхайн томоохон орд нь үйлдвэрлэлийн аргаар УС үнэгүй ашиглаж байна. Харин Ханбогд, Цогтцэций сумын иргэд өндөр үнээр усаа худалдан авч байна. Ханбогд сумын нутагт Оюутолгой орд, Цогтцэций суманд  “Энержи ресурс”, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой” ХК зэрэг уул уурхайн томоохон ордууд үйл ажиллагаа явуулдаг. Уул уурхайгаас хамааралтайгаар тухайн сумдад хүн амын механик өсөлт, ажилгүйдэл, архидалт, гэмт хэргийн гаралт ч эрс нэмэгдэж буйг орон нутгийн удирдлагууд онцолж байв. Тухайлбал гэр бүл салалт, бэлгийн замын өвчлөлт, ахуйн хүрээний архидалт өмнөх жилүүдийнхээ эрс нэмэгдсэн гэх.

Цогтцэций сумын уурхайнуудаас нүүрс тээвэрлэн Ханбогд сумын нутагт байрлах Хайрхан багийн Гашуун сухайт, Цагаанхадны боомтоор хил гаргадаг жолооч нарын ахуй нөхцөл гэж авах юм алга. Засгийн газар, салбар яамны шийдвэрийн дагуу аймаг орон нутгаас чиглэл өгч жолооч нар үй олноороо оочерлон хорвоогийн шар нар, бор хоногийг илээж байна. Цагаан хадны жолооч нарын амьдрал БАРААН байна. Тодруулбал тэднийг гэх сэтгэлтэй сумын удирдлагууд, засаг төрийнхөн алга. Эрийн сайн даа л аж төрж яваа хүмүүс юм. Тэр хавьд хувцас угаалгын нэг гэрийг эс тооцвол өөр олигтой гэр үгүй. Ядаж хүн амьтнаас далдхан бие засчих газар, модон жорлон ч үгүй гэхэд хэлсдэхгүй. Байгаа ганц нь дүүрээд, өтгөн шингэн нь хальчихсан. Үнэр танар гэж бөөлжис цутгамаар. Ус хэт өндөр үнэтэй.  нүүрс тээврийн жолооч нар нэг литр усыг 100-200 төгрөгөөр худалдаж авна. Шороогоор, эвдэрсэн асфальтан замаар нүүрсээ зөөнө.

Ууж идэж, эдэлж хэрэглэж байгаа зүйл нь хувь жолоочдоо л болно уу гэхээс мэргэжлийнхэнд огт хамаагүй. Маск, малгай, ариутгал, халдваргүйжүүлэлт бол ор тас мартагдсан байна. Өмнөговь аймгийн цагдаагийн газарт уул уурхайн тээврийн жолооч нартай холбоотой  дуудлага мэдээлэл 2020 оны нэг сараас өнөөдрийг хүртэл 80 гаруй ирсэний дийлэнх нь архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэнээс үүдэн нэгнийхээ аминд хүрсэн байдаг бол жолооныхоо хүрдний ард эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүйгээр нас барсан нэлээд хэдэн тохиолдол бүртгэгдсэн тухай албаны эх сурвалж хэлсэн юм. Жолооч нар ч эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чаддаггүй гэдгээ илэрхийлж байсан нь АСУУДЛЫГ УЛАМ ХУРЦАТГАВ. Тэнд одоогийн байдлаар 10 мянга гаруй жолооч богино рэсс хийж байна. Тэд усаа худалдаж авахын зэрэгцээ зам ашигласны төлбөр гэж их хэмжээний мөнгө төлнө. Шороон замаар тээвэр хийж яваа нь 40000, засмал замаар бол 240-280 мянган төгрөгийн төлбөр төлнө. Өдөрт 100 орчим машин хилээр гардаг гэж тооцвол 200 орчим сая төгрөгийн зам ашигласны төлбөр Улсын автозамын санд төвлөрнө. Энэ мөнгө хаашаа алга болдог вэ. Юунд зарцуулагддаг вэ. Жолооч нарын ахуй амьдрал, нөцөл байдалд л лав нөлөөлсөн юм байхгүй. Тэгэхээр энэ мөнгөний эргэлтийг хэн гэдэг албан тушаалтан, ямар дарга даамал нь хувьдаа ашиглаад байгааг ХУУЛЬ хяналтынхан ШАЛГАХАД буруудахгүй мэт. Энэ их мөнгийг ядаж 10 хоног хуримтлуулаад түүгээр нь жолооч нарын амрах байр, тогтоомын талбай, ядаж л эрүүл мэндийн үзлэгийн байр, халуун ус, ТҮЦ ч болтугай байгуулчихаж болно шүү дээ. Цагаан хадны нүүрс тээврийн жолооч нар ҮНСЭНД ХАЯСАН ШАЛЗ гэдэг шиг л хэцүүхэн аж төрсөөр...

Монгол улс уур уурхайгаас хамааралтай эдийн засагтай орон. Уул уурхай, стратегийн орд газраа ухах нь нэг бизнес. Харин тэр баялгийг тээвэрлэж гаргах нь бас тусдаа бизнес. Аль аль нь ашигтай ч урагшаа гаргаж байгаа тээвэрлэлтээс л гол МӨНГӨ НЬ УРСАЖ орж ирдэг. Тэгэхээр нүүрсэнд биш нүүрс тээврийн жолооч нарт гол анхаарлаа хандуулж, тэдний ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДАЛД хөрөнгө оруулалт хийж, олж байгаа ашгийнхаа нэг хувийг зарцуулдаг бол сайн сан. Ядаж явуулын ЭМНЭЛЭГ ажилуулж, үгүй ядаж л 14 хоног тутамд үзлэгт хамруулж, халуурсан, бүлээрсэн, ужиг суурь өвчтэй хүмүүсийг тээвэрлэлтэд явуулахгүй байх, ээлжлүүлдэг байх зэрэг наад захын арга хэмжээнүүдийг авч болмоор. СЭТГЭЛГҮЙ төрийн золиос нь хэдэн халтар жолооч нар болж байгаа нь туйлын харамсалтай юм.

Жолооч аав, тогооч ээжүүдээ хүлээсэн ӨРХ ТОЛГОЙЛСОН ХҮҮХДҮҮД...

Өмнөговь аймагт уур уулхайг дагасан хүмүүсийн тоо эрс нэмэгдсэн гэдгийг дарга нар нь онцлон ярьж байв. Албан ёсоор оршин суугчдаас гадна уурхайд үйлчилгээний ажил, тогооч, жолооч хийхээр Гурвантэс, Цогтцэций, Ханбогд зэрэг сумдад шилжин суурьшдаг аж. Тэд боломжтой бол гэр бүлээрээ, боломжгүй нь ганц нэгээрээ “шингэнэ”. Ганц нэгээрээ очсон хүмүүсээс шалтгаалан сүүлийн үед гэр бүл салалт, бэлгийн замын халдварт өвчний дэгдэлт өндөр байна. Өнчрөл, хагацал хоногт хэд хэдээр нэмэгддэг тухай нутгийн удирдлагууд нь ч нуусангүй.

Хичээл сургууль зоссон хавар зуны үед үр хүүхдээ гэрт нь ганцааранг нь, эсвэл ах дүү нарыг нь үлдээгээд аав ээжүүд нь амьдралын төлөө гэх шалтгаанаар уурхайгаа бараадна. Тэдний ард үлдсэн хүүхдүүд өлсөхгүйн тулд элдэв ажил хийнэ. Овсгоотой нь биеэ дааж сурна. Азгүй нь хулгай зэлгий хийж, хэрэг өвөгт өртөж, эрүүл мэндээрээ хохирно. Үүнд төр засаг зүй ёсоор анхаарах нь чухал. Ийм нөхцөлтэйгээр үлдсэн хүүхдүүдийг ӨРХ ТОЛГОЙЛСОН ХҮҮХДҮҮД гэдэг аж.

Ийм хүүхдүүдийг хэрхэн анхаарч ажилладаг тухай сум орон нутгийн удирдлагуудаас тодруулахад “Хүүхдийн сурах нөхцөл байдлыг хангаж, сургууль, цэцэрлэгээ өргөтгөж байна. тоглоомын талбай барьсан. Дотуур байраа шинэчилсэн” гэхээс өөр хариулт өгсөнгүй.  Боловсрол мэдээж чухал. Гэхдээ аав ээжийг нь эзгүйд тэдэнд хэрхэн анхаарал хандуулдаг, эрүүл аюулгүй орчинг нь хэрхэн бүрдүүлж, тэдэнд анхаарал хандуулж байгаа нь дутмаг санагдсан. Зөвхөн Ханбогд сум гэхэд 2020 онд 9.7 тэрбум төгрөгийн төсөв батлуулжээ. Ядаж 500 сая төгрөгийг нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, гэр бүлийн орчин нөхцөлийг шийдчихэж болно. Бас л сэтгэлгүй төрийн золиос нь ХҮҮХДҮҮД болж байна...  Аав ээжээсээ хол байгаа хүүхдүүд гэмт хэргийн золиос болоод дуусвал яах вэ, эрүүл мэнд, амь насаараа хохирвол яах вэ. Нийгмийн ажилтан, багийн эмч нараа ажиллуулж болдоггүй гэж үү...

 Үргэлжлэл бий...

Сэтгэгдэл:
Таны IP: (18.216.103.156)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.