Н.Багабанди нарыг чөлөөлөхөөр болж ШИНЭ ГИШҮҮДИЙН сонгон шалгаруулалтыг ЗАРЛАЖЭЭ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-09-23

Монгол Улсын Засгийн газрыг 34 хувийг нь эзэмшдэг “Оюутолгой” ХК-ний Монголын талыг төлөөлж суудаг ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөхөөр болж, дараагийн гишүүдийн СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ зарлажээ.

Одоогоор “Оюу толгой” ХК-ийн ТУЗ-ийн даргаар Г.Батсүх, Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Цэвэгмэдийн Түмэнцогт нар Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж суудаг.

УИХ, Засгийн газраас Оюутолгой ХК-нд шалгалт оруулж улмаар ихээхэн хэмжээний зөрчил илрүүлсэн байдаг. Түүнчлэн ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлөхөөр ярилцаж байсан юм.

Галсангийн Батсүх 2010 оны 6 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн даргаар томилогдсон. Г.Батсүх 2010 оны 3 дугаар сар хүртэл Монгол Улсын Гадаад харилцааны яаманд тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайдаар ажиллаж байв. Үүнээс өмнө 2001-2005 онд Монгол улсаас Канад улсад суух Элчин сайд бөгөөд Перу, Бразил, Парагвай улсыг хавсран суух Элчин сайд, 2005-2009 онд Монгол улсаас БНХАУ-д суух Элчин сайд бөгөөд Австрали, Шинэ Зеланд, Пакистаныг хавсран суух Элчин сайдаар ажиллаж байв. Тэрээр 1992 оноос дипломат албанд ажиллаж эхэлсэн бөгөөд олон улсын худалдааны магистр, олон улсын харилцааны докторын зэрэгтэй. Өмнө нь Монголын үндэсний аялал жуулчлалын газар (“Жуулчин” нэгтгэл)-т дэд дарга, даргаар ажиллаж байв.

Н.Багабанди нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж, Улсын Их Хурлын анхны даргаар 1992 онд томилогдож Монгол Ардын Хувьсгалт Нам (одоогийн Монгол Ардын Нам) -ын даргаар ажиллаж байсан арвин туршлагатай. Тэрээр 2010 - 2013 онд Оюу толгой ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан бөгөөд 2016 оны 9 дүгээр сард Оюу толгой ХХК-ийн ТУЗ-д дахин томилогдсон байна. Н. Багабанди 1987 онд философийн ухааны дэд доктор эрдмийн зэргийг дүүргэж Украйн, Казахстан, Турк, Япон, АНУ зэрэг улсуудын нэр хүндтэй их дээд сургуулиудаас хүндэт доктор цол хүртсэн юм. 1992-1996 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дарга, 1996-1997 онд УИХ-ын гишүүн, УИХ дахь МАХН-ын бүлгийн дарга, 1997-2005 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажилласан бөгөөд олон төрлийн ном зохиол, эрдмийн ажлууд туурвисан эрдэмтэн улс төрийн зүтгэлтэн юм.

Цэвэгмидийн Түмэнцогт 2018 оны 6 дугаар сард “Оюу толгой” компанийн ТУЗ-ийн гишүүнээр томилогдсон.

Ц.Түмэнцогт 2016 оны 9 дүгээр сараас хойш “Эрдэнэс монгол” ХХК-ийн Ерөнхий захирлаар ажиллаж байв. Үүнээс өмнө 2011-2016 онд Монгол дахь “Женерал электрик”-ийн Гүйцэтгэх захирал мөн Эрчим хүчний Сайдын Зөвлөх, Эрчим хүч зохицуулалтын комиссийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр ажилласан. Тэрээр цахилгааны инженер болон нийтийн удирдлагын мэргэжлээр тус тус магистрын зэрэг хамгаалсан. Ц.Түмэнцогт Монголын CEO клуб, Монголын бизнесийн зөвлөл, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг байгууллагуудын ТУЗ-ийн гишүүнээр ажилладаг.

2013 оноос олборлолтын үйл ажиллагааг эхлүүлсэн Оюу Толгой зэс-алтны төсөл нь Монгол Улсад хэрэгжиж буй уул уурхайн томоохон төслүүдийн нэг юм.

“Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 34 хувийг Монгол Улсын Засгийн газар эзэмшдэг бөгөөд төрийн өмчит “Эрдэнэс Монгол” ХХК-ийн охин компани болох "Эрдэнэс Оюу Толгой" ХХК нь төрийн эзэмшлийн хувьцааг эзэмшиж, хувьцаа эзэмшигчийн эрхийг хэрэгжүүлдэг. “Оюу Толгой” ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 66%-ийг Туркойз Хилл Ресурс шууд бусаар эзэмшдэг бөгөөд Рио Тинто тус компанийн гаргасан хувьцааны олонхыг эзэмшдэг. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь есөн гишүүнээс бүрддэгээс гурван гишүүнийг Монгол Улсын Засгийн газар нэр дэвшүүлэн томилдог.

Засгийн газрын 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гарсан тэмдэглэлийг үндэслэн “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх гишүүн (цаашид “Гишүүн” гэх)-д нэр дэвших этгээдийн нээлттэй сонгон шалгаруулалтыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас нийтэд зарлаж байна.

Оюу Толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортойгоор өсөн нэмэгдүүлэх зорилгоор геологи, уул уурхайн болон санхүү, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хоёр Гишүүнийг сонгон шалгаруулна. Гишүүнд тавигдах дараах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасан Монгол Улсын иргэдийг нээлттэй сонгон шалгаруултад оролцохыг урьж байна.

  1. Гишүүнд нэр дэвшигчид тавигдах нийтлэг шаардлага:
  2. Мэргэжлийн ёс зүйтэй, шударга ёсыг эрхэмлэдэг, бусдын нөлөөнөөс ангид, харьцуулсан дүн шинжилгээ хийж, бие даасан шийдвэр гаргах чадвартай;
  3. Гэмт хэрэг үйлдэж,шүүхээр ял шийтгүүлээгүй;
  4. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бусад гишүүн, гүйцэтгэх удирдлагын баг, нэгдмэл сонирхолтой этгээдтэй төрөл садангийн холбоогүй;
  5. “Оюу Толгой” ХХК-тай нэгдмэл сонирхолтой болон үйл ажиллагаанд оролцогч талууд (хувьцаа эзэмшигчид, хувьцааны багцыг эзэмшигч, хамтран ажиллагсад гэх мэт)-ын ашиг сонирхлыг төлөөлдөггүй, бизнесийн аливаа холбоогүй;
  6. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй;
  7. Англи хэлний бичгийн болон ярианы өндөр мэдлэг, ур чадвартай.
  8. Гишүүнд нэр дэвшигчид тавигдах тусгай шаардлага:

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх геологи, уул уурхайн чиглэлийн

нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Геологи, уул уурхайн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;
  2. Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил тогтвортой ажилласан туршлагатай;
  3. Уул уурхайн томоохон төслүүдтэй холбогдуулж геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулж байсан туршлагатай;
  4. Зэс, алтны орд дээр ажилласан туршлагатай, уул уурхайн төслийн хөрөнгө оруулалт, зардлын хяналтыг хэрэгжүүлэх туршлагатай бол давуу тал болно;
  5. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

Төрийн төлөөллийг хэрэгжүүлэх санхүүгийн чиглэлийн

нэр дэвшигчид тавигдах шаардлага:

  1. Эдийн засаг, нягтлан бодох бүртгэл, болон санхүүгийн чиглэлээр дээд боловсрол эзэмшсэн, магистрын зэрэг хамгаалсан;
  2. Төрийн өмчит болон хувийн хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн санхүүгийн албаны удирдах албан тушаалд ажиллаж байсан;
  3. Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй бол давуу тал болно;
  4. АССА (Association of Chartered Certified Accountants), CFA (Chartered Financial Analyst Program), CPA (Certified Public Accountant) гэх мэт олон улсын мэргэжлийн эрх авсан бол давуу тал болно;
  5. “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажиллах хугацаандаа өөр ажил, албан тушаал эрхлэхгүй.

III. Бүрдүүлэх материал:

  1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (үүнд Оюу Толгой төслөөс хүртэх Монголын талын өгөөжийг урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлэх талаарх өөрийн санал, Гишүүнд нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаж байгааг тодорхойлсон баталгааг тусгана);
  2. Анкет (төрийн албан хаагчийн анкет, 4х6 хэмжээтэй цээж зураг);
  3. Ажил байдлын тодорхойлолт (өмнө нь мэргэжлээрээ ажиллаж байсан газрын тодорхойлолт, өөрийн хийж гүйцэтгэсэн ажлын талаарх товч мэдээлэл);
  4. Иргэний үнэмлэхний хуулбар;
  5. Боловсролын диплом, үнэмлэх, бусад сургалт, семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар;
  6. Ял шийтгэлгүйг баталгаажуулах Цагдаагийн байгууллагын лавлагаа;
  7. Хугацаа хэтэрсэн өр төлбөргүйг баталгаажуулах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын лавлагаа.
  8. Материал хүлээн авах хугацаа:

Дээрх шаардлагыг хангасан, сонирхсон иргэд материалаа 2020 оны 9 сарын 30-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Ш.Үнэнтөгсд хаяглан ирүүлнэ үү.

Хаяг: Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар

Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, 14201,

Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит талбай

Төрийн Ордон,

Утас: (976-51) 260817, 262408

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газар гэжээ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.99.78)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.