“Ажлын байр чөлөөлсөн” иргэдийг алагчлахаа болив
Үйл явдал
/
2020-04-28

Бараг 30 жилийн өмнө тухайн үеийн Засгийн газар ажлын байр чөлөөлөх нэрээр нас нь болоогүй байхад тэтгэврээ тогтоолгож, саяхныг хүртэл хамгийн бага тэтгэвэртэй гэгдэж байсан хүмүүсийг алагчлахаа болиод дөрвөн сарын нүүр үзэж байна. УИХ өнгөрсөн оны арваннэгдүгээр сард энэ жилийн улсын төсөвтэй хамт Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийг баталсан бөгөөд ингэснээр зарим иргэний сарын тэтгэврийн хэмжээ энэ оны эхнээс 50 мянган төгрөгөөр нэмэгдсэн юм. 1990 онд БНМАУ-ын Тэтгэврийн хуулийн дагуу дор дурдсан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдэд эл шийдвэр хамаатай. Өөрөөр хэлбэл, олон хүүхэд төрүүлсэн гэдэг шалтгаанаар эрт тэтгэвэрт гарсан эмэгтэйчүүдийн ажилласан жил нь ч, авч байсан цалин нь ч бага байсан тул хамгийн доод хэмжээгээр тэтгэвэр авч байсан хүмүүст зориулсан хууль гэж хэлэхэд болно. Үүнд:
• Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан, 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 нас хүртэл өсгөсөн, 15-аас доошгүй жил ажилласан, 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
• Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан, 4 ба түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-иос доошгүй жил ажилласан, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;
• Нийт 27-гоос дээш жил ажилласан, нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;
• Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй хамаарч буй.

Оны эхнээс 50 мянган төгрөгөөр тэтгэврээ нэмэгдүүлсэн тэд 2020 оны хоёрдугаар сарын 1-нээс эхэлсэн “нэмэгдэл”-ээс ч хоцроогүй. Тухайн үед 44 мянган иргэнийг дээр дурдсан шалтгаанаар эрт тэтгэвэрт гаргасан бөгөөд өдгөө тал нь буюу 21208 нь тэтгэврээ 50 мянган төгрөгөөр нэмэгдүүлээд байна. Үүнд зориулж 2020 оны улсын төсөвт 12.7 тэрбум төгрөг тусгажээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.146.176.145)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.