ТӨРӨӨС тэрбум, хэдэн зуун саяын дэмжлэг урамшуулал авсан компаниуд СҮҮ, ТАЛХ, ГУРИЛЫН үнээ НЭМЖЭЭ
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-10-13

Дэлхий нийтийг хамарсан Короновирус цар тахлын улмаас Монголын худалдаа эрхлэгчдийн нуруунд хүндхэн ачаа үүрэгдэж байна. Төр засгаас тэдний ачааг хөнгөлөх зорилгоор татварын хөнгөлөлт, урамшуулал зэргийг олгож байгаа.

Энэхүү боломжит хувилбарыг манай улсын томоохон аж ахуй нэгжүүд овжин ашиглаж, өөрсөддөө ашигтайгаар эргүүлжээ. Тэдэнд төрөөс ажлын байраа хадгалсан хэмээн урамшуулал хэдэн тэрбумаар нь өгсөөр байтал хариуд нь сүү, талх, гурилынхаа үнийг зориуд өсгөсөн байна. Тодруулбал  “Алтан тариа” ХХК нь 7 дугаар сарын 31-ний өдрөөс гурилын үнийг ангилал төрлөөс хамаарч 1 кг тутмыг 50-100 төгрөгөөр, “Талх чихэр” ХК нь 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 20 төрлийн талхны үнийг талхны төрлөөс хамааран 100-500 хүртэл төгрөгөөр, 34 төрлийн нарийн боовны үнийг төрөл тус бүрээс нь хамааран 100-1000 хүртэл төгрөгөөр, “Өгөөж-чихэр боов” ХХК 8 дугаар сарын 17-ны өдрөөс 148 нэр төрлийн талх, нарийн боовны үнийг 50-3400 төгрөгөөр, “Сүү” ХК 9 дүгээр сарын 01-ний өдрөөс Миний Монголын сүүний үнийг /3,2%/ 100 төгрөгөөр тус тус нэмжээ.

Гэвч тэдэнд УИХ-аар 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль, Засгийн газрын 2020 оны 154 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн “Алтан тариа” ХХК-ний 2020 онд импортолосон улаан буудайг гаалийн татвараас 602,9 сая төгрөг, НӨАТ-аас 1 тэрбум 266,1 сая төгрөгийг “Өгөөж-чихэр боов” ХХК-ний 2020 оны эхний хагас жилд импортолсон ургамлын тосыг гаалийн татвараас 62,08 сая төгрөг, НӨХТ-аас 130,3 сая төгрөгийг тус тус чөлөөлсөн байна. Харин “Сүү” ХК нь 2019 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 339,275,124 төгрөгийн хөнгөлөлт авсан байна.

- 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлын даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйл, Засгийн газрын 2020 оны 140 дүгээр тогтоолоор батлагдсан “Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд баримтлах журам”-ын 2-т заасны дагуу “Сүү” ХК, “Алтан тариа” ХХК, “Өгөөж чихэр боов” ХХК-иуд ажил олгогчийн болон даатгуулагчийн төлөх нийгмийн даатгалын шимтгэл /эрүүл мэндийн даатгалаас бусад/-ээс 2020 оны 4 дүгээр сарын 01-ээс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд чөлөөлөгдөнө.

Дээрх хөнгөлөлт, урамшууллын хүрээнд  2020 оны 4-өөс 8 дугаар сард нийгмийн даатгалын шимтгэлээс “Сүү” ХК 660,6 сая төгрөг, “Талх чихэр” ХК 1 тэрбум 22,1 сая төгрөг, “Өгөөж-чихэр боов” ХХК 469,5 сая төгрөг, “Алтан тариа” ХХК 366,4 сая төгрөгөөр тус тус чөлөөлөгдсөн байна.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль, Засгийн газрын 2020 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбогдуулан эдийн засгийг дэмжих чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” 78 дугаар тогтооол болон холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээртэй нийцүүлэн гаргасан дүрэм, журмийг улс дэмжсээр байхад ашигаа бодож, ядарсан иргэдийнхээ халаасыг улам нимгэлж байгаа эдгээр аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцох чадвартай хуулийн байгууллаа байхгүй нь харамсалтай 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.4.99)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.