Л.Цэдэвсүрэн: Циркийн хувьчлалын ажлын хэсэгт би байсан. Одоо энэ талаар ярьмааргүй байна
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-10-22

 Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа.

Зарим их дээд суруулиудыг хаах тухай асуудал яригдаад эхэлсэн. Хяналт шалгалт хийгээд дуусчихсан уу?

12 сургуулийг хаана гэсэн хэвлэлийн мэдээ явж байна лээ. Тэд бүгд муу сургууль биш. Заримынх нь бэлтгэж байгаа мэргэжлийг цөөлөх, заримынх нь чанарыг сайжруулах, анх олгосон эрхийн дагуу сургалтын элсэлт авч чадаж байгаа эсэх, багш нар нь сайн эсэх, төгсөгч нарын ажлын байр нь ямар байгаа зэрэг хугацаатай үүрэг даалгавар өгсөн. Түүний дараа сайдын тушаал гарна. Таван сургуулийн тусгай зөвшөөрлийг цуцлах дүгнэлт ирсэн байгаа. Яригдаад байгаа 12 сургуулийн асуудлыг хэрхэн шийдэх тухай Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлтэйгөө хамтраад шийднэ. Шийд гарлаа гэхэд хаагдсан сургуулиудын нэрсийг олон нийтэд ил тод зарлахгүй. Хаана гэж үзсэн сургуулиудынхаа оюутнуудын урьдчилсан буюу өвлийн төгсөлтийг хийлгэх зэрэг арга хэмжээнүүдийг авна. Эхний ээлжинд хөтөлбөрийн давхцалыг арилгана.

2021 оны  төсөвт хувийн их дээд сургуулиудын хувьсах зардлын хэмжээг хэдээр тогтоож байгаа вэ?

Хувьсах зардлын хэмжээг нэмэгдүүлээгүй. Харин шинээр ашиглалтад орох сургууль цэцэрлэгүүд, мөн тэнд суралцах хүүхдүүдийн тоо, багш нарын тоог гаргасан. Үүнтэй холбоотой зардал нэлээд нэмэгдсэн. Хувийн сургуулиудын хувьсах зардлыг төлбөртэй нь уялдуулж тооцно. Манай яамнаас тийм мэдээлэл гаргаагүй.

Сургалтын зээлийн санд хэдэн төгрөг төсөвлөгдсөн бэ. Зарим оюутнуудын голч дүн хүрэхгүй байна гэдэг тайлбар хийж байна шүү дээ?

Голч дүн хүрэхгүй гэсэн ойлголт байхгүй. Онлайн хичээл орсон. Энэ хичээлээр үнэлээд дүнг нь гаргасан. Энэ жил Боловсролын зээлийн мөнгийг ковидтой уялдуулаад тодорхой хэмжээгээр хасагдсан. Ирээдүйд нэн хэрэгцээтэй 36 мэргэжлийг тодорхойлсон. Тэр мэргэжлийн дагуу судалгааны дагуу олгоно. Зээлийн сангаас нэн хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж байгаа оюутнуудад, түүнчлэн тухайн сургуулийн төгсөгчид яг тэр мэргэжлээрээ төгсөж байна уу үгүй юу гэдэг судалгааны үндсэн дээр олгогдоно. Сангийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаал гаргаж зээлийг олгоно. Энэ жил Боловсролын зээлийн санд 6 тэрбум орчим төгрөг төсөвлөгдсөн. Улсын төсвийн бүрэлдэхүүн хэсгийн нэг нь Боловсролын зээлийн эргэн төлөлт байдаг. УИХ-р журам батлагдана. Тэр журам батлагдчихвал эргэн төлөлтийн явцыг сайжруулна.

Таныг энэ яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга байхдаа ЦИРКИЙН ХУВЬЧЛАЛ явагдсан байдаг. Гэтэл одоо Циркийг буулгаж, нурааж байна. Үүнд та ямар байр суурьтай явдаг вэ?

Би циркийн хувьчлалын ажлын хэсэгт байсан. Гэхдээ энэ талаар ярьмааргүй байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.175.89)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.