П.ДАВААЖАРГАЛ: ЭМЭГТЭЙ ХҮН ГЭХЭЭР Л ТУЛААНЫ СПОРТООС ХОЛ ХӨНДИЙ БАЙХ ЁСГҮЙ
Б.Баабар
Ярилцлага
/
2020-10-23
Тулааны спорт, тэр дундаа холимог тулааны төрөл манай улсад эрчимтэй хөгжиж байна. Дан эрчүүдийн спорт биш шүү гэдгийг тод томруунаар өөрийн биеэр үлгэрлэж яваа Пүрэвжавын Даваажаргал хэмээх дайчин бүсгүйтэй хэсэг хором саатаж ярилцлаа.

Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Пүрэвжавын Даваажаргал гэдэг. Би Увс аймгийн Улаангом суманд төрсөн. Намайг гуравдугаар ангид байхад манайх Улаанбаатарт нүүж ирсэн юм. Энд Сүхбаатар дүүрэгт ахлах сургуулиа төгсөөд Аварга дээд сургуульд хөдөлгөөн засалч эмчилгээний ангид элсэн, бакалавраа дүүргэсэн. Ер нь багаасаа л спортод хорхойтой, хөдөлгөөнтэй, дандаа эрэгтэй хүүхдүүдтэй тоглодог эршүүд байрын хүүхэд байсан л даа. Хичээлдээ дуртай ч биеийн хүчний спорт талдаа илүү дуртай байсан.

-Тулааны спортыг хэзээнээс сонирхож хичээллэж эхэлсэн бэ?

-Энэ спортоор 2015 оноос хойш хичээллэж байгаа. MMA төрлөөр 2 жил, холимог төрлөөр 4 дэх жилдээ хичээллэж байна. Тэрнээс хойш тэмцээн уралдаанд оролцоод явж байгаа.

-Ямарваа спорт хүнийг татах, сонирхолыг хөдөлгөх тийм нэг өвөрмөц зүйл байдаг даа. Таны хувьд тулааны спортыг яагаад сонгон хичээллэх болов?

-Би багаасаа их чанга биетэй хүүхэд байсан. 2014 онд “Аварга” дээд сургуульд элсэн орсон. Их сургуульд байхдаа Улсын начин Б.Адъяахүү багшийн удирдлаган дор Тайваны үндэсний спортын олс таталтаар хичээллэж, олон улсын мастер цолтой болсон. Олс таталтаар хичээллэдэг тул гарын шуу нэлээн хөгжчихсөн, бас жин ихтэй байсан. Тэр үед эгч маань “Чиний гарт чинь нэг юм байна даа, тулааны спортоор хичээллэвэл ямар вэ?, тамирчин болдоггүй юм аа гэхэд ядаж биеэ хамгаалж сурна шүү дээ” гэж хэлээд “Ширэн бээлий” клубийн нэрийн хуудсыг өгч байсан юм.Тэр үеэс л тулааны спортоор хичээллэж эхэлсэн дээ.

-Анхны дасгалжуулагч багш хэн байв?

-“Ширэн бээлий” клубд анх ОУХМ н.Төрбат, н.Ганбаатар гэж 2 багш байсан. Одоо ч багш нараараа дасгалжуулж байгаа.  

-ММА буюу холимог тулаан бусад тулааны спортоос юугаараа ялгаатай юм бэ?

-Мутабоксд гар, тохой, өвдөг, хөл өшиглөх гэсэн техникээр тулалддаг. Кикбокс нь гар болон хөлөөр тулалддаг. Тохой ордоггүй. Харин ММА-д бол бүх зүйл чөлөөтэй. Гэхдээ толгой гэх мэт эмзэг эрхтний хамгаалалт байхгүй, гэмтэл бэртэл авах магадлал маш их. Хазах, үстэхээс бусдыг нь л хийдэг. ММА-д хөл, гараа хугалах, бүр үхсэн ч хамаагүй гээд гарын үсэг зураад ордог. Би энэ төрлөөр тултал явна гэж боддог.

-Хамгийн анхны тулааныхаа талаар яриач. Айж, сандарч, чадах болов уу гэж өөртөө эргэлзсэн үү?

-Би эхний таван сар хичээллээд л шууд Монгол улсад дөрвөн жил тутамд болдог спартакадад орж спартакадын хүрэл медаль бас эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн боксын улсын аваргын хүрэл медаль авч байсан. Тэр үед маш их урамшиж байсан. Яагаад гэвэл зүгээр нэг тэмцээн биш, ОХУ, БНХАУ-аас шилдэг тамирчид нь ирж оролцсон том тэмцээн байсан юм.  Анхны тэмцээнээсээ анхны медалиа аваад ирэхэд багш маань надад цэнхэр толгойн хамгаалалт бэлэглэж байсан. Тэр л хэзээ ч мартагддаггүй.  Анхны тэмцээн дээр ерөөсөө медаль авна гэж ороогүй, тэгж бодоо ч үгүй. Зүгээр л өрсөлдөгчдөө анхаарлаа хандуулаад л “За Хятадын тамирчин юм байна. Заавал ялна даа л” гэж бодож байсан. Айх гэхээсээ илүү өөрийгөө их хурцалсан даа. Тэр тэмцээнээс хойш маш их тэмцээн, уралдаанд оролцсон. Оролцсон тэмцээн бүрээсээ алт, мөнгө, хүрэл гээд л медаль авч эхэлсэн.

-ЭМЭГТЭЙ ХҮН ГЭХЭЭР Л ТУЛААНЫ СПОРТООС ХОЛ ХӨНДИЙ БАЙХ ЁСГҮЙ.
МОНГОЛД ХӨГЖИХ ГЭЭД ЗҮТГЭЖ Л ЯВНА

-Эрэгтэй тамирчид эмэгтэй тамирчдаа хэр хүлээн зөвшөөрдөг вэ. Басах гэх мэт янз бүрийн зүйлтэй тулгарч байв уу?

-Спортоос хол хөндий хүмүүс л тэгж боддог байх. Харин эрэгтэй тамирчид аль хэдийн хүлээн зөвшөөрчихсөн байдаг. Бас хүндэлдэг. Монголд эмэгтэй мундаг тамирчид олон байгаа.

-Аливаа спортоор хичээллэж байгаа тамирчдын хувьд зардал мөнгөний асуудал тулгардаг. Хэрэв ямар нэгэн тэмцээнд байр эзэлбэл шагналаараа зардлаа нөхөх боломжтой юу?

-Ер нь бол хэцүү. Шагнал өгдөг тэмцээнүүд ч байна, мөнгө өгдөг тэмцээнүүд ч байна, нэр хүндийн тэмцээн ч байна. Тиймээс бүх цаг хугацаа, сэтгэл зүй, санхүүгээ золиослон байж энэ спортоор хичээллэдэг. Монгол эмэгтэй тулаанчдыг жаахан л дэмжээд  өгвөл дэлхийд гарахад бэлэн. Мэдээж золиосгүй спорт гэж байхгүй.  Монголд тамирчин байх хэцүү. Эмэгтэй тамирчин байх бүр хэцүү.

-Монголд холимог тулааны спорт хөгжихөд юу хамгийн их хэрэгтэй байна вэ?

-Хамгийн түрүүнд тамирчид бэлтгэл хийх талбай, заал хэрэгтэй байна. Энэ спортыг одоо авч явж байгаа хүмүүс бол тамирчин байгаад үзчихсэн, зовлон жаргалыг нь биеэрээ мэдэрсэн хүмүүс байдаг. Тэд нар л энэ  спортыг Монголд хөгжүүлчих юм сан гэж бор зүрхээрээ л хичээж байгаа. Засгийн газраас албан ёсны топ спортуудын нэг биш л бол анхаарал хандуулдаггүй. Тийм учраас эхний ээлжид бэлтгэл хийх, тэмцээн зохион байгуулах заал хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа, амжилт хүсье

-Баярлалаа

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.218.9)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.