Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр хоёр Монгол улсад ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН бэ...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-10-26

Монголын улстөрд Намбарын Энхбаяр, Цахиагийн Элбэгдорж гэж “хоёр хүнд гар” бий... Энэ хоёр хоёулаа нам засаг, төр тэргүүлж, сайд дарга хийж явсан удаатай, нэр нөлөө бүхий улстөрчид байлаа. Байлаа гэсний учир одоо үндсэндээ нэрнээс өөр зүйл үлдсэнгүй. Жамаараа л тэдний дараагийн үеийн улстөрчид “навч цэцэг” шиг урган гарч ирсээр хоёр том модны сүр хүчийг нам дарж байна...

Аливаа зүйл цаг хугацаатай, хөгжлийн үе шаттай байдаг нь орчлонгийн бичигдээгүй хууль. Тэдний орыг одоо хүүхдүүд нь залган гарч ирж, энд тэндэхийн сонгуульд хүч үзэж, ялж, ялагдаж улстөрч эцгийнхээ замналаар замнаж, сайн муу хэлүүлж яваа нь ёстой нөгөө “ТАВИЛАН” юм даа, хөөрхий...

Намбарын Энхбаяр ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН бэ... Тэр бол улстөрчийн замналаа аль эрт төгсгөсөн хүн. ОХУ-ын их өрийг тэглэсэн, Мянганы замын эхлэлийг тавьсан, 80 тохой майдар  бүтээсэн гээд авах зүйл бий. Харин АВЛИГЫН СҮЛЖЭЭ-г анхлан бий болгосон гэгддэг.

2012 оны гурван сард АВЛИГЫН ХЭРГЭЭР  баривчлагдаж жил орчим хоригдоод сүүлд нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ӨРШӨӨЛИЙН ХУУЛИАР суллагдсан. Одоо Монгол Ардын Хувьсгалт намын даргаар ажилладаг. 2016 оны УИХ-ын сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2020 оны УИХ-ын сонгуулиудад нэр дэвших эрх нь ХЯЗГААРЛАГДСАН  нэгэн. Одоо улстөрд өөрийн том хүү Батшугарыгаа БЭЛДЭЖ хоёр ч сонгуульд сойгоод амжсан.

Цахиагийн Элбэгдорж ЯМАР ГАВЬЯА БАЙГУУЛСАН бэ... Ардчиллын анхлан байгуулагчдын нэг. Ардчилсан хувьсгалыг Монгол оронд өдөөж, нэг намын тогтолцоог халж, Социолизмаас татгалзах уриалгыг тухайн үеийн Монголчуудын зүрхэнд суулгаж чадсан нь түүний хамгийн том гавьяа. Тийм ч учраас тэр өнөө цагт өөрийгөө Ардчиллыг бүтээгчдийн нэг гэж нүүр бардам хэлж, төлөөлж чаддаг.

1996-2000 оны Засгийн газарт Ерөнхий сайдаар ажиллаж байсан. Түүнчлэн УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын гишүүнээс өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөн шалгуулах шинэ соёлыг улстөрд бий болгосон. Түүний хийсэн гавьяа бол Монгол Улсын Ерөнхийлөгчөөр найман жил ажиллах хугацаандаа дэлхийн олон орны удирдагч нарыг МОНГОЛ ЭХ ОРОНДОО цуглуулж, АСЕМ-ийн уулзалтыг нэр төртэйгөөр зохион байгуулсан явдал. Энэхүү арга хэмжээ нь манай улсын гадаад бодлогын өндөр түвшинд хүргэсэн.

Аливаа зүйл сайн муу хоёр талтай. Түүнийг өнөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын “захиалгаар” эрүүгийн гэмт хэрэгт холбогдуулан шалгаж байгаа. Ц.Элбэгдорж нь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн тодотгосоноор нийгэм дэх “ШУДАРГА БУСЫН ХОНГИЛ” гэгчийг үүсгэсэн этгээд болоод буй:

Н.Энхбаярын улстөрийн амьдрал дуусаж байгаа бол Ц.Элбэгдоржийн улстөрийн амьдрал дахин эхэлж байна. Тэрбээр саяхан АН-ын гишүүнчлэлээ сэргээсэн. Түүний хүү Э.Эрдэнэ мөн аавынхаа үйл хэргийг залгамжилж улстөрийн анхан шатнаас ажлаа эхлүүлж яваа. Э.Эрдэнэ 2016-2020 онд БЗД-ийн ИТХ-ын төлөөлөгч байсан бол 2020 оны орон нутгийн сонгуульд НИТХ-д хүч үзээд харамсалтайгаар өвдөг шороодсон юм.

Ийнхүү Монголын улстөрийн хоёр том тод үзэгдэл өөрсдийнхөө түүхийг бичиж үлдээгээд өв залгамжлагчдаа УЛСТӨР ЛҮҮ хөтлөн оруулж байна... Э.Батшугар, Э.Эрдэнэ нар харин аав нарынхаа хэмжээний улстөрчид болж чадах эсэх нь зөвхөн цаг хугацааны асуудал болж үлдлээ...

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.72.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.