Л.Нинжжамц: Захирал хүний хувьд энэ байгууллагаа өнгөтэй өөдтэй аваад явахыг хүссэн амбиц надад байдаг
Ярилцлага
/
2020-10-27
МҮОНРТ-ийн уран бүтээлч, ажилчид ерөнхий захирал Л.Нинжжамц бүхий удирдлагын багтай үл ойлголцол үүсч улмаар баримттай хэд, хэдэн асуудал ил болгосон. Уран бүтээлчдийн зүгээс удирдлагуудыг суудлаа өгөхийг шаардсан. Үүнээс үүдэн МҮОНРТ-ийн ерөнхий захирал Л.Нинжжамц ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн. Үүсээд буй нөхцөл байдлын талаар бид Л.Нинжжамцаас тодруулга авлаа.

- МҮОНРТ-ийн уран бүтээлийн бодлого алдагдсан уу. Уран бүтээл удирдлагын хараат болсон гэх мэдээлэл үнэн үү?

- МҮОНРТ-ийн удирдлагын багтай хамт олны зөрчил үүссэн гэх мэдээлэл цахим орчинд явагдаж байна. Би захирлын хувьд манай байгууллагад хамт олон болон удирдлагын дунд зөрчил үүссэн гэж бодохгүй байна. Арван хүн хамт олныг төлөөлж чадахгүй. Манай байгууллага 2020 оны байдлаар нийт 776 ажилчинтайгаар үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрчний эвлэл ажиллаж хамт олны эрх ашгийг хамгаалж гурван талын хамтарсан гэрээгээр ажиллаж байна. Ажилчдын ярьж буй ажлын байрны дарамт шахалт огт байхгүй. Хүний нэр төрд халдсан мэдээллээ баримт нотолгоотойгоор хуульд үндэслэн ярих хэрэгтэй.

- Үйлдвэрчний эвлэлээс нэргүй захиа авч судалгаа явуулахад 200 гаран захиа баримттайгаар ирсэн байна. Үйлдвэрчний эвлэлээс удирдах албан тушаалтанд хоёр удаа шаардлага хүргүүлэхэд маш хайнга хандсан гэсэн мэдээлэл байна. Үүнд хариулт өгнө үү?

- Үйлдвэрчний эвлэлийн үүрэг бол хамт олны үйл ажиллагааг тогтвортой явуулахад, удирдлага хамт олны дунд үүссэн нөхцөл байдлыг шийдвэрлэх юм. Ажилтантай байгуулсан хөдөлмөрийн дотоод журмаараа ажилчдын ирц, бүтээмж, чадвараар үнэлж тухайн ажилтнуудыг хариуцаж буй продюссер, сувгийн захирлууд нь хөдөлмөрийн гэрээн дээр дурдсан үндсэн цалин дээр 20 хувийн урамшуулал олгодог, шууд эрх мэдэл нь ерөнхий захирал дээр байдаг асуудал биш юм. ОНРТ-ийн тухай хуульд төсөв хэрхэн бүрдэхийг тодорхой заасан бөгөөд үүнд улсын төсвийн дэмжлэг том байр суурь эзэлдэг. Гэтэл улс эх оронд  үүссэн цар тахлын онцгой нөхцөл байдлаас  үүдэж зургаан сараас эхэлж олгогдохоор тооцоонд суугдсан 5.2 тэрбум төгрөгийг сангийн яамнаас буцааж татсан. Тиймээс бид 9-р сарын нэгнээс эхлэн тэвчиж болох бүх зардалаа тэвчиж эхэлсэн. Харин гуравдугаар сарын нэгнээс эхлээд  нийт  17 цагийн эфирээс таван цаг нь цахим хичээлд зарцуулагдах болсноос нэвтрүүлэг хумигдаж, ковид19-тэй холбоотойгоор олон хүн цуглуулж  нэвтрүүлэг хийх боломжгүй болсон. Гурван сараас эхэлж  ажилчдын ээлжийн амралтыг ээлжилж олгосон гэх мэтээр цар тахалтай холбоотой захиргааны олон  арга хэмжээг авсан. Намайг захирал байх хугацаанд  манай 776 ажилтнаас нэг ч ажилтан цомхотголд орохгүй.

- Алтанфонт брэнд нэвтрүүлгүүдийг үнэгүйдүүлж байна гэсэн яриа гарсан. Үүнд хариулт өгнө үү?

- Манай телевизийн шилдэг уран бүтээлчдийн хийсэн контентуудыг хийж чадахгүй ч дамжуулах хүсэлтэй олон байгууллагууд байгаа. Тэд харилцаа холбооны зохицуулах хороогоор дамжуулаад Радио болон телевизийн бүтээлүүдийг баяр ёслолын үеэр гаргахаар үнэгүй авдаг. Хураамж болоод борлуулалтынхаа орлогыг нэмээд маш сайн контент боловсруулчихвал бидэнд улсын төсвөөс мөнгө авахгүй байх боломж бий. Алтан фондны хальсыг Дижитал, HD болгож үр хойчдоо үлдээхээр ажиллаж байгаа ба бүгдийн хуулахад бидэнд 10 жил хэрэгтэй.

- Алтантөлийн эзэн нэвтрүүлгийн үнэ цэнийг алдагдуулж, өөрийн нэр дээр шилжүүлэн, шагналыг гурван саяар арилжаалж байна гэдэг үнэн үү?

- Алтан төлийн эзэн нэврүүлгийг зохиогчийн эрхийг хамгаалахын тулд ТББ байгуулж МҮОНРТ-ийн нэр дээр бүртгүүлсэн. Мөнгө хурааж шагнал гардуулсан явдал байхгүй бөгөөд энэ мэдээллийг гаргасан тодорхой хүмүүст хуулийн хариуцлага хүлээлгэнэ.

- Үүсээд буй нөхцөл байдал хэрхэн шийдэгдэх вэ. Та энэ их айлыг удирдаж буй хүни й хувьдуран бүтээлчидтэйгээ хэрхэн учраа олох талаар шийдвэр гаргасан уу?

- Манай байгууллагын төсвийг батлах гэж буй хүн байвал дэмжиж өгөөчээ. Төсвийг хасахдаа мэдэгдэж асуудлаа тодорхой хэлсэн бол бид хамт олонтойгоо яриад зохицож болох байсан. Захирал хүний хувьд энэ байгууллагаа өнгөтэй өөдтэй аваад явахыг хүссэн амбиц надад байдаг. Надад хийсэн хууль бус үйлдэл байхгүй. Магадгүй мэдэхгүй өнгөрсөн зүйл байвал ажилчид минь намайг ойлгоорой. Байгууллага хамт олноо муухай харагдуулсан, зохион байгуулалтын үйл ажиллагааг дутуу хийсэндээ уучлалт гуйж байна.

Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.86.164)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.