Урвагчийг ЦААЗАЛДАГ ХУУЛЬТАЙ байсан сан...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-10-28

Монгол улсад улс төрийн нам гэдэг ойлголт нь маш их гажуудалтай байдаг. Өөрөөр хэлбэл нам гэдэг ойлголтыг  шууд эрх мэдэл гэж хардаг, ашиг сонирхлыг түүнээс хайдаг. Учир нь хэн нэгэн үзэл баримтлал, санаа бодолдоо үндэслэн намд элсэх боломжгүй байдаг учраас л ашиг сонирхолдоо үндэслэж сонгох сонголт л  үлдэж буй юм. Намын идэвхтэн гишүүн тэр бүү хэл ард түмний итгэлийг хүлээн намаасаа сонгогдож гарч ирсэн эрхэм түшээд хүртэл намын үзэл баримтлал суурь зарчимаа  мэдэхгүй байх тохиолдлыг та бүхэн харж байсан болов уу?

Намын үзэл баримтлал суурь зарчим гэдэг бол намын  үйл хэрэг, мөрийн хөтөлбөр, ажил хэргийн үндэс суурь байх ёстой билээ. Гэтэл энэ явдал өдгөөгөөс 20 жилийн өмнөөс буюу 2000 оноос эхэлж, намууд өөрсдийн чиглэл, үзэл баримтлалын дагуу мөрийн хөтөлбөрөө эс боловсруулан, бодлогоор өрсөлдөхөө больсон гэж судлаачид дүгнэдэг. Өнгөрсөн жилүүдэд өрнөж байсан намуудын сонгуулийн амлалтууд Монголд популист улс төр ноёлсны тод илэрхийлэл. Нөгөө талаас иргэд үзэл баримтлал гэдэг зүйлийг харахаасаа илүү намын лидерүүдэд чухал ач холбогдол өгдөг байдал өнөөгийн монголын улс төрийн нөхцөл байдлыг тодорхойлох гол хөшүүргүүдийн нэг болсон.

Улс төрийн намын чиглэл, үзэл баримтлал нь онолын хувьд хийсвэр ч практик ач холбогдолтой зүйл билээ.Улс төрийн нам тодорхой чиглэл, үзэл баримтлалын дагуу үйл ажиллагаагаа явуулснаар намын үйл ажиллагаанд ,улс орны хөгжил цэцэглэлтэнд чухал нөлөөг үзүүлнэ гэдгийг  бүх шатандаа ойлгох хэрэгтэй.

Ардчилсан нам  нь либерал үзэлтэй гэж тунхаглах боловч хавтгайрсан халамжийн эхийг тавьж, МАН ч мөн адил улс орноо сөхөртөл халамжилж буйг бид амвдаараа гэрчилнэ. Барууны либерал үзэлт АН, Зүүн чиглэлийн социаль демократ үзэлтэй МАН-н мөрийн хөтөлбөр хоорондоо ялгаа байхгүй.

2015 онд энэ асуудлууд засгийн газраар яригдаж намууд бодлогын нам болж өөрчлөгдөнө ,мөн намаа сольсон хүнийг дахин нэр дэвшүүлэхгүй гэдэг асуудал яригдаж байсан хэдий ч дэмжигдэж ажил хэрэг болж чадаагүй юм. Монголын улс төрийн намууд бодлого үзэл баримтлал бус зөвхөн намын лидерүүдээрээ, байр сууриараа л ялгарч байгаа. Харин гишүүдэд нь аль нам байсан ч хамаа байдаггүй бололтой. Тэд хүсвэл ямар ч цаг үед, ямарч байр суурьнаас нам хооронд шилжиж ард олны дургүйцлийг төрүүлсээр. Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг намууд үзэл баримтлалаа үндэс суурь болгон ажиллаж, гишүүд нь үзэл баримтлалд суурилж намаа сонгон өөрийн байр суурь, намын бодлогод бат зогсож, итгэл үнэмшилээ өгч ажиллах үндсэн зарчим алдагдаж байна. Намаа сольсон хүмүүсийн хамгийн сүүлийн жишээ нь сонгуулийн дүн гарч сонгогдсоныхоо дараа намаа сольсон

Иргэдийг ихээр бухимдуулсан сүүлийн жишээ нь МАХН-с нийслэлийн ИТХ-ын сонгуульд БГД-н 23-р хороонд нэр дэвшигч Э.Магнайбаяр: "10 дугаар сарын 15-ны өдөр МАН-ын луйвар, бульхай, дээрмийг таслан зогсоож чадна гэдэгт эргэлзэхгүй байна." гэж сонгогчдийнхоо өмнө итгэл төгс илтгэж явсан тэрбээр луйварчдынхаа эгнээнд элсэхээр шийджээ.Харин түүнд итгэл хүлээлгэн сонгосон тус тойргийн сонгогчид, хөгшид түүнийг эргүүлэн татахыг шаардаж байна.

            Орон нутгийн сонгуулийн өмнө Ардчилсан намын гишүүн асан эдийн засагч Л.Наранбаатар МАН-д элсэв. Улс төр бол багийн тоглолт хэмээгээд  МАН-ын батламжаа гардан авсан бол иргэд мөн адил энэ үйлдлийг тийм ч таатай хүлээж аваагүй. Тэрч бүүхэл бие даан сонгогдон гарсан С.Жавхлан гишүүнийг хүртэл Ардчилсан намд элсэхэд иргэд  түүнийг сонгохоос татгалзсан. Мөн УИХ-ын сонгуулийн өмнө МАХН-ын гишүүн асан О.Баасанхүү нь Ардчилсан намд элсэж сонгуульд хүчээ үзэн унасан юм.  Энэ мэтчилэн намаа сольсон хүмүүсийн цуваа тасрахгүй. Энэ бүхнийг улс төр гэхээсээ илүү намын бодлого, үзэл баримтлал суурь зарчимтай ч холбоотой байж болох юм.

Б.Баттуяа

Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.172.215)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.