Намын дарга нь ЗАСАГ ДАРГА болдог дүрмээр бол БАЯНЗҮРХ дүүргийг Э.Бат-Амгалан удирдах юм биш үү...
З.Батхуяг
Нийтлэл
/
2020-10-28

Орон нутгийн сонгуулийн дараа ялалт байгуулсан нам эвсэлүүд эхнээсээ Засгаа сонгож, төрийн ажлыг залгуулахаар болоод байна.  Одоогийн байдлаар Нийслэл болон найман аймгийн Засаг дарга нар тодорсон. Харин дутуу байгаа аймгууд, дүүргүүдийн Засаг дарга нар энэ долоо хоногт багтан тодрох ёстой. Нийслэлийн есөн дүүргийн хамгийн том газар нутаг, хамгийн их хүн амтай Баянзүрх дүүргийн ШИНЭ ЗАСАГ хэн байх вэ гэдэг нь хараахан тодроогүй. НИТХ-ын төлөөлөгч Н.Баярмөнх, Б.Сүхбаатар нарын нэрс яригдаж байсан ч тоглоомоос Б.Сүхбаатар албан ёсоор гарлаа. Тэрбээр НЗД-ын Барилга, орон сууц хариуцсан орлогч болсон.

Нэг сонирхолтой нь УИХ-ын гишүүн байсан хүн анх удаагаа тушаал буурч Хотын дарга болохыг үзлээ. Уг нь орон нутгийн сонгуульд өрсөлдөж, улмаар НИТХ-ын төлөөлөгч болсон хүнээ хотын дарга болгодог бичигдээгүй хууль манайд үйлчилж байлаа. Гэвч 2020 оны орон нутгийн сонгуульд олонх болсон нам үүнийг эвдэж дээд тушаалын хүнийг уруудуулав. Яг үнэндээ хотын дарга Д.Сумъяабазар ч үүнийгэ ойлгоогүй яваа гэсэн. Яг энэ үгийг өөрөө тэр хүн НИТХ-ын анхдугаар чуулганы хуралдаанд оролцохдоо хэлсэн. Гэхдээ галт тэрэг хөдөлдөгөөрөө хөдлөж, өнөөдөр Засаг даргын анхдугаар шуурхайгаа хийж АМНЫ ХААЛТ ЗҮҮГЭЭГҮЙ иргэнийг АВТОБУСАНД СУУЛГАХГҮЙ гэдэг шийдвэр гаргаж, олны таашаалыг хүлээгээд байгаа.

УИХ-ын гишүүнээсээ татгалзаж хотын дарга болно гэдэг бол амаргүй алхам. Эр зоригийн шийдвэр. Эр зоригийн ч гэж дээ НАМЫН ДАРГЫН ДААЛГАВАР гэж л харж байгаа. МАН-ын дүрмэнд “ултөрийн сонгуульд ялалт байгуулсан тохиолдолд намын дарга нь Ерөнхий сайд болно” гэж хатуу заажээ. Д.Сумъяабазар энэ шийдвэрийг дагаж хотод ирсэн.  Тэгвэл орон нутгийн сонгуульд Баянзүрх, Хан-Уул, Баянгол, Чингилтэй, Налайх, Сонгинохайрхан, Багануур зэрэг найман дүүрэгт ч бас эрх баригч намынхан ОЛОНХИЙГ БҮРДҮҮЛСЭН.

100 жилийн түүхтэй МАН-ынхан намын дарга нь Ерөнхий сайд болдог жишгээрээ, У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар нарыг дагаад дээрх дүүргүүдийн намын хороон дарга нар ч бас ДҮҮРГҮҮДИЙН ЗАСАГ ДАРГА болох ёстой. Яг энэ зарчимаар явах юм бол ухаандаа Баянзүрх дүүргийн Засаг даргаар УИХ-ын гишүүн, тус дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгаланг, Чингэлтэй дүүргийн МАН-ын хороон дарга УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Налайхын МАН-ын хороон дарга С.Амарсайхан, Багануурын МАН-ын хороон дарга Ц.Сандаг-Очир, Сонгинохайрханы МАН-ын хороон дарга Х.Нямбаатар, Баянгол дүүргийн МАН-ын хорооны дарга Ж.Ганбаатар нарыг ч мөн далил тушаал бууруулж, УИХ-ын гишүүнээс нь чөлөөлж ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА болгоё.

Т.Аюурсайхан Чингэлтэйг, Ц.Сандаг-Очир Багануурыг, С.Амарсайхан нийслэлийг Х.Нямбаатар Сонгинохайрханы хурлыг даргалж байсан туршлагатай. Э.Бат-Амгалан гишүүн ч дүүргийг богинохон ч гэсэн удирдаж байсан түүх бий... Тэгэхээр эдгээр хүмүүс УИХ-ын гишүүнээсээ татгалзаад дүүрэг удирдаад явж болохоор байна. МАН-ын намын дүрмэнд ЯЛСАН НАМЫН ДАРГА НЬ Засаг дарга байна гээд заачихсан байгаа. Намын хорооны дарга нарт намын дүрмээ биелүүлэх үүрэг бий... Энэ үүргийг Д.Сумъяабазар дарга сайн биелүүлсэнийг санах хэрэгтэй... 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.48.248)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.