Сэлэнгийн брэнд “Сэлэнгэ цай”-г үйлдвэрлэгч
Үйл явдал
/
2020-06-21

Монгол орныхоо хөрсөнд цай хэмээх уламжлалт идээг тарьж ургуулан Сэлэнгэ нутгийн брэнд болгосон нэгэн хөдөлмөрч залуу бол Н.Баярсайхан юм. Тэрээр органик цайг үйлдвэрлэж, Монгол Улсын шилдэг 99 бүтээгдэхүүнд багтаан Сэлэнгийн брэнд бүтээгдэхүүн болгож чадсан онцлогтой.

Өглөө босоод цайгаа чанаад уух нь монгол хүн бүрийн хийдэг уламжлалт ажил

Орчин цагийн хэв маягтай уялдуулан, хүний бие организмд тохирсон, эрүүл, аюулгүй, цэвэр байгалийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчиддээ хүргэхийг Н.Баярсайханы гэр бүл зорьсон. Тэрээр аавынхаа эхэлсэн ажлыг улам бүр сайжруулахын төлөө зүтгэж яваа аж. Тэд тавдугаар сард тариалалтаа эхэлж, 7-9 дүгээр сард хураалтаа хийж, жилийн дөрвөн улирлыг энэ л ажилдаа зориулдаг байна. “Үжээд” гэдэг нэрээр танил болсон түүний компанийн үйлдвэрлэсэн цайг Сэлэнгийнхэн төдийгүй хөрш зэргэлдээ аймаг, Улаанбаатар хотын хэрэглэгчид сайн мэддэг болоод уджээ. Эднийх “Дэлгэрэх”, “Сэлэнгэ” нэрийн цайг үйлдвэрлэж байна. цайг хэрхэн тарьж ургуулж, хэрэглэгчдийн гар дээр очдог талаар сонирхлоо.

  

“Үжээд” компани 2003 онд байгуулагдсан ч анхны суурь нь 1991 онд “Өрнөлт” хувиараа эрхлэх аж ахуй нэртэй үүсчээ. Улмаар 1992 оноос нутаг усандаа цай үйлдвэрлэж эхэлсэн байна. 1994 онд түүний аав Сүхбаатар сумын дөрөвдүгээр багт хашаандаа тарималжуулах ажлыг эхлүүлсэн аж. Ингээд “Дэлгэрэх” гэдэг нэртэйгээр цайгаа гаргажээ. Анх Дэлгэрхаан уулнаасаа үрийг нь авсан учраас “Дэлгэр” гэж нэр өгсөн нь өөдлөх, дэлгэрч дэвжих гэдэг утга учиртай аж. Дараа нь Баруунбүрэн суманд “Амарбаясгалант” хийдийн орчимд байдаг “Хүжийн ам”, Сүхбаатар сумын хоёр элсний дэргэд тус тус тарималжуулах ажлыг хийсэн байна. Ингэж ажиллах явцад уулархаг газарт ургасан цайны ургамал илүү шимтэй, харин хоёр элс орчимд тарьсан цайны ургамал тааруу байсан байна. Иймээс элсний орчмын тариалалтаа зогсоожээ. Одоо эднийх Баруунбүрэнд тарималжуулах ажлаа хийхийн зэрэгцээ байгалиас ч түүж байгаа гэнэ.

 

Цаг хугацаа зарцуулан зүтгэсэн ажлаа чанарын баталгаа хангасан бүтээгдэхүүнд бүртгүүлэв  

Цай нь олон наст ургамал учраас хашаа, хамгаалалт сайтай нөхцөлд арчилгаа тордолгоо сайн хийвэл гайгүй ургаад явчихдаг гэнэ. Нэг жил тарьчихвал дараа жил нь тарихгүйгээр өөрөө ургачихдаг аж. Үрээр нь таривал хугацааны хувьд уддаг бөгөөд гурван жил болж байж ургац авах хэмжээнд хүрдэг байна. Ажилсаг гэр бүлийн залуус маань хөдөлмөр зүтгэлийнхээ ихэнх цаг хугацааг тарималжуулах ажилд зарцуулжээ. "Ингэж таривал ийм болж байна. Ийм хугацаатай таривал тэдэн жилийн дараа ургацаа өгөх юм байна. Ийм талбайд, тэр нөхцөлд" гэх мэтээр янз янзаар туршиж, тарьж үзсээр ихэнх хугацааг өнгөрөөсөн байна. Цаг хугацаа ихээр зарцуулсан энэ хөдөлмөрөөрөө Баярсайхан бахархаж явдаг. Учир нь тэрээр удам дамжиж ирсэн, аавынхаа бүтээлийг үргэлжлүүлж, илүү чанаржуулж, сайжруулахыг л зорьсон гэнэ. Баруунбүрэнд эднийх 5 га газартай бөгөөд тэнд тарималжуулах ажлаа хийдэг  аж. Гэвч бүх талбайгаа ашиглаж чадахгүй байгаа гэлээ. Тэрээр мэргэжлийн хүмүүсээс, байгууллагуудаас их юм сонсож, үзэж харж, туршлага судалсан байна. Санаа авахаар ч зүйлүүд их байсан гэнэ. Ингэж тарималжуулахдаа сайн хашаажуулах хэрэгтэй юм байна гэдгийг анзаарч авчээ.

 

Эднийх хоёр төрлийн ургамлаа тарималжуулаад патентжуулсан байна. Мөн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа учраас шинжилгээнд байнга хамрагдаж, он оноор нь хамрагдсан шинжилгээний үзүүлэлтүүдээ архивлаж хадгалдаг гэв. Түүнчлэн монгол цайны стандарт гэж байдаг учраас түүгээр цайгаа үйлдвэрлэж, “Үжээд” компанийн “Сэлэнгэ” цайны стандартыг боловсруулан баталгаажуулжээ. Нутаг орны байгаль газарзүйн байршлаас шалтгаалаад ургамлын төрөл, чанар ч өөр өөр байдаг байна. Эдний бүтээгдэхүүн чанарын баталгааг хангасан үндэсний тохирлын гэрчилгээтэй аж. Энэ нь Монгол Улсын стандарт, чанарын баталгаа хангасан бүтээгдэхүүний гол баталгаа болж чадсанаараа давуу юм. Цаг хугацаа зарцуулж босгосон үйлдвэрлэлийн ажилдаа байнгын ажилладаг дөрвөн хүнтэй. Улирлын чанартай 20-иод хүн ажиллуулдаг байна. Цай хураалтын ажил намар 8 дугаар сард таардаг болохоор гэр бүлээрээ очиж ажилладаг хүмүүс олон байдаг гэнэ. Нэг хүн дээд тал нь сая төгрөгийн ажил хийчихвэл тэр гэр бүл 3-4 сая төгрөгтэй болох жишээний. Гол нь хийснээр нь, кг-аар нь үнэлээд хөлсийг нь өгдөг аж.

Жилд найман тонн орчим цайны ургамал түүж авдаг гэнэ. Таван тонн цайны ургамал түүгээд хатаахад нэг тонн болдог байна. Аавынхаа хөлс хүчээ зориулан эхлүүлж, үлдээсэн өв баялгийг ашгийн нүдээр харалгүй, үргэлжлүүлж авч яваадаа сэтгэл тэнэгэр явдаг гэж тэрээр хэлсэн. Бас цайгаа Сэлэнгийн брэнд бүтээгдэхүүн болгож, маш их урам авчээ.

 

Бид байгаль эхтэйгээ зөв харьцаж, ашиглах зүйлээ зөв авч байх хэрэгтэй

Баярсайхан цайгаа Улаанбаатар, Дархан-Уул, Дорноговь, Сэлэнгэдээ борлуулж байна. Хамгийн их борлуулалттай нь “Сэлэнгэ шимт” цай бөгөөд “Дэлгэрэх”, “Нохойн хошуут”, пакеттай гээд цайг хүмүүс их авч байгаа гэв. Одоо пакеттай цайгаа илүү сайжруулахаар төлөвлөсөн гэв. Ажилсаг залуу Н.Баярсайхан нэг зүйлд сэтгэлээ чилээж явдаг гэсэн. Учир нь хүмүүс ургамлыг тухайн үед ашиг олохоо бодоод эргээд ургахааргүй болгочихдог гэнэ. Тухайлбал ганга гэдэг ургамлыг гамгүй устгаж байгаа. Бид байгаль эхтэйгээ зөв харьцаж, ашиглах зүйлээ зөв авч байх хэрэгтэй. Үндсийг нь устгалгүй эргээд ургах боломжийг нь хангах хэрэгтэй л дээ. Тиймээс бүр шинэлэг, сүүлийн үеийн органик цайг шинээр гаргаад Сэлэнгийн брэнд болгоё л гэж бодоод байна даа. Нутгийн иргэдээ хамруулснаар байгаль хамгаалалт давхар явагдана. Тухайн хүмүүс байнгын орлоготой болно гээд давуу тал их бий. Түүний ханийг Чойжилын Отгончимэг гэдэг аж. Тэрээр ОХУ-д гэр ахуйн цахилгаанчин засварчнаар төгсчээ. Ахуй үйлчилгээнд ажиллаж байсан байна. Одоо компанийнхаа буудлыг хариуцан ажиллуулдаг байна. Эднийх нэг охин, хоёр хүүтэй, хоёр зээтэй, өнөр өтгөн болжээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.129.72.176)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.