Бикини модель Г.Оюунгэрэл: Фитнессийн спорт зөвхөн эрчүүдийн спорт биш
Б.Баабар
Ярилцлага
/
2020-10-30
Энэ удаагийн ярилцлагын буландаа Фитнесс тамирчин Г.Оюунгэрэлийг урин ярилцлаа. Тэрээр 92 кг-аас 48 кг хүртэл турж өөрийгөө ялан дийлж чадсан өсөх ирээдүйтэй тамирчдын нэг юм.

Та өөрийгөө танилцуулахгүй юу?

Намайг Оюунгэрэл гэдэг. Би Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд Гантогтох гэдэг айлын хоёр дахь охин болж мэндэлсэн. Бага насаа Цагааннуур сумандаа өнгөрөөсөн. Дархан хотод анагаахын сургуульд 2012-2015 онд Эм найруулагч мэргэжлээр төгссөн. Мөн уламжлалтын эмч мэргэжилтэй.

Фитнессээр хэдий үеэс эхэлж хичээллэж эхэлсэн бэ?

Ерөнхийдөө би их жинтэй 92 кг жинтэй байсан. Эмэгтэй хүн гэдэг утгаараа гоо зүй, бие галбиртаа анхаарна. Тэрнээсээ их санаа зовдог байлаа. Одоогоос таван жилийн өмнөөс жингээ бага багаар хасаад 67 кг-тай анх “Empire” гэдэг бялдаржуулах төвд хичээллэж эхэлсэн. Эхний хоёр жил зүгээр биеэ халаах энгийн дасгалууд хийх, зам дээр л явдаг байсан юм. Өнгөрсөн оны 3-р сараас ер нь тэмцээнд ороод үзье, тайзан дээр гараад үзье гэж зориод тэмцээнд бэлдэж эхэлсэн.

Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээж авсан бэ?

Ер нь их дургүйцсэн байдалтай хүлээж авсан. Эмэгтэй хүнд булчин зохихгүй, дэмий зүйлээр цаг үрлээ, амжилтанд хүрэхгүй, чиний явдаг спорт биш гэх мэтчилэн их дургүйцсэн. Эхэндээ нууцаар явдаг, их нуудаг байсан. Нуудаг байсан маань ч учиртай. Арван жилийн сурагч байхдаа тархиндаа их хүнд бэртэл аваад биеийн тамирын хичээлд ч ордоггүй тийм хүүхэд байлаа. Тийм шалтгаантай байсан учраас гэр бүлийнхэн маань хүлээн зөвшөөрдөггүй байсан. Спорт гэж ямар агуу зүйл байдгийг энэ спортоор хичээллэсэн цагаасаа л ойлгож байна.

    

Оролцож байсан тэмцээнийхээ талаар яриагаа үргэлжлүүлье. Анхны тэмцээндээ хаана оролцож байв.

Анхны тэмцээнээ алтан медальтайгаар эхлүүлж байлаа. Анхны тэмцээн болоод ч тэр үү их догдлолтой, их хариуцлагатай, сандралын байдалтай орсон. Анхных гэхэд их амжилттай, цааш цаашдаа илүү ихийг хийх хүсэл зорилго нэмсэн хариуцлага хүлээлгэсэн тэмцээн болсон. Тэрний дараагаас улсын аваргын “Фит модель” гэдэг ангилалд ороод тусгай байр эзэлсэн. Тэгээд би ангилалаа солиод “Бикини модель” ангилалд орж эхэлсэн. Их сургамжтай тэмцээн болсон. Их олон зүйл дээр илүү их ажиллах ёстойгоо ойлгож алдаа дутагдлаа засч эхэлсэн. Гурав дахь тэмцээн нь өнгөрсөн жил Оюутны аварга шалгаруулах тэмцээнд оролцсон. Ер нь тэмцээнээс тэмцээний хооронд улам илүү туршлагажиж байгаа. Монголын фитнессийн нэгдсэн холбооноос зохион байгуулсан “Хотын аварга шалгаруулах” тэмцээнээс хүрэл медаль хүртсэн. Улам их шаргуу бэлтгэл хийнэ, шантрахгүй, спортын мастер авч аав ээжийгээ баярлуулахыг л хүсэж явна.

Эмэгтэй фитнесс дотроо хэдэн төрөлтэй байдаг юм бэ?

Фитнесс модель, боди, бикини модель, фит модель гээд төрлүүд ангилалтай. Бодибилдинг фитнесс нь дотроо хоёр холбоотой. Бодибилдинг фитнессийн нэгдсэн холбоо, Бодибилдинг фитнессийн холбоо гэж хоёр холбоо байгаа. Додингтой буюу өөрийнхөөрөө гэж хуваагддаг. Допингтой гэдэг булчин ургуулах тариа хэрэглэдэг ч юм уу, элдэв янзын бэлдмэл хэрэглэж өөрийгөө бэлддэг бол, өөрийнхөөрөө гэдэг нь яг л өөрөө булчингаа чангаруулдаг, хөгжүүлдэг, хоол хүнсээрээ ч зохицуулж бэлтгэл хийдэг. Тэмцээний хувьд бол хоёр холбоо маань дотроо өөр өөрсдийн батлагдсан журмаараа тэмцээнээ зохион байгуулдаг. Ангилалууд нь өөр өөр байдаг. Боди гэхээрээ жаахан булчинлаг, бикини төрөл нь зөв галбирийг хардаг, харин фит модель нь загварын тал руу гаа байдаг. Би бол бикини модель төрлөөр нь хичээллэдэг.

Манай тамирчид гадны уралдаан тэмцээнд оролцоод их өндөр үнэлгээтэй ирдэг л дээ? Таны хувьд гадны тэмцээнд оролцдог уу?

Улсын аваргаас шалгарсан тамирчид Ази, Дэлхийн аваргын тэмцээнд явдаг. Тамирчин хүн болгоны шүдний өвчин нь зардлын асуудал байдаг. Улсаас Олимпийн төрлийн тамирчидаа дэмжээд улсаас зардал мөнгийг нь шийдээд өгчихдөг. Бидний хувьд 100 хувь өөрийн зардлаар гадагшаа тэмцээнд явдаг. Гэхдээ энэ жилийн хувьд цар тахалтай байгаа учраас ихэнхи тэмцээнд оролцохгүй. Манай улсын аварга шалгаруулах тэмцээн ч гэсэн хойшлогдоод саяхан болж өнгөрсөн.

Фитнессээр хичээллэдэг хүмүүс хооллолтондоо ихээхэн анхаардаг. Таны араас энэ спорт руу орох гэж байгаа охидууддаа юу гэж зөвлөмөөр байна?

Хоол хүнсний хувьд асар том ялгаатай. Нүүрс ус, идэж байгаа калорийн хэмжээгээ тохируулах, ажил амралтаа сайн зохицуулах гээд их ялгаатай. Хоолны хувьд тэмцээнд бэлдэж байгаа, тэмцээний өмнө л тахианы цээж мах, өндөгний цагаан ч гэдэг юм уу нарийн хоолнууд хэрэглэдэг. Тэрнээс биш учиргүй өдөр болгон хэрэглээд байдаггүй. Өндөг, тахианы махнаасаа хүн уургаа нөхдөг гэж ойлгож болно. Энэ спортоор хичээллэж байгаа хүн өөрөө тодорхой хэмжээний эрүүл мэндийн мэдэгдэхүүнтэй байх хэрэгтэй. Хэн дуртай нь ирээд хичээллээд байна гэсэн үг биш л дээ. Өөрийнхөө эрүүл мэндийг дээд зэргээр анхаарч байх хэрэгтэй.

Фитнесс төвүүдийн үйл ажиллагааны тал дээр та  бодолтой явдаг вэ? Дундаж төлбөр нь хэд орчим байдаг вэ?

Нэг үеэ бодвол их аятайхан болчихсон. Төлбөрийн хувьд янз янз. Ашиглагдаж байгаа тоног төхөөрөмжүүдээсээ шалтгаална. Тоног төхөөрөмжүүд нь муу байвал хямд төлбөртэй, сайн байвал өндөр байна гэж ойлгож болно. Мөн дээрээс нь хувийн багштай байх уу, байхгүй юу гэдгээсээ бас шалтгаална.

Урилга хүлээн авч ярилцсанд баярлалаа.

Баярлалаа. Танай сайтын хамт уран бүтээлийн амжилт хүсье.

 

  

 

    

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.98.190)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.