Д.Бум-Очир: Боловсролын яам сэхээтнүүдээ цөлж барилгыг нураагаад ГАЗРЫГ нь НАЙМААЛЦАХ гээд байгаа юм биш биз
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-11-04

МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор Дуламын Бум-Очиртой Боловсрол, Шинжлэх ухааны яамнаас сүүлийн үед гаргаад буй мэдэгдлүүдтэй холбоотой асуудлаар ярилцлаа.

-Аливаа улсын Боловсролын яам тухайн улсынхаа боловсон хүчнийг мэдлэгээр хангах үүрэгтэй бөгөөд боловсролын бодлого гаргадаг гол байгууллага. Сүүлийн үед Их дээд сургуулийн сургалтаас Монгол хэл, түүхийн хичээлүүдийг хасах тухай мэдээлэл хийсэн байдаг. Та бол улсын их сургуулийн багш, судлаач хүн. Хувь хүнийхээ хувьд яамны энэ шийдвэрт ямар байр суурь илэрхийлэх вэ?

Би энэ Боловсролын яамны сүүлийн үеийн зарим мэдэгдлүүдийг үнэхээр ойлгохгүй байгаа. Салбарын бодлого тодорхойлдог гол байгууллага байж элий балай юм ярихаар нь өмнөөс нь ичих юм.  Тухайлбал түүх, Монгол хэлний хичээлийг хасах тухай ярьсан байгаа юм. Гол шалтгаан нь 10 жилийн сургуульд түүх, Монгол хэлний хичээлийг үзчихдэг болохоор дахин судлах шаардлагагүй гэсэн агуулгаар юм шиг байна лээ. Уучлаарай энэ хоёр хичээлийг яагаад ч хасаж болохгүй.

-Саяхан тус яамнаас мөн хотын төвлөрөлийг бууруулахын тулд зарим их дээд сургуулийг бүсчилж хотоос гаргах бодлого баримталж буйгаа хэвлэлийнхэнд өгсөн. Энэ дагуу эхний ээлжид ШУТИС-ийг Эрдэнэт рүү, ХААИС-ийг Дархан руу гэх зэргээр орон нутаг руу гаргах юм гэсэн. Энэ боломжтой хувилбар уу?

Ийм зүйл хийж болохгүй. 1937 оных шиг СЭХЭЭТНИЙ ЦӨЛЛӨГ гээч зүйл болно. Яагаад болохгүй гэж үзэж байгаа шалтгаанаа тоочиж хэлье. Их дээд сургууль бол хэдэн багш хичээл заагаад сууж байдаг тийм салбар биш. Шинжлэх ухаан, технологи, улс орны, төрийн бүхий л салбарт оролцож байдаг, тодорхой үүрэг гүйцэтгэдэг ийм том салбар. Тэгэхээр ийм идэвхтэй хүн амаа алдах эрсдэлтэй. Хоёрдугаарт, Дээрх сургуулиудийг нүүлгэлээ гэхэд багш нар нь дагаж явах боломж байхгүй. Өөрөөр хэлбэл хүний нөөцөө алдана. Гуравдугаарт, Оюутнуудаа алдана. Оюутнуудын дийлэнх нь хотод буюу суурин газар ажиллах, сурах сонирхолтой. Ядаж хичээлийнхээ хажуугаар цагийн ажил хийхэд ч боломжтой. Төгсөөд хотод л ажилд орно шүү дээ. Ийм боломжоо тэд алдахыг дэмжихгүй. Дөрөвт, Улсын их дээд сургуульд суралцах оюутнуудын тоо эрс нэмэгдэнэ. Багш нар нь ч хувийн сургуульд л очино. Тавдугаарт, сургуульд цагаар хичээл заадаг багш нар орон нутаг руу явж чадахгүйд хүрнэ. Зургаад, Их дээд сургуулиудыг хотоос гаргаснаараа түгжрэлийг буулгах гээд байгаа юм уу, яг яах гээд байгаа юм бэ. Оюутнууд нь бүгд автомашин унаад байгаа юм уу хаашаа юм. Нэг зүйлээ тодорхой болго. Үнэхээр тийм гэж үзэж байгаа бол МУИС-аас олон оюутантай хувийн их дээд сургуулиудаа эхлээд нүүлгэ л дээ. Зах зээл дээр төрийн сургуулиуд чинь хувийн сургуулиудтайгаа өрсөлддөг байхгүй юу. Гэтэл боловсролын яам бидний өрсөлдөгч нарт давуу тал олгодог.

-Сэхээтнүүдийг устгах бодлого гэж та хэлэх гээд байна уу?

Тухайн улс орны хөгжлийг авч явдаг хүмүүс бол СЭХЭЭТНҮҮД шүү дээ. Сэхээтний цөллөг болгож, тархи толгойноос нь эхлэн хуйхлах бодлого яагаад гаргах гээд байгаа юм бэ. Коминтерний үеийн зүйл хийх гээд байна. Улсын бүх их дээд сургуулиуд хамтарч ажиллах ёстой. Олон улсын жишиг ч ийм байдаг. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн их сургууль болохын төлөө урагшаа хараад явах ийм л зорилго бий. Их сургууль гэдэг бол өөртөө аль болох олон төрлийн, мэргэжлийн сургуулийг бий болгосон байх гэсэн стандартыг байгуулахын тулд ажиллаж байхад яамны бодлогоор хойш нь татаад байна. Яг ямар асуудлыг шийдэх гээд байгаагаа яам нь тодорхой болгоогүй. Эсвэл их сургуулиудыг хөгжүүлэх гээд байгаа юм уу... Би бол ийм талаас нь олж харахгүй. Тодорхойгүй ийм зүйл гаргаж ирнэ гэдэг чинь цаанаа хардлага төрүүлээд байна. Би хувьдаа бол их дээд сургуулиудыг орон нутаг руу нүүлгэчихээд газрыг нь авах гээд байгаа юм байна гэж үзэж байна. Энэ олон барилга байгууламжуудыг нурааж зарах нь... Манайх чинь хуучны барилгуудыг нураадаг зуршилтай шүү дээ. Нэгэнт баригдсан соёлын өвийг нураах замаар түүхийг устгадаг ийм замналтай болчихсон. Улаанбаатар хот үе үеийн дарга нарын мөнгө олдог гол объект гэдгийг бид мэднэ шүү дээ. Ийм л зүйл байгаа гэж хардаж байна.

-Сүүлийн үед төрийн өмчийн их дээд сургуулиудын нэрийг гадны хөрөнгө оруулалттай сургуулиуд давхардуулж авах, ашиглах тохиолдол ихэслээ шүү?

Энэ бол үндсэндээ луйвар ш дээ. Брэнд нэрээ хулгайлуулаад байгаа нь их сургуулиудад тулгамдаж байгаа нэг бэрхшээл. МУИС, ХААИС, АШУИС гэх мэт дархлаа болсон энэ нэрийг гадныхан орж ирээд шууд лоббидоод хулгайлж аваад байгаа юм. Шууд утгаараа шүү. Хэн нэг иргэн аж ахуй нэгж байгуулаад түүнийгээ улсад бүртгүүлэх гэхээр таны эзэмших хуулийн этгээдийн нэр давтагдаад байна, англи орчуулга нь адилхан байна гээд буцаадаг. Гэтэл Монголын Үндэсний Их сургууль гэдэг байгууллага манай их сургуулийн нэрийг хулгайлаад, луйвардаад, улсын бүртгэлийнхэнд авлига өгөөд авчихсан байна ш дээ. Үүнд авлигаас өөр шалтгаан олдохгүй байна. Анагаах, Улаанбаатар гээд сургуулиудын нэрийг мөн адил ийм аргаар авсан. Бренд нэрээ зөв зүйтээгээр нь авч үлдэж чадахгүй, өрсөлдөх чадвар султай байгаад бидний алдаа бас байгаа байх. МУИС-тай хамтарч ажилладаг гадны байгууллагууд андуураад  МҮИС гэгчтэй андуураад гэрээ хэлцэл хийчихсэн тохиолдол гарч байсан. Үнэхээр ичмээр, үнэхээр шившигтэй байдалд орно. Хөл толгой нь алдчихсан. Замбараагүй, авлигад идэгдчихсэн гэдэг нөгөө тэр муу нэрээрээ л олон улсад дурсагдана. Ийм зүйл болж байхад манай Боловсролын яам тоогоогүй л юм даа...

-Дэлхийн анхаарлын төвд байгаа нэг зүйл бол Өвөрмонголд Монгол бичгээр хичээл үзэх сургалтыг үгүй хийж байгаа үйлдэл. Харамсалтай ч гэмээр нэг зүйл болчихлоо. Өвөрмонголчууд бол Монгол бичгийн хэрэглээтэй цор ганц ард түмэн. Гэтэл тэдний дээд өвөг гэгддэг Монголчууд бид монгол бичгээ тоох ч үгүй байдаг.  Та үүнд ямар санаа бодолтой явдаг вэ?

Хувийн байгууллагад байгаа хүмүүс дор бүрнээ үзэл бодлоо илэрхийлж болоод байна. Төрийн албан хаагчид энэ тухай ярихаар хоёр улсын дипломат харилцааны асуудал хөндөгдөх гээд байх шиг байгаа юм. Бид нар шууд Хятадын дотоод асуудал оролцоно гэж юу ч байхав. Бид чадах ч үгүй.  Яг ийм үед манай улс ямар хариу үйлдэл үзүүлж байх ёстой вэ гэвэл бид дотроо Монгол хэл бичиг, түүх соёлын асуудлыг тултал нь дэмжиж хариуг нь барих хэрэгтэй. Гэтэл нөгөө Боловсролын яам нь Хятадын төрийн бодлогыг дэмжиж байгаа юм шиг Их дээд сургуулийн сургалтын хөтөлбөрөөс монгол хэл, түүхийн хичээлийг хасъя гээд явж байна. Аль улсын бодлого манай улсад хэрэгжээд байгаа юм бэ гэмээр бодол төрж байна. Гэтэл 2021 оноос хос бичигтэн болно гэсэн хууль нь хэрэгжиж эхэлнэ. Энэ яамны бодлогыг хэн гаргаад байгаа юм бэ... Ямар зорилго чиглэлээр ийм бодлого, хөтөлбөр хэрэгжүүлээд байгааг бүүр ойлгохгүй байна.

-Угаас энэ Боловсролын яамд монгол гэсэн бодлого байдаг юм уу. Нэг сайд гарч ирээд л Японы, Америкийн, Английн гээд баахан хөтөлбөр хэрэгжүүлдэг шүү дээ?

Ямар ч мэдрэмж алга. Жаахан ч гэсэн мэдрэмжтэй баймаар байна. Үндэснийхээ хөтөлбөрийг олон улсын хэмжээний хөтөлбөр болгоно гээд зогсох төрийн түшээ ч алга. Хаа байсан Кембриджийн тогтолцоог зөв гээд ярьж байна. Ийм байхаар чинь биднийг хэн тоох юм бэ. Сургалтаа англи хэлээр явуулна гээд байх юм. Бид хэл соёлынхоо эзэн нь байж чадахгүй байна. Байгаа онохгүй, тэс өөр юм яриад байдаг. Шившиг болмоор эсвэл Хятадын бодлогыг хэрэгжүүлээд байгаа юм шиг л төөрсөн үйл явдал болж байгаад харамсаж байна. Монголд гадны олон хөтөлбөр хэрэгжиж байгаа. Манай улсын боловсруулсан ЦӨМ ХӨТӨЛБӨР бол тийм ч муу биш. Үндэсний хөтөлбөр бий юу гэвэл бий. Харин улам сайжруулах, хэрэгжүүлэх тухай л ярьж байгаа. Нэр томъёог нь англи, монголоор нь сайхан хөрвүүлээд явчих хэрэгтэй. Бид кембридж гэсэн брэндэд мөнгө төлж байхаар ЦӨМ хөтөлбөртөө л хөрөнгө оруулалт хийчих нь зүйтэй юм шиг санагддаг.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.128.95.20)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.