Я.Содбаатар: 2020 он дуустал дахиж ХЯТАД ИРГЭДИЙГ оруулахгүй
Ярилцлага
/
2020-11-07

Улсын онцгой комиссын дарга бөгөөд Монгол Улсын шадар сайд Я.Содбаатараас Коронавирусийн цаг үеийн асуудал болон түүнээс хамгаалахад УОК-с ямар шийдвэр гарган ажиллаж байгаа талаар тодрууллаа.

Манай улс коронавирусийг дотооддоо алдалгүй өнөөг хүрлээ. Энэ бол урьдчилан сэргийлэлт, хамгаалалт сайн байгаатай холбоотой. Гэхдээ эрсдэлтэй нөхцөл байдалд зарим хилийн боомтууд ажиллаж байна шүү дээ?

Өмнөд хөршид харьцангуй намдаж байгаа бол хойд хөршид өдөр бүр нэмэгдэж байгаа гэсэн олон улсын мэдээлэл авсан. Ялангуяа манай улсын хил залгаа мужуудад аюул улам нэмэгдсээр байгаа. 11 сарын 01-нийг хүртэл манай улс ОХУ-тай дөрвөн боомтоор харьцаж байсан. Тэдгээрээс гурав нь ачаа тээврийн боомт байсан. Одоо бол зөвхөн Дорнодын Эрээнцавын боомтоор л галт тэрэгээр ачаа зөөхөөр болсон. Цагааннуур, Боршоо боомтуудыг 21 хоног хаасан. Жолооч нараас Ковидийн халдвар илэрсэн учраас тэр. Баян-Өлгийн аймгийн Цагаан нуурын боомтоор нефьт, малын хивэг тэжээл зэрэг орж ирдэг. Тодорхой нөөц манайд байгаа учраас 21 хоногийн дараа зохицуулалт хийе гэж ОХУ-тай тохирсон.

Алтанбулаг боомтыг хаах уу?

Алтанбулаг боомтыг хаахгүй. Экспортын гол хөдөлгөгч нь энэ боомт шүү дээ. Хаах юм бол манайх хүнсний дутагдалд орох эрсдэлтэй. Тийм учраас ачаа тээвэрч нэвтэрнэ, хэрэглээний тээвэр ч явна. Халдварын эрсдэл өндөр байгаа учраас бид яг хилийн боомтын ойролцоо карантены тусгай зоон байгуулна. Тэр бүсэд гаднаас ирэх болох гарах ачааг ариутган халдваргүйжүүлэх, сэлгэн ачих зэрэг ажлыг хийнэ. 12 дугаар сарын 01-нээс энэ ажил үндсэндээ жигдэрнэ.

Хамгийн өндөр эрсдэлтэй нэг салбар бол эмч, эмнэлгийн ажилтнууд байна. Тэдний аюулгүй байдлыг хэрхэн хамгаалж байна вэ. Эмч нарын хүний нөөц хангалттай байна уу?

Дэлхийд Ковидын халдварыг дотооддоо эмч эмнэлгийн ажилтнуудаасаа алдсан, тархаасан ийм улсууд бий. Манай улс бол харин тийм зүйлгүй. Зөөвөрлөгдөн ирсэн халдвартай иргэнийг эмчилж байгаа ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн эмч нарын ар гэр, нийгмийн асуудлыг онцгойлон анхаарч байгаа. Илүү цагийн хөлс, хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцанд хамруулах зэрэг арга хэмжээ авч байгаа. Эрүүл мэндийн байгууллагуудын халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлыг сайн сахиж байгаа. Галын шугамд ажиллаж байгаа бүх эмч сувилагч битүү өмсгөлтэй, шинжилгээний халдваргүйжүүлэлттэй орчинд эмчилгээ хийж байгаа. 14 хоног тусгаарлагдаад эргээд эмчилгээгээ хийж байгаа. Хүн л юм чинь ядарна, туйлдана. Тийм учраас хангалт, нөхөн олговор, амин дэмээр байнга хангадаг.

Дараагийн нэг чухал зүйл тусгаарлах байр. Хүрэлцээ хангамж, эрүүл, аюулгүй байдал нь ямар байна вэ?

Өнөөдрийн байдлаар 59 тусгаарлах байранд иргэдийг хүлээн авч байгаа. Гадаадаас татан авч байгаа өөрийн улсын иргэд болон ажиллах хүч болон орж ирж байгаа хүмүүс гээд. Дарга байна уу, цэрэг байна уу, үл хамааран Ерөнхийлөгч нь хүртэл тусгаарлагдаж байгаа.

Тусгаарлах байрнаас алдахгүй гэхийн бүрэн баталгаа бий юу?

Тусгаарлах байрны эмчилгээ, үйлчилгээ, арын алба гээд нэг өдөрт 3000 гаруй хүн ажиллаж байна. 21 хоног дуусаад дараагийн ээлжний иргэд ирнэ. Бид аль болох л халдваргүйжүүлэлт, аюулгүй байдлыг хамгаалах гээд хичээж байгаа. Дотооддоо алдаагүй учраас иргэд маань ч тайван байна. Гэхдээ амны хаалтаа сайн зүүж, гараа угааж, эрсдлээс өөрийгөө хамгаалахад анхаарах нь илүүдэхгүй.

Хятад улсын иргэд их хэмжээгээр ирж байна гэдэг иргэдийн гомдол, хардлага их байна. Уг нь хилээ хаачихсан, гадны иргэдийг оруулахгүй гэсэн шүү дээ?

Засгийн газраас гадны иргэдийг аль болох хүлээж авахгүй байх, дотоодын ажилчдынхаа нөөцийг дайчлах гэсэн бодлого баримталж байгаа. Сүүлийн нэг жилийн хугацаанд гадаадын ажиллах хүчний тоог эрс багасгасан. Гэхдээ Дарханы зам, Нисэх буудал, Цэвэрлэх байгууламж, Эх нялхасын хоёрдугаар салбар, эрчим хүчний төслүүдэд зайлшгүй гадны мэргэжилтнүүд хэрэгтэй байгаа. Гэрээ хийхдээ гадны ажилчдыг ажиллуулахаар тусгасаны дагуу тэд ирсэн. Мэргэжсэн инженерүүд, тооцооллын ажилтнууд л зөвшөөрөлтэйгөөр нэвтэрч байгаа. Эрчим хүчний төсөлд бол Оросууд ирж байгаа. Яг өнөөдрөөс эхлээд БНХАУ-с ямар нэг төслийн зорилгоор нэг ч мэргэжилтэн он дуустал оруулж ирэхгүй.

Гаднаас нийт хэдэн хүн орж ирсэн юм бэ...?

Гаднаас 1000 гаруй иргэн манай улсад орж ирсэн. ААН-үүдээс 3000 шаруй гадаадын ажиллах авъя гэсэн хүсэлт ирүүлсэн. Бид аюулт нөхцөл байдлыг харгалзаж үзээд оруулахгүй байх чиглэл өгсөн. Нийтдээ 37 орны иргэд манайд ажиллах боломж байгаа. Ирэх жилээс ямар аж ахуй нэгж ямар ажилд аль улсын хэдэн хүнийг авах гэж байгаа тухай мэдээллийг зарладаг болно. Хуулиндаа Засгийн газраас квотыг нь тогтоодог. Хэдэн мянгаараа орж ирдэг байсныг энэ жил цөөлсөн. Монголын залуучуудын ажлын байрыг булаасан зүйл байхгүй.

ДЭМБ-ын тэргүүн Монгол улсын жишгийг дэлхий дахинд онцлон танилцууллаа. Монголын жишгээр баримтат кино хүртэл хийж байгаа тухай мэдээллүүд байна. Цаашдаа бид ямар төлөвлөгөө стратеги баримтлан ажиллах вэ?

Энэ аюулт цар тахлыг дотооддоо алдаагүй тусгаар улсын нэг нь Монгол улс. Тэр тусмаа манай улсын Ковидын эсрэг авч хэрэгжүүлж байгаа бодлого, дэглэм, халдваргүйжүүлэлт маань олон улсад жишиг болж байна. Монгол төрийн бодлого иргэдийнхээ эрүүл, аюулгүй байдлыг хангахад хэрхэн чиглэж байна вэ гэдгийг л ДЭМБ-аас онцолсон гэж үзэж байгаа. Цаашдаа ч ДЭМБ-ын заавар, дотоодын бодлого төлөвлөгөөгөөрөө явна гэсэн шийдвэртэй байгаа.

УИХ-ын зарим гишүүд тусгаарлалтын 21 хоногийн хугацааг хэт урт байна гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Хугацааг богинсгож болох уу?

21 хоногийн хугацааг өөрчилж болохгүй. Дэлхийд 14 хоногоос дээш хоногт илэрсэн тохиолдол цөөнгүй бий. Манай улсад ч бас тийм байгаа. 216 улс дотооддоо халдвар алдсан. Судлаачдын гаргаж ирсэн хугацаа шүү. Гаднаас 1700 хүн ирэхэд дотооддоо алдах тохиолдол нэг хувь байна гэж үзсэн.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.49.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.