Д.Сумъяа: МОНГОЛ ХЭЛНИЙ зөв бичгийн дүрэм өөрчлөгдсөн зүйл огт байхгүй. Харин шүүмжлээд байвал МӨХӨХ аюултай
Ярилцлага
/
2020-11-10

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Хэл Зохиолын Хүрээлэнгийн "НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР"-өөр тус хүрээлэнгийн Төвд судлал салбарын эрхлэгч профессор Д.Сумъяатай Монгол хэл бичгийн орчин цагийн хэрэглээний асуудлаар ярилцлаа. Тэрбээр "Монгол хэл устах гээд байгаа хүнд хэцүү байдалд орсон зүйл байхгүй. Хэвийн явж байгаа зүйлийг шүүмжлээд байхаар Монгол хэлний зөв бичихийн дүрэм төвөгтэй юм шиг болчхоод байна" гэдгийг тодотгосон юм.

 Хэл зохиолын хүрээлэнгээс эх хэлний дархлааг хамгаалахад чиглэсэн ямар бодлого чиглэл баримтлан ажиллаж байна вэ?

Аливаа улс үндэстний тусгаар тогтнолын нэг үндэс бол үндэсний хэл. Тэр утгаараа Монгол улсын Монгол үндэстний тусгаар байхын нэг том баталгаа  нь хэл юм.  Монгол улсад орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсэн хөгжихдөө 1921 оны 11 сард байгуулагдаад хамгийн түрүүнд Судар бичгийн хүрээлэн гэж Монгол хэл утга соёлыг судалж байх хүрээлэнг байгуулсан. Манай хэл зохиолын хүрээлэн бол энэ 100 жилийн түүхэнд Монгол хэлийг эрүүл саруул байх, хөгжих бэхжих бат оршиж байх бодлогыг барьж ирсэн. Бидний 100 жилийн үйл ажиллагаа энд зориулагдаж ирсэн. Нэг талаар хэл бол монгол хэл шинжлэлийн асуудал, зохиол гэдэг нь монгол хэл дээр буй утга зохиол уран зохиолыг судлахад чиглэдэг тийм учраас хэл зохиол судлал болж байгаа юм. Манай байгууллагаас  гаргасан гол гол суурь судалгааны олон бүтээлүүд бий. Хэл зохиолын хүрээлэнгээс  Монгол хэл шинжлэлийн тольнууд  болоод онолын чиглэлтэй  суурь бүтээлүүдийг туурвисан. Уран зохиолын хувьд бол 13-р зуунаас 20-р зууны эцэс хүртэл монголын бичмэл түүхийг бүтээсэн байна.

2021 оноос Монгол хэлний тухай хууль хэрэгжиж төрийн хэрэглээнд Монгол бичиг, крилл бичгийг хослуулан хэрэглэнэ. Манай улс хос бичигтэн болоход  бэлэн үү?

 Одоо хос бичигтэн хөтөлбөрт бид бэлдэнэ. Монголчууд шинэ үсгийг сайн сурсан. Монгол бичгийг сурах хүмүүс, залуучууд олон байна. Тэгэхээр хос бичигтэн болоход асуудалгүй гэж үзэж байгаа. Аливаа зүйлийг харахдаа манайхан хэтэрхий хүндрүүлээд  байдаг. Зөв бичих дүрмийн асуудал дээр нарийвчлаад  байгаа нь хүнд зүйл. Энд “ө” үсэг байх уу “ү” үсэг байх уу гээд л маргалдаад байдаг. Гэтэл тэр зөв бичгийн дүрэм аяндаа тогтсон зүйл. Тэр тогтсон зүйлийг тогтсоноор нь эсвэл аяндаа зохицуулагдаад явна шүү дээ. Эрвээхэй гэдэг үгийг эрвээхий гэж бичих юмуу гээд л “э” “й” хоёр дээр л маргаад байдаг. Ингэж хүндрүүлэхгүйгээр Монгол бичгээ үзээд л явна. Аяндаа тэр хэлний хөгжлийн хууль чинь өөрөө өөрийнхөө дүрмийг тогтоогоод хэрэгжээд явчихдаг.

Сүүлийн үед энгийн хэрэглээний үгнүд өөрчлөгдөж бичигддэг боллоо гэж сошиол орчинд ихээхэн шүүмжлэл дагуулж байна.  Монгол хэлний үг бигийн хэлбэрт яагаад өөрчлөлт ороод байдаг юм бэ?

Монгол хэл маш тогтвортой байгаа. Монгол хэлний үгсийн сан, хөгжлийн зүй тогтол  бол маш тогтвортой өөрийнхөө дотоод хөгжлөөр явж байна. Өнөөдөр Монгол хэл устах гээд байгаа хүнд хэцүү байдалд орсон зүйл байхгүй. Хэвийн явж байгаа зүйлийг шүүмжлээд байхаар Монгол хэлний зөв бичихийн дүрэм төвөгтэй юм шиг болчихоод байна. Тэгэхээр бид нар Монгол бичгийг  мөн адил хүндрэл учруулахгүйгээр уншаад, бичээд явах хэрэгтэй.

 Өвөрмонголд үүсээд буй хэл соёлын асуудлын талаар судлаач хүний хувьд байр сууриа илэрхийлээч?

Өвөрмонголчуудын дунд олон жил очиж ажилласан, хамтарч судалгаа хийдэг. Буриадуудын дунд очиж олон жил багшилсан бас хамтарч ажиллаж байсан. Яг үнэндээ тухайн өөрсдийнхөө нутаг дэвсгэр дээр яг өөрсдөө олон зуун жил амьдарч ирчхээд яг тэр хэлээрээ ярьж хөөрөхгүй л болчвол тэр үндэстэн байхгүй болдог. Буриадын их сургуульд багшилж байхад Буриад хэлний олимпиадын асуулт болон хариулт нь Орос хэлээр байсан. Буриад хэлний төгсөлтийн ангийн оюутны Улсын шалгалтын асуулт нь Оросоор тухайн оюутны хариулт нь Оросоор байсан. Тэгээд харахад Буриадын нутаг дээр Буриад хүмүүс амьдарч байгаа мөртлөө тэд нар Оросын иргэн болцгоосон байсан. Тэрийг хараад миний  сэтгэл их эмзэглэж байсан. Яг үнэндээ 9О оны хувьсгал болоогүй бол бид нар бас яах байсан бол гэж бодож байснаа тухайн үед сонинд ярьж байсан. Тэгэхээр бид аль болохоор Монгол хүмүүс Монгол хэлээрээ ярьж уншиж байвал хамгийн чухал юм. Манай уншигчид Монголын ард түмэн иргэд өөрсдөө Монгол хэлийг хамгаалаг,  бэхжүүлэгч, хөгжүүлэгч хүмүүс Монгол хэл тогтвортой. Манай хүрээлэн түмэн олон болоод түүхийн өмнө Монгол хэлний оршин тогтнох хэвийн байх манаанд зогсох том хариуцлага хүлээдэг. Манайхан бол ажлаа хийж л байгаа. Эмзэглээд Монгол хэл устах гэж байна гээд орилоод л байвал эмзэглээд л байна. Аль болохоор уншигчид, сурагчид, бичээчид, сэтгүүлчид, радио телевиз бүгд монгол хэлний төлөө байдаг учраас айхгүй ичихгүйгээр Монгол хэлээрээ бичиж байх ёстой. Ганцхан үсэгнээс болоод эмзэглээд байвал Монгол хэл мөхнө. Хэдий чинээ нарийвчлаад л байвал Монгол хэл мөхнө.  Монгол хэлээрээ уншаад, бичээд яриал явж байвал Монгол хэл оршино тогтноод л байж байна.

Хэл зохиолын хүрээлэн "Нээлттэй хаалганы өдөр " 2020.11.09 өдөр

  • Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн дарга, шинжлэх ухааны доктор, профессор, ардын багш С.Дулам: Тухайн үгийг анхны бичилтээр нь бичээд гаргаад ирэхээр хүмүүс өөрсдийн дассанаас өөр учраас гайхаад байдаг.

Хэл зүйн дүрмийн асуудал зөвхөн Монгол улсад яригддаг зүйл биш. Дэлхийн олон улсад үг үгсийн зөрүүн дээрх маргаанууд  байдаг. Өнгөрсөн жил манай хэл зохиолын хүрээлэнд Германы судлаач ирсэн. Тэр судлаачтай бид бүхэн яриа хийхэд Герман улс үг үгсийн зөрүүтэй асуудал дээрээ толь бичгээ дагаж зохицуулаад явдаг хэмээн ярьж байсан. Энэ жишгээр харсан ч гэсэн  Монгол улс Монгол хэлний үгсийн толийг гаргасан байгаа. Анхны бичилтийг нь гаргаж ирээд толь бичгийн дагуу үгсийг бичихээр хүмүүсийн өөрсдийн дассанаас өөр тул гайхаад  буруу хэмээн маргалддаг. Зарим хүмүүсийн яриад буй шиг үг үсгийн дүрмийг өөрчлөөд мөнгө олоод байгааг  нотлоод гаргаж ирээд тэр мөнгөө өөрийн болгох хэрэгтэй. Тийм үг үгсийг өөрчлөөд Цэрэнсодном юм уу эсвэл Дулам  ийм хэмжээний мөнгө авсан гээд гаргаад ирэх хэрэгтэй шүү.

  • Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн, Нарийн бичгийн дарга доктор Д.Болормаа Хэл зохиолын хүрээлэнгийн үйл ажиллагааны талаар товч танилцууллаа.

 Хэл зохиолын хүрээлэн нь анх 1921 онд байгуулагдсан. Хэл зохиол судлал,Аман зохиол судлал,Алтай судлал, Төвд судлал, Дурсгалт бичгийн чуулган ,Аман зохиолын чуулган, нутгийн аялгуу судлал чиглэлээр судалгаа шинжилгээний үйл ажиллагаа явуулдаг. Манай хэл зохиолын хүрээлэн нь байгуулагдсан цагаасаа эхлэн монгол хэлний үгийн сан, хэлзүй, толь бичгийн иж бүрэн судалгаа, Монголын эртний болон орчин үеийн судалгаа, шүүмж судлал, Монголын уран зохиолын харилцаа холбоо, сурвалж судлалын чиглэлээр голлон ажиллаж, үндэсний боловсон хүчин бэлтгэх, шаардлагатай сурах бичиг, гарын авлагаар хангах талаар анхаарал тавьж ирсэн байдаг. Өнөөдөр шинжлэх ухааны ажилчдын өдөр тохиож буй учраас энэхүү нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж өөрсдийн үйл ажиллагааг таниулж байгаа юм.

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.143.239.205)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.