Ж.Бат-Эрдэнэ: ШИНЭ ХӨДӨӨ төслийг сум бүрд хэрэгжүүлнэ гэж тооцвол 330 тэрбум төгрөг шаардлагатай
З.Батхуяг
Ярилцлага
/
2020-11-12

УИХ-аас хөдөө аж ахуй, малчид, газар тариалангийн аж ахуйг дэмжих зорилгоор “ШИНЭ ХӨДӨӨ” төслийг улс даяар хэрэгжүүлэхээр болсон. Энэ хүрээнд тус төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

Таны хувьд Булган аймагтаа анх “ШИНЭ ХӨДӨӨ” төслийг санаачлан хэрэгжүүлсэн. Одооямар түвшинд явж байна вэ. Төр засгийн дэмжлэгийг авч чадав уу?

Амжилттай хэрэгжиж байна. Ямар ч гэсэн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт багтсан. Тэгэхээр төрөөс энэ бодлогыг дэмжихээр болсонд баяртай байна. Ирэх дөрвөн жилд энэ хөтөлбөрийн хүрээнд сум тус бүрд үйлдвэрлэл, ажлын байрыг бий болгох зорилготой. Хүнс, хөнгөн үйлдвэрийн гол түүхий эд чинь 330 суманд байгаа юм. Үндсэн эх үүсвэрээс эхлэн хөгжүүлье л гэж байгаа.

Хэрэгжих хугацаандаа хэдий хэмжээний төсөв зарцуулав. Хэдэн ажлын байрыг бий болгов?

Малчид, ногоочид, аж ахуй эрхлэгчдэд тусламж дэмжлэг үзүүлэх зэргээр өнгөрсөн жил анх хэрэгжсэнээсээ эхлэн 4,8 орчим тэрбум төгрөгийг зарцуулжээ. Мал аж ахуйд хэрэгтэй шинэ техник хэрэгслээр хангасан. Зөгий, мал аж ахуй, хүнсний ногооны тоног төхөөрөмж гэсэн үг.

Өнгөрсөн парламентаар мал аж ахуйн хоёр ч томоохон хууль батлагдсан. Энэ бол мал аж ахуйг дэмжих гол бодлого боллоо шүү дээ?

Тийм. Хамгийн чухал нь хууль эрх зүйн орчин. Мал амьтны эрүүл ахуйн тухай, Малын генетик нөөцийн тухай гээд хоёр гол хуулийг баталсан. Үндсэндээ бол малын гаралтай түүхий эдийг гадгаш нь экспортлох эдийн засгийн үйл ажиллагаанд чинь мал эрүүл байх нь чухал. Гадны худалдан авагч маань манай улсаас аль болох эрүүл мал авч байж мөнгө төлнө. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын журманд нийцүүлж байж гадгаш экспортод гаргана. Маш чухал хуулиуд шүү. Одоо бид дотоодын стандартын дагуу үйлдвэрлэл явуулах ёстой.

Хууль эрх зүйн хувьд баталгаатай болчихлоо. Гэвч дотооддоо үнэхээр хүнд байна шүү дээ. Малын арьс, шир ямар ч үнэгүй болчихсон. Эмээлтэд өмхийрөөд байна. Түүхий эдийг яаж үнэд оруулах юм бэ?

Гадаад зах зээлээ л бид нээж өгөх ёстой. Засгийн газрын мөрийн хөтөлбөрт жилд 10 сая малын арьс ширийг бэлтгэж зах зээлд нийлүүлэх үйлдвэрийг байгуулахаар боллоо. Тийм учраас одоо үнэд орно. Хөдөө аж ахуйн яамнаасаа явсаар байгаад малчдад хамгийн сүүлд ашиг шим нь хүрнэ. Мал төллөх, маллах, эдийн засгийн эргэлтэд орох хүртэлх бүх шатанд хяналтын систем хэрэгжинэ.

УИХ-аас үүнийг дэмжих эдийн засгийн хөшүүргийг яаж бий болгох юм бэ?

Дэлхийн стандартад нийцсэн үйлдвэрлэлийг дэмжихийн тулд төрөөс яах аргагүй санхүүгийн дэмжлэг үзүүлнэ. Тэгэхгүй бол зах зээлийн жамаараа яваг гээд хаячихаар ямар ч боломжгүй байна. Тийм учраас хүссэн хүсээгүй төрийн дэмжлэ шаардлагатай болоод байгаа. Үндсэндээ төр хөдөө аж ахуйн салбараа анхаарах ёстой. Үүнд хэдэн төгрөгийн төсөв шаардлагатай байгааг эдийн засагчид, салбар яамныхан тооцож гаргах байх. Хувь улстөрчийн зүгээс бол бүх сумдад арьс шир, нэхий, ноос, мах, сүү гээд нэг нэг үйлдвэр байгуулъя. Тэгэхээр ядаж сум бүрд нэг тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай гэж үзэж байгаа. Тэгэхээр дор хаяж улсын төсөвт 330 тэрбумыг тусгах хэрэгтэй гэж бодож байгаа.

Баярлалаа.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.226.93.114)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.