Монголчуудын “Амиа зан” ба Коронавирус
Нийтлэл
/
2020-11-13

Монголчууд амиа бодох занг хамгийн муухай зан гэж боддог хэрнээ хамгийн муухайгаар амиа хичээдэг хүмүүс .Бусдад  тавьдаг шаардлагаа өөрөө хангаж чаддаггүй хирнээ бусдаас төгс зүйлийг хүсдэг. Аливааг магтаж сайшаахдаа ургаа хад мэт,харин шүүмжлэж зүхэхдээ уургийн морь лугаа адил ханддаг. Бусдыг харанхуйгаар тахин шүтэж, ямар ч үндэслэлгүй мэдээнд дулдуйдаж  хүнийг гишгэх газаргүй амьсгалах агаар амьдрах хүсэлгүй болтол муулдаг. Үгээр хүнийг алж ч болно амьдруулж ч болно шүү дээ. Монголчууд дотооддоо цар тахал алдчихсан энэ үед  цар тахлаас илүү хөнөөлт Монгол хүний амиа, хувиа хичээсэн зангийн талаар бичмээр санагдав.

 Улс үндэстэн болгон өөр өөрсдийн өвөрмөц онцлогтой байдаг.   Жишээ нь Германчууд цагийг дээд зэргээр барьж сурсан зарчимч хүмүүс , Япончууд мөн адил цаг барьдаг дэндүү гэмээр соёлтой бусдадаа хүндрэл учруулахгүй амьдрахыг эрмэлздэг. Солонгосчууд, Хятадууд үнэхээр ажилч ард түмэн гэх мэт тоочоод л байвал улс үндэстэн болгонд өөр өөрсдийн гэсэн өвөрмөц соёлтой байдаг. Харин Монголчуудын давуу тал юу билээ? Бид яагаад нэгэндээ хэлэх урмын сайхан үгийг итгэл сэтгэлийг нь өргөх эрч хүч бэлэглэх инээмсэглэлдээ тийм харам байдаг атлаа хүнээс яааж ийм үг гардаг байна гэмээр муу муухай үгийг хайр харамгүй урсгадаг юм бол. Дэлхийн улс орнуудын инээмсэглэлийн судалгаан дээр Монгол улс нэлээн доогуурт ордог. Энэхүү инээмсэглэлийн индекс олон зүйлийг илтгэнэ. Магтаж магтаж л өндөрт өргөчихөөд өчүүхэн алдаанаас нь болж өрөвдөх сэтгэлгүйгээр доромжилж түүнээсээ кайф авдаг ёс бүүр тогтчихож байгаа юм уу?  Дотооддоо цар тахлыг алдахад хүргэсэн гэгдэж  буй ачаа тээврийн жолооч иргэн “Д” нэгэн сайтад ярилцлага өгчээ. Тэгэхдээ  Би Коронавирус туссанаас илүү хүмүүс намайг хэрхэн хүлээж авч буй бол гэдгээс айж байна хэмээсэн байв. Энэ үг  уншина  суугаа танд нэгийг бодогдуулж буй бизээ. Дэлхийг айдаст автуулан тархаж буй цар тахлаас бус элэг нэгт Монголчуудаасаа айна гэдэг юу гэсэн үг вэ? Нэг талаасаа хайртай дотны хүмүүс болоод эх орондоо цар тахлыг алдах түвшинд хүргэсэндээ харамсаж буй нь ойлгомжтой ч ямар олон хүн харааж зүхэж байгаа бол гэдгээс илүүтэй айж байгаа хэмээжээ. Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яаманд бурууг өгөх эсвэл хужаа нарыг оруулж ирснээс алдлаа гээд бухимдах хүмүүс ч олон байна. Хэн нэгэнд бурууг тохож суух цаг мөн гэж үү? Амь нас хайртай дотны хүмүүсээ эрсдэлд оруулан байж ард олныхоо төлөө, үүрэгтэй үнэнчээр итгэл сэтгэлээр дүүрэн ажиллаж буй нэгнийхээ урам зоригийг энэ хүнд хэцүү цаг үед ядаж битгий унагаагаач дээ. Коронавирус тусаад дээр нь олон хүнд санамсаргүй байдлаар тараасан гэгдэх тэр залуу нөхцөл байдлыг биднээс илүү ухамсарлаж суугаа шүү дээ. Коронавирус туссандаа олон хүн тараасандаа сэтгэл санаагаар унаж яваа нэгэндээ сэтгэлийн дэм өгдөггүй юмаа гэхэд сэмлэхгүй байж болохгүй юм гэж үү? Саяхан л ард олноороо бидэн шиг 21 хоногоор тусгаарлаж буй улс байхгүй байна зогсоо гээд Улсын онцгой комиссыг шаналгаж байснаа яасан хурдан мартаж байна вэ?  Ард олны эсэргүүцлийг хүлээж үзэн ядагдсан ч гэсэн тэд шийдвэрээсээ буцаагүй шүү дээ. Харин нөхцөл байдлыг үндэслээд 14 хоногийн гэрийн тусгаарлалтыг зогсоосноороо буруутгагдаж л сууна.

Хэн буруутан бэ гэдгийг одоо биш дараа нь шүүцгээе !

Одоо харин улс эх орноороо энэ хүнд үеийг эвийн хүчээрээ даваад гарах хэрэгтэй. Нөхцөл байдалд ул суурьтай хандахыг ард олноодоо ахин дахин сануулая. Хүн таван минут хямарч стрессдэхэд дархлаа зургаан цаг дарангуйлагддаг. Тиймээс өөрийгөө болон бусдыг хямраахгүй байх хэрэгтэй. Коронавирус цар тахал эхэлсэн цагаас хойш төр засгаас арга хэмжээ авах үед л ард олон бужигнаж хүнсээ цуглуулах процесс өрнөсөөр ирсэн.

Дэндүү гэмээр тэрслүү бас амиа зан чинь энэ үйл явдал. Вирус өндөр тархаад байсан орнуудад хүнсээ цуглуулах гэж гараад Коронавирус тусаад өрөө дүүрэн хүнстэйгээ гэртээ бурхан болсон хүмүүс их байсан гэх. Харсаар мэдсээр байж энэ түүхийг давтах юмуу, амиа зандаа хөтлөгдөхөөр эрүүл ухаанаар хандаж болохгүй гэж үү? 2012 онд Дэлхий сүйрнэ гэж байхад мөн адил лаа шүдэнз хүнс бараагаа хураагаад бусдыгаа уруу татаж бужигнаад л авсан. Монгол улсыг дэлхийн нэг хэсэг гэдгийг тэрхэн үедээ мартсан ч байж болох юм. Олон нийтийг хамарсан энэ мэт үйлдлүүдэд олноороо хувиа хичээсэн зангийн илэрхийлэл нь ердөө энэ. Хувийн ажил алба, найз нөхдийн харилцаан дунд хувиа хичээсэн зангийн талаар яриад ч хэрэггүй биздээ...

 Эцэст нь хэлэхэд өөртөө хүсдэг сайхан бүхнээ бусдад хүсэж яваарай, өрөөлд ирсэн зовлон бүрийг өөр дээрээ буулгаж ойлгож яваарай, Амиа зан ард олныг минь дотроос нь идэж, олны дунд өргөн тархсанд хамгийн ихээр харамсаж байна. Хэд насална гэж, хэдэн зуун жил амьдарна гэж нэгнээ хэмлэх билээ. Бусдадаа эрч хүч инээмсэглэл бэлэглэцгээе.

Гэхдээ Эх оронд минь муугаасаа илүү сайн зүйлс нь их байдаг гэдэгт би итгэдэг.

Энэ Цар тахлыг даваад гарна гэдэгт ч би итгэж байна.

 Олон олон үндэсний үйлдвэрлэгчид, сүлжээ дэлгүүрүүд барааны нөөц болоод үйлдвэрлэл хэвийн явагдаж буйг мэдээлж, олон олон албан хаагчид өдөр шөнийг ялгалгүй цар тахлын бүсэд ажиллаж буйд нь чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.  Монголчууд хэрэгтэй үедээ нэгдэж чаддаг түмэн. Тиймээс ч Монголын ард түмнийг нэгдэхээс их гүрнүүд айдаг гэдэг билээ. Энх цаг хурдан ирж, ард олноос минь аюул хол өнгөрөх болтугай.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.45.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.