Гэртээ хэд хоног сууна, гэгэлзээд утсаа маажина, гэнэдээд мөнгөө шилжүүлнэ...
Нийтлэл
/
2020-11-13
Гэртээ хэд хоног сууна, гэгэлзээд утсаа маажина, гэнэдээд мөнгөө шилжүүлнэ...
Хөл хорио даган цэцэглэдэг нэг гэмт хэрэг бол онлайн худалдаа. Сүүлийн хоёр хоногт нийт 600 гаруй шинэ аккаунт нээгдсэнээс үүнийг харж болно. Төдий тооны төгрөг мөнгө нэхсэн сошиал худалдааны пэйж нээгдсэн гэсэн үг. За нөгөө түүхгүй, түүхий пэйжүүд гэнэт л амны хаалт, цагаан идээ, мах энэ тэр гээд цаг үеийн хэрэгцээт барааг агаараар борлуулж эхэлнэ. Урьдчилгаа 3000-5000 төгрөг гэхээр хэн хүнгүй итгээд л, инээд алдаад л чухам шилжүүлчихнэ. Бараа байхгүй, эргээд утас нь холбогдохгүй, бараа сураггүй алга болж өгнө дөө. Ихэвчлэн 5-15 мянган төгрөг хүртэлх урьдчилгаа шаардана. Учир нь ийм хэмжээний мөнгөө залилуулсан хүн цагдаад хандаад, өргөдөл бичээд, мэдүүлэг өгөөд явахаас төвөгшөөгөөд чимээгүй өнгөрнө. Гомдол гаргахаас зайлсхийнэ. Гэтэл нөгөө нөхөр аль эрт 25 мянган хүнээс тус бүр 3000 төгрөг аваад, нийт 70 сая төгрөг халааслаад пэйжээ устгаад ор мөргүй алга болж өгнө дөө. Агаарын залилан хийгчдийн арга их нарийн. Нэг дор 20-100 аккаунт нээж орхино. Нөгөөхдөө амны хаалт ховордоод, чухам олдохоо болилоо гээд л пост тавина. Бусад туслах пэйжүүдээрээ дамжуулан шэйрлэнэ. Нийгмийн нэлээд хэсэг нь энэ цуурхалд итгэн, дэнжигнээд эхлэнгүүт гол пэйжээрээ амны хаалт арай бага үнээр бөөндлөө гээд л маналзуулна. Зарим тохиолдолд энэ нь гадныхантай хамтарсан байдлаар хэрэгжинэ. Хамгийн ойрын жишээ гэвэл өнгөрсөн хоёрдугаар сарын хөл хорио эхлэх үед амны хаалт оруулж ирэхээр зориглосон нэг гэр бүлийн хоёр хүн нийт 147 сая төгрөгөө урд хөрш рүү ердөө be чатанд итгээд шилжүүлчихсэн, одоо хүртэл орох, гарах нүхгүй, оноох эзэнгүй, хэрэг нь цагдаа дээр хэрүүл хэлцээн болоод байж байна. Хамгийн хажуугийн жишээ гэвэл дөнгөж өчигдөр амны хаалт авах гээд 35 мянган төгрөг шилжүүлсэн бүсгүй бараа ч байхгүй, бариад авах утас нь ч салгаатай, дэмий хүлээж ядаад Дэмбэрэл цагдаад хандчихсан байна. Хамгийн хоржоонтой жишээ гэвэл саяхан л хүн болгоны дансанд шилжсэн Эрдэнэс Тавантолгойн хувьцааны мөнгөтэй холбоотой залилан. Мөнгө шилжээд эхлэнгүүт хэд хэдэн зальтай нөхөр 3000-5000 төгрөгөөр хувьцааг чинь баталгаажуулан бүртгэнэ гэж шууруулаад нийтдээ 60 орчим сая төгрөгийн залилан хийгээд огторгуйд мөргүй, оготнод үнэргүй алга болоод өгчээ. Эрдэнэс Тавантолгойн албан ёсны пэйж, цахим хаяг байсаар байтал зам зуурын зайгуул зуйгуул хүмүүст итгэж л байдаг. Энэ мэтийн агаарын залилан хөл хорионы үеэр илэрхий гаардаг, инээж байгаад хуурдаг гэдгийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн хэлтсээс анхааруулж байгааг уламжлая. Хоёр хоногт 600 шинэ пэйж нээгдсэн, юу зарж, юу борлуулах зар байршуулж, хэрхэн хэнийг залилахыг таашгүй. Тиймээс сэрэмжтэй байгаарай, шилний цаанаас мөсөн чихэр долоолгодог нөхдүүдийн арга улам төгөлдөржөөд, түмний халааснаас түүртэх юмгүй мөнгө босгоод, мөнчгөрөө аваад зугтаж байгаа шүү. За бүр хамгийн хачин нь нийт 60 сая төгрөг залилсан нөхрийн данс, нэр энэ тэрийг цагдаагийнхан маань цаг нартай уралдан олчихоод байхад л 5000 төгрөг шилжүүлсэн хохирогчдын хэн нь ч гомдол гаргадаггүй, өнөөх залилагч өдөр бүр шинэ пэйжээр шил дээр гараад залилаад явдаг гэвэл яах уу? Цайлган итгэмтгий ард түмэн минь дээ, цагийн цөвүүн, цахимын заваан хоёрт хууртаж, хулгайчдад боломж олгохгүй шүү. Пэйж хуудас нээхэд ганц хором, мөнгө шилжүүлэхэд ганц хором...бод бод. Утсаа маажихдаа учиртай л маажицгаая, яршиг зүгээр. Гэртээ хэд хоног сууна, гэгэлзээд утсаа маажиж таарна, гэнэдээд мөнгө шилжүүлнэ. Гэртээ сууж байгаад будаа гурилныхаа мөнгөөр сайн дураараа торгуулдагаа л больцгооё доо.
Р.Эмүжин
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.217.72.7)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.